Ялалтын баярт зориулсан Орос, Монголын хамтарсан тоглолт болох нь

2016 оны 04-р сарын 28 өдөр, 05 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
jpg3053768362016-04-25-15-03[www.urlag.mn]

         Дэлхийн II дайн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь нь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдаж байсан түүхтэй. Энэ дайн нийт 60 сая гаруй хүний алтан амийг авч одсон юм. Манай улс дайны жилүүдэд “Бүхнийг фронтод”, “Бүгдийг ялалтын төлөө” гэсэн уриан дор Зөвлөлтөд туслах өргөн хөдөлгөөн орон даяар өрнүүлж, хүн бүр идэвхтэй оролцож байсан юм.

         Хөдөлмөрч ард түмний халуун сэтгэлийн хандиваар бэлгийн цуваануудыг бүрдүүлэн шилдэг агт морьдоо өгч, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” онгоцны эскадрилийг байгуулан Улаан армид бэлэглэсэн нь Берлинийг хүртэл тулалдаж ялалт байгуулахад бодит үүрэг гүйцэтгэж байсан юм.

        ОХУ-ын элчин сайдын яам, Серж Меценат сангийн санаачлагаар ах дүү хоёр ард түмэн, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жил, аугаа их ялалтын 71 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаа ВЕЛИКАЯ ПОБЕДА! Орос, Монголын уран бүтээлчдийн хамтарсан баярын тоглолт 2016 оны 5 сарын 9нд “Corporate” зочид буудлын Convention концертын танхимд зохиогдох гэж байна. Монголын ард түмний сэтгэлд хоногшсон цэрэг, эх орны, хайр сэтгэлийн сэдэвтэй Орос дуунуудаас бүрдсэн 180 гаруй уран бүтээлчид оролцох юм. Тоглолтын ерөнхий удирдаачаар  ОХУ-ын Красно Ярскийн ДБТ-ын Ерөнхий удирдаач, ОХУ-ын гавьяат жүжигчин А.П.Чепурной ажиллана. Мөн Монголын шилдэг уран бүтээлчид бидний сэтгэл зүрхэнд хоногшсон Катюша, Синий Платочек, Смуглянка, Темная ночь болон аугаа их ялалтын День Победы дуунууд тэр үдэш эгшиглэх юм байна.

Бичсэн: Б.Эрдэнэсувд

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх