Гэрэл зурагчин А.Түмэнжаргал шилдгийн шилдэг 100 зургаа өнөөдөр дэлгэнэ

2014 оны 03-р сарын 14 өдөр, 01 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6fco8vo45mrhkunc0d1mdbe2nl2636921572014-03-14-09-12[www.urlag.mn]

Гэрэл зурагчин А.Түмэнжаргалын “Ариун орноор Төвд”, “Онгон байгаль” хос үзэсгэлэн өнөөдөр 12.00 цагт Уран зургийн галлерейд нээлтээ хийх гэж байна. Ирэх ням гариг хүртэл үргэлжлэх энэхүү үзэсгэлэн нь дан ганц гэрэл зургийн бус дижитал арттай хослуулсан анхных үзэсгэлэн гэдгээрээ онцлог юм.

БНХАУ-ын Тенжин хотод хоёр удаа үзэсгэлэнгээ гаргаж, 2008 онд “Wonders of Mongolia”, 2011 онд “Inspiring Mongolia”, 2013 онд “Savage garden”, 2014 онд “Ариун орноод Төвд” зургийн цомгоо эрхлэн гаргасан гэрэл зурагчин А.Түмэнжаргал ийнхүү эх орондоо хоёр үзэсгэлэнгээ нэгэн зэрэг дэлгэх нь ээ.

Байгаль, хөрөг, хот гэсэн гурвал сэдвээр уран бүтээлээ туурвидаг гэрэл зурагчин маань энэ удаагийн үзэсгэлэндээ шилдгийн шилдэг 100 зургаа толилуулж байгаа бөгөөд түүнийг мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчид Alex.T нэрээр нь сайн таньдаг байна.

Монголын үзэгчдэд Төвд орноор хийсэн гэрэл зургийн аялал нь сонирхол татах нь гарцаагүй юм. “Ариун орноор Төвд” зургийн цомог болон үзэсгэлэн нь түүний “Орхигдсон Ертөнц” төслийн эхний хэсэг бөгөөд дараагийн удаад “Орхигдсон ертөнц-2” буюу Уйгар үндэстний гэрэл зургаар үргэлжлэх юм байна.

Тэрбээр Монголын реклам сурталчилгааны тэргүүлэх агентлаг MGL Design Group компаний үүсгэн байгуулагч, захирал юм. Мөн өөрийн сонирхол хоббины дагуу MGL Design Group компаний охин компани болох “Classic Focus” гэрэл зургийн студийг үүсгэн байгуулж зурагчинаар давхар ажилладаг юм. Түүнчлэн монголын гэрэл зургийн дагнасан сэтгүүл болох “Mongolian Photo news” сэтгүүлд гэрэл зургийн хичээл, зөвлөгөө буланг эрхлэн гаргадаг аж.

Энэхүү үзэсгэлэнг зорин ирснээр та Монгол, Төвдийн онгон байгаль, аж амьдралын тухай 100 орчим шилмэл зургийг үзэж сонирхох бөгөөд А.Түмэнжаргалын хамгийн сүүлд хэвлүүлсэн “Through to the Holy land” гэрэл зургийн шинэхэн цомгийн анхны үзэгч болох юм.

А.Түмэнжаргал өмнө нь гэрэл зургийн үзэсгэлэнгээ Бээжин, Шанхай, Тянженд гаргаж байсан ба, “Through to the Holy land”-аас гадна гурван цомогтой уран бүтээлч юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх