“Хүний амь” киноны үргэлжлэл “Аймшигт нүүдэл”

2015 оны 02-р сарын 13 өдөр, 11 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
content_login-screen_nuudel_1280x720

Кино Урлагийн Дээд Сургуулийн багш Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэнгийн бүтээсэн “Хүний амь” киног бид сайн мэднэ. Анх 1976 онд бүтээгдэж, тухайн үеийн нийгэмд шуугиан тарьж байсан. Тус киноны гол дүрийн жүжигчид 39 жилийн дараа хамтран “Аймшигт нүүдэл” олон ангит киног бүтээжээ.

Энэхүү кино нь зургаан ангитай бөгөөд үзэгчид Ардын жүжигчин П.Цэрэндагвын бүтээсэн Бадарч буюу Лхүндэв Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатарын бүтээсэн Эрка буюу Эрдэнэ, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч Ш.Гүрбазарын бүтээсэн Саруул нартай дахин уулзах нь ээ.

Гэхдээ энэ удаад тэднийг өнөөдөр хэрхэн амьдарч яваатай танилцуулах юм байна. Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн бүтээл энэхүү кино нь одоогийн Монгол орны улс төр, нийгмийн тогтворгүй байдлыг ашиглан албан тушаал, эрх мэдлийн давуу эрхээр цөөн тооны олигархиуд бүхнийг өөрийн хүсэл зорилгодоо нийцүүлдэг тогтолцоонд бид амьдарч байгааг үзүүлэх аж.

Киноны ерөнхий найруулагчаар Г.Жигжидсүрэн, 2-р найруулагчаар А.Төгсбаяр, ерөнхий оператороор Ж.Отгондаваа ажиллаж байна. Кинонд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, сэтгүүлч, СГЗ Ш.Гүрбазар, СГЗ Ө.Нарангэрэл, СТА О.Бат-Ундрал болон бусад уран бүтээлчид оролцон тоглосон байна. “Аймшигтай нүүдэл” киноны зураг авалт Завхан, Сэлэнгэ, Өмнөговь аймгуудад үргэлжилжээ.

Найруулагч Г.Жигжидсүрэн тун удахгүй нээлтээ хийх гэж буй киноныхоо талаар, “Энэхүү кино цэвэр уран сайхны кино. Үйл явдлын талаар товч хэлэхэд адал явдалтай, хүний сэтгэлийн дотоод ээдрээг харуулсан. Зохиолыг П.Батсайхан яруу найрагчтай хамт миний бие бичсэн. “Аймшигтай нүүдэл” киноны санааг залуучууд маань бидэнд тавьсан. Кинонд монголын үе үеийн шилдэг дэлгэцийн мастерууд болон залуу уран бүтээлчид баг бүрэлдэхүүн оролцсон. Киноны зураг авалт хангай, говь хосолсон гурван аймагт дамнан үргэлжиллээ” гэв.

content_login-screen_nuudel_1280x720_1

aimshigtai-nuudel

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх