Гайхамшигт Мэрилин Монро

2014 оны 04-р сарын 09 өдөр, 04 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
86

“Ховор яриа” буландаа ХХ зууны хамгийн алдартай жүжигчин, үзэсгэлэнт бүсгүй Мэрилин Монрогийн хэвлэлд өгсөн сүүлчийн ярилцлагыг толилуулж байна.

“Life Magazine” сэтгүүлийн сурвалжлагч Ричард Мэримэн уг ярилцлагыг авснаас хэдхэн хоногийн дараа буюу 1962 оны наймдугаар сарын 5-нд Мэрилин Монро нас барсан тухай харамсалтай мэдээ олонд түгж, Ричард уг ярилцлагаа сэтгүүлийнхээ 1962 оны наймдугаар сарын 17-ны дугаарт “Ганцаардмал бүсгүйн сүүлчийн яриа” нэртэйгээр хэвлүүлсэн аж.

Энэхүү ховор бөгөөд сонирхолтой ярилцлагын эхийг 2007 онд “Guardian” сэтгүүлээс хэвлэн гаргасан “ХХ зууны алдартай ярилцлагууд” номоос авав.

“Something’s got to give” кинонд Мэрилин Монрог тоглуулахаас татгалзсан нь түүнд томоохон цочрол өгсөн юм. Уриалгахан, найрсаг мэт олон харагддаг Мэрилин гэнэт л хэвлэлийнхэн, найз нөхөд, ер нь бүхнээс зугтаж, сураг алдарч, хэсэг зуур чимээгүй байсан билээ.

“20th Century Fox” кино студийнхэн түүнийг өндөр төсөвтэй киноны ажлыг цалгардуулж, дураараа аашилж байна хэмээн хэвлэлээр зэмлэсэн, сүрдүүлсэн мэдэгдэл удаа дараа хийж байхад Мэрилин юу ч хэлээгүй. Хэлээгүйн шалтгаан нь, Монро ахиж кинонд тоглохоос залхсан байлаа. Ердөө л энэ.

Түүний тоглосон кино бүр 200 сая ам.доллараас дээш орлого олж, галзуурсан шүтэн бишрэгчид нэрийг нь дуудан хашгирч, хаа ч очсон олны хайр, хүндлэл, алга ташилтад бүчүүлж байсан тэр үед киноноос хөөгдөнө гэдэг түүнд цочирдом, бас хүлээн зөвшөөрөхөд хэтэрхий увайгүй явдал байсан нь мэдээж.

Хайр дурлал, тоглосон киноных нь тухай л асуудаг байсан сэтгүүлчид түүний өргөмөл хүүхэд байсан хуучны таагүй дурсамжийнх нь талаар шалгааж эхэлсэн нь ч бас нөлөөлсөн байх.

Харин бидний дунд өрнөсөн дотно яриа түүний урьд хэнд ч хэлээгүй, яриагүй бүхнээр дүүрэн байсан бөгөөд манай үеийн алдартай жүжигчин надад сүүлчийн ярилцлагаа өгөөд тэнгэрт хальсан нь нэг талаар бахархам, нөгөөтэйгүүр цочирдом байсныг хэлэх хэрэгтэй. Тийм учраас тогтсон дэгийг эвдэн энэхүү ярилцлагаа түүний ярьсан бүхнийг нэгтгэн өөрийн нь хүүрнэл болгоод, өмнө тань дэлгэж байна.

Монрогийн тухай Монро ийн ярьсан билээ.

Заримдаа би поло хүрэм өмсөн, нимгэн алчуур толгойдоо ороогоод туслах болон бие хамгаалагчгүйгээр хотын дундуур ганцаараа алхах дуртай.

Миний төлөө хоолой мэдэн хашгирч, зүсийг минь ойроос харж, гарын үсгийг минь буулган авахаар улайран зүтгэдэг тэр хүмүүс яаж амьдардаг бол оо гэдгийг мэдэх гэж тэр.

Хүүхдүүд өхөөрдөм бөгөөд аюултай. “Бурхан минь, энэ миний бодож байгаа хүн мөн үү. Энэ чинь Монро байна” гэж надад сонсогдохуйц шивнэлдээд, ер юу хийж байснаа орхиод гудамжны төгсгөл хүртэл араас дагана. Харин томчууд тэдний л адил догдолж буй нь илт боловч, буурь заан “Сайн уу, Монро. Сайхан өглөө байна шүү, тийм ээ” гээд дотночлон асуудаг. Би үүнд дуртай.

Олны хайр, хүндлэл дунд байна гэдэг хичнээн гайхамшигтай хэрэг вэ. Тэд сэтгэл хөдлөлөө юунаас ч нуулгүй ил гаргаж, намайг хүн гэдгийг мэдрүүлдэг.

Харин жүжигчид болон найруулагчид тэс өөр. Тэд намайг дэлгүүрийн лангуун дээрх үнэт эрдэнэ гэж харан, яг л түүн лугаа ханддагт би дургүй. Үргэлж худал инээмсэглэл, ялдам хандлага гарган нялуурах тэд уулзсан тохиол, надтай өрнүүлсэн харилцан яриа бүхнээ хэвлэлээр цацаж таашаал авна. Үгээ хүртэл үнэлж, алдар нэрийн хойноос уйгагүй хөөцөлдөгч тэдгээр хүмүүсийн дунд амьдрах надад юутай хэцүү байдаг гээч.

Тэд байнга л элдэв гялгар, хээнцэр үдэшлэг зохиож, үүндээ намайг тусгайлан урина. Тансаг оройн зоог идэнгээ алдартай төгөлдөр хуурчийн аялгууг сонсон суух сайхан боловч би юунаас болж энэ сайхан зүйлийг мэдрэн суугаагаа бодохоор заримдаа ой гутна.

Намайг энгийн л нэг Мэрилин Монро биш, Холливудын алдартай жүжигчин Мэрилин Монро болохоор л тэд урьсан! Харин би таван настайгаасаа эхлэн жүжигчин болохоор мөрөөдөж байхдаа ийм зүйлийг ер хүсээгүй юмсан.

Хүүхэд байхдаа өглөө бүр өнөөдөр ямар дүр бүтээж тоглох вэ гэдгээ бодож сэрдэг байсан. Ширээгээ тайз болгоод, чихмэл тоглоомуудаа ирийтэл өрж, үзэгчдээ гэж төсөөлөн хүссэнээ л хийнэ. Дуулна, бүжиглэнэ, заримдаа үнэмшилтэйгээр уйлна. Одоо эргээд бодоход тэр үед л би жинхэнэ жүжигчин байж. Эсвэл, миний хүсдэг жүжигчний амьдрал тэр байсан. Харин одоо намайг юу болсныг хараач!

Сургууль манай гэрээс дөрвөн км зайтай байсан бөгөөд энэ зай миний хувьд алдрын гудамжийг орлож байсан санагдана. Алдартай жүжигчин болоод шавсан олон зурагчдын дундуур инээмсэглэн гар даллаж, гарын үсгийг минь авахаар шуугисан олон хүн над руу зүтгэж байна гэж төсөөлөхдөө би тэсгэлгүй инээд алдаж байснаа санадаг. Одоо энэ бүхэн надад бодитоор ирсэн ч хүүхэд насны минь мөрөөдөлд ургасан тэр хүсэлтэй хэзээ ч эгнэшгүй бөгөөд хүрэмгүй.

“Gentlemen prefer Blondes” (1953) кинонд Жэйн Рассельтай хамтрах завшаан олдоход тохиолдсон нэг явдлыг ярья. Тэгэхэд би олонд тэгтлээ танигдаагүй байсан ч энэ кино дэлгэцнээ гарсны дараа хүмүүс намайг өөрөөр харж эхэлсэн юм. Кинонд Жэйн хүрэн улаан, би шаргал үстэй байсныг та санаж байгаа байх. Жэйн үсэндээ 200 мянган ам.доллар төлсөн бол, би үсээ шаргал болгох гэж долоо хоног бүр 500 ам.доллар төлдөг байв.

“Яагаад” гэж би найруулагчийг шаналгаж байгаагүй ч, хүмүүс надтай яг л 500 ам.долларын үсэнд минь тааруулж харьцаад эхлэхэд энд нэг л юм буруу болоод байгааг мэдэрсэн. Зураг авалтын үеэр Жэйнтэй адилаар туслахуудад, кино багийнханд шаардлага тавих үед “Чи од биш гэдгээ санаж, наад үг хэлээ цэгнээрэй” гэж өөдөөс минь томорно. Тэсэлгүй би нэг удаа “Кинонд бид адилхан гол дүр бүтээж байгаа тохиолдолд тэрний од, миний мод байх ямар ялгаатай юм бэ” гэж шулуухан хэлсэн. Гэсэн ч тэд миний үсний будагны өртөгтэй адилаар надтай хямдхан харьцсаар кино дуусаж, дараа нь Жэйнээс илүү миний нэр тодрон гарахад би тэднийг яллаа гэж дотроо бодсон.

Хүнийг ялгаж харьцах ямар увайгүй болохыг би тэднээс суралцаад өнгөрсөн бол үсний будагны үнэнд нь тааруулж хүнтэй харилцдагаа тэд ер болиогүй юм.

Жүжигчид машин биш. Бид бусадтай адилхан ядардаг, өвддөг, тухайн зүйлийг хийх бэлтгэлгүй, хүсэлгүй үе тохионо. Үйлдвэрийн ажилчин, талхны мухлагийн худалдагчаас ялгаа юу ч үгүй. Тэнгэрийн од, нар сар ч гэсэн шөнө гялалзаад өдөр “амардаг”. Харамсалтай нь ихэнх найруулагч алдартай жүжигчдээс өдөр бүр гялалзахыг хүсдэг. Сэтгэлээр унаж, хямрах үед кино багийн бүх хүн надад анхаарал хандуулж, бүчин авна. Тухайн мөчид би ганцаараа байхыг хүсэж байлаа ч тэд огтхон ч хэрэгсэхгүй. Учир нь би тэдний хувьд дэлгүүрийн лангуун дээрх үнэт очир эрдэнэ бөгөөд үргэлж түүнийг харуул, манаач сахиж байх ёстой гэж боддог. Гэтэл би чинь хүн шүү дээ. Хүн!

Гэвч алдар нэр надад үргэлж тааламжгүй байсан гэвэл худал болно. “Мэдисон скуэрь” театрт ноён Ерөнхийлөгчийн төрсөн өдрийн баярт хүрэлцэн очиж, “Төрсөн өдрийн мэнд хүргэе” дууг дуулах завшаан олдсонд би одоо ч баярладаг.

Тайзнаа гарч, яг тэр дууг дуулахад эргэн тойрон чив чимээгүй болж, зөвхөн миний хоолой надад сонсогдох тэр мөчид би хязгааргүй аз жаргалтай байж билээ. Чимээ шуугиан, алга ташилт, уухай… бүхнээс би цуцсан үе байсан болоод ч тэр үү. Тэд над руу юу ч гэж хашгираагүй ч дулаан дотно мэдрэмж нь илт төөнөж билээ.

Хүмүүс ер нь яагаад амандаа орсноо чалчиж, эсвэл худлаа нялуурч, хэн нэгнийг тэнгэрт хөөртөл магтах ёстой гэж. Чимээгүй байсан ч бид ойлголцож, мэдэрч чадна шүү дээ. Гэвч тухайн мөчид намайг ийн бодож зогссон гэдгийг хэн ч мэдээгүй. Үнэнээ хэлээрэй Ричард, чи ч гэсэн тэгж бодоогүй тийм үү? Харин та нар намайг тачаангуй хэмээн бодож, “секс бэлгэ тэмдэг” гэцгээн хашгирсан. Яг үнэндээ би секс бэлгэ тэмдэг гэж юу болохыг, яагаад намайг ийн нэрийддэгийг ойлгодоггүй. Хэрэв би ямар нэг зүйлийн бэлгэ тэмдэг болохыг өөрөө хүсвэл тэр нь секс л биш шүү.

Охид миний амжилтад хүрэхийг мөрөөдөж, яг л миний багынх шиг ширээн дээрээ гараад Монро болж жүжиглэж байвал би баярлана. Харин тэд “Мэрилин Монро шиг секс бэлгэ тэмдэг болно” гэж хүсвэл энэ надад шагнал биш, шийтгэлээс өөрцгүй.

Секс бэлгэ тэмдэг болоод сонин дээрх элдэв гүтгэлэг миний тухай тэдний бодлыг өөрчлөх вий гэж би үргэлж эмээдэг ч бас нуухыг хүсдэггүй байсан. Би тэдэнд “Надаас юу ч битгий нуу. Миний тухай уншсан, сонссон бүхнээ цааргалалгүй асуу. Би үнэнээр нь хариулна” гэдэг. Учир нь тэдний амьдардаг тансаг шилтгээн, бэлэн зэхсэн бүхний цаана, бодит амьдрал дээр юу болдгийг мэдээсэй гэж би хүсдэг.

Би алдар нэрд хүрэхээс өмнө сарын таван доллар олохын төлөө өдөр бүр зуун таваг угаадаг байснаа тэдэнд нуулгүй хэлдэг. Идсэн хоолны тавгаа ч өөрсдөө хурааж үзээгүй тэр хүүхдүүд ийм зүйл байдгийг мэдэх хэрэгтэй. Ингэж байж тэд хүнийг ойлгох болно. Алдар нэр, цатгалан амьдрал, мөнгийг хүсвэл, хичээвэл чи олж чадна. Харин хайх хэрэггүйгээр үргэлж дэргэд чинь байсан эгэл хүмүүс, эгэл хандлагыг хэзээ ч мартаж болохгүй гэдгийг ойлгуулахыг хүснэ.

Ж.Тэгшжаргал

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх