Т.Төмөр-Очир: “Амьд л байвал үхсэн ч яахав”

2014 оны 04-р сарын 24 өдөр, 04 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_0434

Хүн бүрийн амьдрал өөрийн заяа төөрөгтэй байдаг. Тэр зураг төөргийнхөө дагуу амьдрахын төлөө тэмцэж яваа олон сайхан эрхэмүүд бий. Тэдний нэг нь Кино урлагийн дээд сургуулийн Найруулах ур чадварын багш Т.Төмөрочир билээ. Энэ удаагийн ярилцлагаараа түүнийг урьж оролцуулан, түүний дотоод ертөнцөөс та бүгдтэй бага ч гэсэн хуваалцахыг зорьлоо.

1

 Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргье.

      Баярлалаа чамд ч гэсэн энэ өдрийн мэнд

   Баярлалаа ярилцлагаа би таны төрсөн нутгийн тухай эхлүүлье гэж бодлоо. Олоналдартны өлгий нутаг болохоор их бахархдаг байх?

       Тиймээ мэдээж их бахархдаг. Би Архангай аймгийн Тариат сумынх гэж аавынхаа нутгаар овоглож явдаг л даа. Гэхдээ яг төрсөн нутаг гэвэл би Улаанбаатар хотын хүн.

Хүн бүрийн хамгийн эрхэм зүйл нь гэр бүл байдаг. Та бидэнд гэр бүлээтанилцуулахгүй юу?

       Манай ээж жүжигчин, аав 3 дайнд оролцсон цэрэг хүн байсан. Бид эхээс 8-лаа, гэвч хоёр нь бурханы оронд заларсан. Бусад нь энх тунх аж төрж байгаа. Харин миний гэргийг Нарантуяа гэдэг олон жил эдийн засагч мэргэжилээр ажиллаж байна. Бид хөөрхөн хоёр охинтой нэг нь ээжийнхээ мэргэжлийг өвөлж авсан. Олон жил гадаадад сурч байгаад ирсэн одоо мэргэжлээрээ ажилладаг. Харин бага охин бол мэс заслын эмч мэргэжилтэй. Манай 2 хүргэн уул уурхайн салбарын хүмүүс нэг нь Геологич нөгөөх нь өрөмдлөгийн мэргэжилтэн.

Гэр бүлийнхээ нандин дурсамжаас хуваалцвал…

            Манай гэр бүлд нэг ийм сонин зүйл байдгийн: Ээжийг жүжигчин байх үед   театрийн туршлагатай жүжигчид нь залуу жүжигчидээ сургадаг байсан юм. Тэр үед Мөнхдорж багш манай ээжийн шавь нь байлаа. Харин Мөнхдоржийн  аав УГЗ, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Г.Бирваа гуай Халх голын дайнд  манай аавтай цуг алба хашиж байсан. Мөн манай дүү сэтгүүлч мэргэжилтэй киноны зохиол, найраглал  бичдэг залуу бий. Тэгтэл түүний сүүлд бичсэн зохиолоор нь Мөнхдорж “Эрэл” гэх МУСКиног  найруулсан. Тэгээд Мөнхдорж найруулагч бид 2 хаяа нэг нэгнийхээ хичээлийг нөхөж ордог гээд л нэг ийм сонин гайхалтай холбоотой хүмүүс дээ.

   Хүүхдийн суурь хүмүүжил гэдэг хамгийн чухал зүйл байдаг. Хоёр охиноо хэрхэн хүмүүжүүлсэн бэ?

      Хүүхдүүдтэйгээ бага байхад нь их хамт тоглодог байсан. Юмыг энгийн байдлаар л ойлгуулахыг хичээдэг байлаа.Жишээ нь: Нэг удаа манай бага охин цэцэрлэгээсээ ирчихээд хувцасаа тайлаад тараагаад шидчихээр нь аваад нуучихсан. Маргааш өглөө нь цэцэрлэгтээ явах гээд  хувцсаа хайхаар нь замбараагүй хаясан болохоор шулам аваад явцан гэж хэлээд явуулаагүй. Тэрнээс хойш хувцсаа эвхдэг болсон. Энэ мэтээр жижиг зүйлээр л ойлгуулахыг хичээдэг байсан юм.

   Ажлынхаа хажуугаар гэр бүлтэйгээ хэр цагийг өнгөрүүлж байна?

       Ер нь тэр бүр хамт байгаад байж чаддаггүй. Амралтын өдрүүдэд зуслангынхаа байшинд очих дуртай. Хүүхдүүд ч амрахаар ирцгээж тэнд л хамт цагийг өнгөрөөдөг дөө. Ирэхээрээ нээх удаан үнсүүлдийн, би нээх удаан үнсдийн. (инээв) Агаарт гэр бүлээрээ хамт байх их сайхан амралт болдог.

  Танай гэр бүл болон ойр дотны хүмүүст тань найруулагч хүн байдаг уу?

        Манай ээжийн дүүгийн нөхөр Балгансүрэн гэж найруулагч байсан. Тэрнээс өөр хүн байгаагүй ээ. Гэхдээ манай ээж бол жүжигчин хүн байсан.

Манай уншигчид таныг кино найруулагч талаас нь л сайн мэддэг. Кино найруулахаас гадна таньд ямар нэгэн нууц авьяас бий юу?

        Би өөрийгөө найруулагч болно гэж төсөөлдөггүй байсан. Зурах их дуртай тайзны зураачаар хүртэл ажиллаж байлаа.

