Солонгос киноноос бид юуг сурах боломжтой вэ?

2014 оны 04-р сарын 17 өдөр, 02 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Суваг бүрээр л Солонгос цуврал гарч байна. Угаасаа үзэх дуртай байсан ч, гэрийн бусад гишүүд үздэг болохоор яахын аргагүй үздэг байсан ч ухаалаг Гоолингоочууд бид өдөр бүрийн нэг цаг гучин минутыг савангийн дуурьд зориулахынхаа хажуугаар юуг нь суралцаж, амьдралдаа хэвшүүлж болно гээч?

1) Байнга ус уудгийг нь
Солонгос кинон дээр гардаг айл бүрийн гал тогоонд шилэн саванд хийсэн ус, аяга хоёр нь хэзээд бэлэн байдаг. Нойр нь хүрээгүй үед, хэн нэгэнтэй нууцаар ярьж байх үед, тэр бүү хэл хорон төлөвлөгөө боловсруулахдаа ч эрүүл мэнддээ анхаарч ус уухаа мартахгүй шүү.

2) Бүсээ заавал бүсэлдгийг нь
Гэмт хэрэгтэн цагдаад хөөгдөж байсан ч бүсээ заавал бүсэлсэн байдаг. Солонгосын кино урлагийг хариуцсан холбоо нь бүх насны үзэж болох кино, драмад бүсээ бүслээгүй гаргахыг албан ёсоор хориглосон байдаг. Тийм болохоор чи ч гэсэн гэр бүлээрээ бүсээ зүүж заншаарай.

3) Бээлий өмсөж байгаад угаалга хийдгийг нь
Гэрийн эзэгтэй болон үйлчлэгч нар аяга тавгаа угаахдаа зориулалтын бээлий заавал өмссөн байгаа нь харагддаг. Солонгос бол арьсны гоо сайханд дээд зэргийн ач холбогдол өгдөг орон. Аяга таваг угаагч шингэн нь арьсыг хуурайшуулж, хумсыг гэмтээдэг учраас тэд бүх нийтээрээ бээлий хэрэглэж заншсан байдаг юм билээ.

4) Ямар ч тохиолдолд хоолоо идэж байх ёстой гэдгийг нь
Солонгосчууд кинон дээрээ “Сайн уу” гэж мэндлэхээсээ өмнө “Хоолоо идсэн үү” гэж асуух нь бий. Өмнө нь өлсгөлөнд нэрвэгдсэн улс болохоор тэгдэг юм гэж хүмүүс ярьдаг л даа. Гэхдээ надад бол хоол хүний эрүүл мэндэд маш чухал гэдгийг мэддэг учраас л тэд ингэж асуугаад байдаг юм шиг санагддаг. Заавал цагтаа хооллож байгаарай. Хоолоо алгасахаас зайлсхийгээрэй.

5) Одоо л яарахгүй бол өрсөлдөгчдөө алдахыг нь
Солонгос кинон дээр хайртыгаа холоос хараад уйлж байгаа дүр зураг анги болгон дээр л шахуу гардаг. Эндээс бид юуг ойлгож авч болно гээч? Бүх зүйлд боломжоо хамгийн түрүүнд ашиглахгүй бол юу ч үгүй хоцорч мэдэхээр байх нь. Гол дүрийн залуучууд нь хайр сэтгэлээ илчлэхгүй хулчийж явсаар байгаад л нөгөө бүсгүй нь өөр залууд хайртай болчихно шүү. Дургүй хүрмээр.

6) Өвдсөн л бол эмнэлэгт үзүүлдгийг нь
Солонгосчууд биед нь ямар нэгэн зовиур илэрвэл шууд л эмнэлэгт үзүүлдэг нь кинон дээрээс харагддаг. Жаахан шалбарсны төлөө ч “Эмнэлэг явъя” гээд үүрээд алхах нь харагддаг ч үүнээс бид эрүүл мэндийн тал дээр хэнэггүй байхын оронд заавал мэргэжлийн хүнээр онош тогтоолгох ёстой гэдгийг нь тусгаж авч болно. Ханиад хүртэл хүндрээд уушигны хатгаа болдог хойно доо.

7) Өөртөө арчаатай байдгийг нь
Солонгос киноны эмэгтэйчүүд хуримаа хийгээд, хүүхдээ харж, аав ээжийг нь асарч халамжилсан олон он жил өнгөрсний дараа нөхрөө араар нь тавьж эхэлснийг мэддэг. Тэгээд нэг л өдөр өөрийгөө толинд харахад наснаасаа хамаагүй хөгшин болсноо анзаарч, нууц амрагт нь доромжлуулаад үлдэнэ. Харин үүнийг кинон дээрээс харсан бол бүсгүй минь ямар ч их ажилтай байсан өөрийгөө халамжилж, арчлахаа битгий мартаарай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх