Ялалтын анхны парад 1945 оны 6-р сарын 24-нд Улаан талбайд болсон юм. Сарын хугацаанд парадын 40 мянга гаруй дүрэмт хувцас оёж, цэргийнхнийг сонгон шалгаруулжээ. Тухайлбал жагсаалын цэрэг, түрүүч, офицер, генерал зэрэг 16 мянга гаруй хүн багтсан байна. Тэд бүгд Аугаа эх орны дайны фронтод тулалдаж явсан юм. Парадад оролцох хүмүүсийг 30-аас дээш настай, 176 см багагүй өндөртэй, фронтын гавьяа шагналтай, жагсаалын сайн бэлтгэлтэй байх зэрэг өндөр шалгуураар сонгож байв. Бүх фронтоос нэгдсэн нэг хороо парадад оролцсон байна. Ялалтын анхны парадыг цуут маршал Георгий Жуков цагаан морьтой эхлүүлсэн юм. Уг нь парадыг Сталин эхлүүлэх бодолтой байсан тухай ярьдаг. Их өрлөг жанжин тухайн үед 65 настай морь унах дадал хангалтгүй байсан юм. Улаан талбайн бунханы хөлд бут ниргүүлсэн фашист германы цэргийн тугийг хаясан нь 1945 оны парадын “оргил” байлаа. Ялагдсан дайсныг жигшин зэвүүцэж байгааг тодотгохын тулд бээлийтэй, бөмбөрийн нижигнээнд энэ ёслол болсон юм. Парадын дараа бээлийг ёслол төгөлдөр шатаажээ.


Leave a Reply