   Та бидэнтэй оюутан насныхаа нандин дурсамжаас хуваалцаач..

         Яг зах зээлийн үеийн оюутан байлаа. Бүх юм хомс хэцүүхэн л байсан. СУИС-ийн хажууталын Модон гуанзаар л их ордог байлаа. Хэдий тарчигхан үе байсан хэдий ч маш чадварлаг багш нараар тун шахуу хуваарьтайгаар заалгадаг байсан. Яагаад гэвэл тухайн үед зах зээлийн үе болохоор урлагийнхан дийлэнх нь ажилгүй байсан болохоор байнга урьж авчирч хичээл оруулдаг байсан юм.

  Та хамгийн сүүлд ямар кино үзсэн бэ?

      Хамгийн сүүлд “Хязгааргүй” гэх МУСК үзсэн. Яг үнэндээ би тэр киноноос юу ч ойлгоогүй. Кино тодорхой нэг хүрээнд, ямар нэг зүйлийг хэлж илэрхийлж байдаг. Гэтэл би тэр кино юу илэрхийлэхийг зорьсныг нь ойлгоогүй. Кинонд тавигдах 10 шаардлага гэж бий түүнд нийцсэн кино болж чадаагүй мэт санагдсан. 

Хамгийн анх ямар уран бүтээл дээр ажиллаж байсан бэ?

           Хүмүүс анхны уран бүтээл гэхээр их том зүйл санадаг юм шиг. Харин миний хувьд бол анх шалан дээр мөлхөж яваад тоглож байхдаа зурсан зургаа анхны уран бүтээлээ гэж боддог.

Нэгэнт хальсанд буусан л бол тэр сайн ч бай, муу ч бай мөнхийн бүтээл болж хадгалагданагэж та нэг ярилцлагандаа дурьдсан байсан. Та хэр олон мөнхийн бүтээл туурвисан бэ?

       Хамтран бүтээсэн, ганцаарчлан ажилласан олон уран бүтээл бий. Ер нь хальсанд буусан л бол буцаах боломжгүй зүйл бол кино. Мөнхийн бүтээл болж үлддэг юм. Муу ч сайн ч кино бүхэнд туршилт, шинэчлэлт явагдаж цоо шинэ ертөнцийг нээж байдаг. Тийм болохоор их сайн бэлдэж байж л хийх шаардлагатай. 

  Кино бүтээхэд хамгийн чухал зүйл нь юу вэ?

       Чин сэтгэл, хүсэл эрэмэлзэл байх нь л хамгийн чухал. Кино бүтээхэд олон хүний хүчхөдөлмөр, сэтгэл  шингэж байж л сайн кино болдог болохоор хүн бүр хичээж сэтгэл гаргаж ажиллах хэрэгтэй байдаг.

  Монголын киноны хөгжлийг үечилж авч үзвэл яг ямар үедээ яваа вэ?

         Монголын кино урлаг яг эд хөгжлийнхөө үед явж байна. Социализмийн үед бол уран бүтээлчид чөлөөтэй бүтээл туурвиж чаддаггүй хязгаарлагдмал байсан юм. Харин одоо бол чөлөөтэй, нээлттэй болсон болохоор их олон кино бүтээгдэж байна. Ингэснээр өрсөлдөөн үүсч хүмүүс аль сайныг нь сонгож үздэг болсон нь Монголын киноны хөгжлийн гол түлхэц болж өгч байгаа юм.

  Кино шүүмж судлалын тухай ярьвал…

       Кино шүүмж бол зайлшгүй байх шаардлагатай зүйл. Учир нь манай уран бүтээлчид шүүмжлэл сонсож байж л илүү сайжрана. Гэвч манайд мэргэжлийн шүүмжлэгчид дутаад байна. Тиймээс шүүмжлэгчдийг бэлдэх мэргэжлийн анги байх хэрэгтэй юм.

   Кино урлаг таны амьдралд ямар байр суурийг эзэлдэг вэ?

           Кино миний амьдралийн №1-т байдаг. Урлагийн бүх төрлийг өөртөө шингээсэн маш том соёлын элемэнт. Хүсэл мөрөөдөл зорилго маань болохоор хамгийн эрхэм байдаг.

   Одоо та “Найруулах ур чадварын” багшийн ажил хийж байгаа. Сэтгэл хангалуун байдаг уу?

        Тэгэлгүй яахав. Сайн найруулагч төрүүлнэ гэдэг бол миний хувьд маш том амжилт учраас оюутнуудтай ажиллахдаа баяртай байдаг.

IMG_0429

 “Зорилготой хаа хүрэхээ мэддэг хүний өмнө дэлхий хүртэл зам тавьж өгнөгэдэг таны цаашдын амьдрал уран бүтээлийн зорилго, төлөвлөгөө юу вэ?

          Нэг ийм үг байдаг даа “Амьд л байвал үхсэн ч яахав” гээд, иймд адилхан л хүмүүс юм чинь амьдрахын төлөө тэмцэж яваа нэгнээ чадах зүйлээрээ дэмжих хэрэгтэй. Сайн боловсон хүчнийг бэлтгэхийн тулд сургуулиа л техник технологийн талаас нь сайжруулахыг оюутнуудаа дэмжихийг л зорьж байна даа.

Бидэнтэй нээлттэй, чин сэтгэлээсээ ярилцсан таньд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье!

IMG_0435

   Сэтгүүлч-2 Э.Анударь

фото зургийг зураглаач-2 Б.Мөнхзориг

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх