Чамайг өөдрөг “өвөлжүүлэх” 11 кино

2014 оны 04-р сарын 10 өдөр, 01 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mini-235

Яг үнэндээ бол тийм ч өөдрөг төрлийн кино энд байхгүй л дээ. Ихэнх нь зөгнөлт, тулаант, адал явдалт кинонууд байгаа. Гэхдээ жинхэнэ кино хорхойтонг ямар ч төрөл, жанрын бай гоё кино үзэх нь л бүх талаар “өөдрөг” болгодог гэдэгт Гоолингоо нь итгэдэг юм. Ирж буй өвлийн маань өнгө сэтгэл огшоож, амьсгал давчдуулах дэлгэцийн бүтээлээр дүүрэн байх нь! Тухлан сууж таалан болгооно уу.

1. About Time
Энэ бол Рейчел МакАдамсийн цаг хугацаагаар аялагчийн дурлалт бүсгүйн дүрд тоглож байгаа 2 дох тохиолдол. Цаг хугацааны нууцыг хүртэл мэддэг хүний тайлж чадахгүй ганц нууцын дүрд тэр л тохирдог юм болов уу? 21 настай Тим өнгөрсөн рүү аялах боломжтойгоо олж мэдээд сайхан учралд санаачлагагүй хандсан дурсамж болгоноо өөрчилж эхэлнэ. “Love Actually”, “Notting Hill”-ийн найруулагчид дахиад биднийг санаа алдуулах, уяраах, инээлгэх ямар мөчүүдийг бүтээснийг үзэхийг тэсэн ядан хүлээж байна. “Цаг нь болсоон” кино АНУ-д 11 сарын 1-нд нээлтээ хийнэ.

2. “Diana”
Түүхэнд нэрээ үлдээсэн эмэгтэйчүүдийг кино хальснаа мөнхлөх “төсөл” амжилттай хэрэгжсээр байна. “Төмөр хатагтай” кино төрөхөд баярлан хүлээж авсан Англи орон одоо өөрсдийн хамгийн хайртай гүнжийнхээ талаар кинотой боллоо. Хунтайжтай гэрлэж, хааны ордонд амьдарч, загварын бэлэг тэмдэг, үлгэр дууриалал болсон Диана гүнжийн дүрд Оскарын шагналт жүжигчин Наоми Ваттс тогложээ. Бодит Үнсгэлжингийн түүх 2013 оны 11-р сарын 1-нд нээгдэнэ.

3. “Thor:The Dark world”
Майли Сайрус алхны талаарх ойлголтыг өөрчилсөн байж болох юм. Гэхдээ Thor-ийн алх тэдний алинтай нь ч ижилхэн биш бөгөөд хэн ч, хэзээ ч өөрчилж чадахгүй юм. Зөгнөлт төрлийн тулаантай киног төдийлөн таашаадаггүй бүсгүйчүүдэд кино үзэх шалтгийг нь гаргаж өгч тэд жүжигчин Натали Портманийг тоглуулжээ. Марвелийн цувралууд үргэлж л шуугиан тарьдаг, “Тhor: Харанхуй ертөнц” ч гэсэн 11-р сарын 8-нд нээгдсэн даруйдаа томоохон хит болно гэдэгт итгэлтэй байна.

4. “Wolf of Wall street”
Хөрөнгийн төв цэг болсон Волл стрийт, тэндээс хэрхэн мөнгө олдог тухай, зугаа цэнгэл яагаад талаар өнгөрөх ёсгүй талаар энэ киноноос үзэж болно. Леонардо Ди Каприо гол дүрд нь тоглосон учир чамд уйдах зав нэгээхэн ч олгохгүй. “Волл стрийтийн зэрлэг чоно” 11-р сарын 15-нд сул тавина.

5. “Catching Fire”
Өлсгөлөн тулааны өөр нэг хэсэг үргэлжилж байна. Өөрөө ч мэдэлгүй өөрчлөлтийн эхлэл болчихсон Кетнис “Ялалтын тойрон аялал”-ынхаа үеэр хувьсгалыг ч бүр ч өдөөж өгнө. Гэвч үүнийг зүгээр хараад суух хүн хэд байгаа бол? Энэ өвлийн хамгийн хүлээлттэй кинонуудыг тэргүүлж байгаа “Галаар наадагсад” 11-р сарын 22-нд кино театруудаар гарч эхэлнэ.

6. “Frozen”
Диснейн хүүхэлдэйн киногүйгээр би өвлийг төсөөлөх ч гүй байсан! “Сүйтгэгч Ральф”, “Tangled” зэрэг кинонуудыг бүтээсэн багийнхан 11-р сарын 27-нд нээлтээ хийх тус хүүхэлдэйн кинон дээр ажилласан аж. Шүүмжлэгчдийн зүгээс “Мөсөн хатан” хүүхэлдэйн киноны өөр нэг хувилбар байж магад хэмээн үзэж байгаа ч үзэгчдийн зүгээс өндөр үнэлэлт авна гэдэгт эргэлзэхгүй байна. Бид Анна хэмээх ахин нэг эрэлхэг, цасны гүнжтэй боллоо шүү дээ.

7. “The Last Days On Mars”
Ангараг гараг дээрх нууц даалгавраа амжилттай биелүүлсэн багийнхны сүүлийн буюу буцах өдөр. Гэвч аюулт бактери санаандгүйгээр илрүүлэх бөгөөд хөлөгт авчирснаар бүх зүйл эхэлдэг. Тэд дэлхий дээр ч гэсэн аваад ирэх юм биш байгаа? Сандра Буллокийн “Татах хүч” чамд сэтгэгдэл төрүүлсэн бол дараачийн үзэх сансрын кино чинь гарцаагүй энэ байна! Санаж аваарай, 12-р сарын 6-нд нээлт нь шүү.

8. “The Hobbit: The Desolation of Smaug”
“Хэрвээ чи лууг сэрээх юм бол бүгдийг устгалаа л гэсэн үг”. Билбогийн багийнханд ийн анхааруулах авч Гендальф болон 13 дайчид зорилгоосоо буцалгүй, аяллаа цааш үргэлжлүүлнэ. “Бөгжний эзэн”-ээс өмнөх амьдралыг харуулж байгаа “Хоббит”-ийн гурвал зохиолын хоёр дахь хэсэг болох “Лууны сүйрэл” нь 12-р сарын 13-нд нээлтээ хийнэ.

9. “Walking With Dinosaurs”
Динозаврыг дэргэдээсээ юм шиг мэдэрмээр байна уу? Тэгвэл тэдэнтэй хамт алх. Хамт амьдар, ямар замыг туулж нас биед хүрсэн динозавр болдгийг нь мэдэж ав. “Хоббит”-оос яг долоо хоногийн дараа нээх тус кино ч бас 3D. Хэзээ ч байгаагүй зомби, 100 сая жилийн өмнө амьдарч байсан динозавруудад “хайртай” хүн бүрт таалагдана.

10. “The Invisible Woman”
Дандаа л сансартай, динозавртай, бяцхан хоббиттой кинонууд яриад байна уу? Сэтгэл зүрхээ арай “том” зүйлд шингээхийг хүсдэг Гоолингоо минь, чамд зориулсан зүйл энд байна. Английн алдарт зохиолч Чарлес Дикенсийн бодит амьдралаас сэдэвлэж гайхамшигт Рейф Файнесийн өөрөө найруулж, гол дүрд нь тоглосон кино гэхээр ямархуу чансаатай гэдэг нь харагдаж байгаа биз? Эхнэрээсээ өөр залуухан бүсгүйд дурласан өвгөн зохиолчийн амьдрал зул сарын баяраар олонд нээлттэй болох аж.

11. “About Last Night”
Валентиний өдрөөр гарах хамгийн гоё кино! Зөвхөн Кевин Харт байгаа болохоор ч гэж ингэж байгаа юм биш, хайрын тухай инээдээр дамжуулан ихийг ойлгуулах болохоор л тэр юм шүү дээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх