КУДС-ийг найруулагч мэргэжлээр Онц, сайн төгсөөд БНСУ-ийн Данкүүк их сургуулийн Кино контентийн мэргэжлийн Магистрын сургуульд Кино продюсер мэргэжлээр амжилттай суралцаж Магистрын зэрэг хамгаалж байгаа К. Маралын ярилцлагыг хүргэж байна.

2018 оны 01-р сарын 14 өдөр, 06 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Сайн байна уу. Цаг гарган ярилцаж, өсвөр үе залуучуудын ирээдүйд хувь нэмрээ оруулж буй таньд баярлалаа.
1. Юуны өмнө та өөрийгөө танилцуулна уу?

Сайн байна уу, намайг Марал гэдэг. 13 настайгаасаа Солонгост ирж амьдарсан. 5 жил амьдраад Монголд очиж Д.Жигжидийн нэрэмжит Кино Урлагийн Дээд Сургуульд найруулагчийн мэргэжлээр суралцсан. Төгсөөд Солонгост буцаж ирээд одоо кино продюсерийн мэргэжлээр мастерийн зэрэг хамгаалж байгаа.
2. Яагаад буцаж Солонгост суралцахаар шийдсэн бэ?
Гэрийнхэн бүгд Солонгост байдаг учир Монголд очиж сурч байгаа нь гадаадад сурч байгаа юм шиг нөхцөлтэй байсан. Нэмж сурах эсэхээ мэдэхгүй Солонгост ирсэн. Дүү нар том болчихсон, би хийх юм байхгүй цагийн ажил хийгээд л явж байсан. Санамсаргүй тохиолдлоор таньдаг хүнээ хэлний бэлтгэлийн сургуульд хүргэж өгч байгаад одоо сурч байгаа сургуулийнхаа талаар мэддэг болсон. Тэр үед уулзсан найзын хэлний бэлтгэлийн багшийн ятгалгаар л шалгалтанд бэлдэж эхэлсэн дээ.
3. Зөвхөн БНСУ-ын их сургуулиудаас л олж авч чадах мэдлэг туршлага гэвэл та юуг нэрлэх вэ?
Солонгосчууд их шаргуу хөдөлмөрлөдөг. Сурагч байхаасаа л шөнө орой хүртэл хичээл хийгээд сурчихсан. Ажилд орсон хойноо ч үргэлж өөрийгөө хөгжүүлж идэвхтэй хичээдэг. Тэрнийхээ ачаар мэдлэгтэй хүмүүс их байдаг. Хамтран ажиллах системчилсэн арга барил зэргийг сургуульд сурахаасаа л ойлгож мэдэж авдаг. Ажлыг яаж хийх ёстойг сайн мэддэг хүмүүс байдаг. Ирээдүйгээ сайн төлөвлөдөг. Нэг талаасаа хоорондоо ингэж өрсөлдөөнтэй амьдарч байгаа нь арай л хэтэрхий цаг завгүй амьдраад байгаа юм шиг санагддаг. Залуучуудын дунд БОЛЗОО, ГЭРЛЭЛТ, ХҮҮХЭД гэх 3 зүйлийг хүсэхээс татгалзсан нийгмийн үе буюу хүн төрөлхтний амьдралын чухал 3-н зүйлийг хаясан амьдрал, дараа нь үүн дээрээ ДОТНЫ ХҮМҮҮС, ӨӨРИЙН БАЙРТАЙ БОЛОХ гэдэг зүйлүүдийг нэмсэн 5 зүйл хаясан амьдрал, МӨРӨӨДӨЛ, НАЙДВАР-аас бас татгалзсан 7 зүйл хаясан нийгэм гэх үгсүүд маш хурдтай мода юм шиг тархсан. Тэр нь одоо хүсэхгүй амьдрах ёстой зүйлс хязгааргүй учир N(хязгааргүйн тэмдэг) зүйлийг хүсэхгүй амьдрах ниийгэм болсон гэж яригдаж байгаа. Гадны хүний хувиар харахад энэ нь хүмүүсийг хэтэрхий робот шиг нэг хэв маягт амьдруулаад байгаа ч юм шиг санагддаг хэрнээ түүнийхээ ачаар цөөхөн жилийн дотох Солонгосчууд ингэж их хөгжиж чадсан юм байна даа гэж бодогддог.
Мэргэжлийн тал дээр бол IT тал дээр дэлхийн ямар ч улсаас хөгжингүй орон учир тэр чиглэлээр суралцахад Солонгос орон хамгийн шилдэг гэж бодож байна.
4. Солонгос хэл суралцаж байгаа, сонирхож байгаа хүүхэд залууст зөвлөх хамгийн чухал 3 зүйл гэвэл?
Дуудлагадаа сайн болохын тулд ярихаасаа өмнө эхлээд сонсож сур. Гадаад хэл гэдэг зарим дуудлага нь бичигдэхээрээ өөр бичигдчихээд сонсоход адилхан сонсогдоод байдаг. Яагаад ялгаатай бичигдэж байгааг нь мэдтэлээ тэр дуудлагыг буруу хэлж хэлээ дасгаж болохгүй. Нэг буруу хэлээд сурсан тохиолдолд засах арга байдаггүй санагдсан. Муу дуудлагатай хэрнээ яриад байвал өөрөө буруу дуудаж байгаагаа мэдэхгүй ярьсаар л байх болно.
Өөрийнхөө сонирхолтой зүйлийг ашигла. Би анх Солонгос хэл сурахдаа дуу сонсож дагаж дуулах гэж оролддог байсан. Эхлээд маш удаан уянгын дууг үгийг нь интернэтээс хайж олж хуулж бичээд дуугаа тавиад тэрийгээ уншиж дагаж дуулах гэж оролдоно. Хамгийн анх тэгжоролдож байсан дуугаа сүүлд сонсчихоод энэдууг дуулах гэж зовдог байсан гэж үү гэмээр санагдсан. Үнэхээр удаан уянгын дуу байсан юм.
Анхан шатны 190 ханзыг дуудлага, утгын хамт цээжил. Өнөөгийн Солонгост ханз үсгийг маш бага хэрэглэдэг хэдий ч дуудлагыг нь ашигласан ханз үгнүүд маш олон байдаг. Хоёр ханз дуудлагыг ашиглаад нэг Солонгос үг болчихдог тохиолдол маш олон. Анхан шатны хэдэн ханз үсгийг мэддэг болчихвол тэр ханз үгнүүдийг ойлгоход амар байх болно.
5. Монголд их сургуульд суралцаж байгаад Солонгост их сургуульд суралцаж эхлэхэд сургалтын чанар болоод арга барилын хувьд, мөн сургуулийн хувьд ялгаатай санагдсан зүйлс юу байсан бэ?
Миний мэргэжлийн хувьд техникийн хангамжийн тал дээр хамаагүй хүчтэй санагдсан. Монголд бүрэн хэмжээний кино хийхэд олддоггүй ховор шөнийн гэрэл манай сургууль дээр 6 ширхэг өрөөтэй байхыг хараад тэгж мэдэрч байсан. Манайх чинь магистрын сургууль нэг курстээ 30 хүрэхгүй оюутантай, мэргэжлээрээ хуваагдвал ихдээ л 7 баг болно. Тийм сургуульд ийм гэрэл 6 ширхэг байгаа нь Монголтой харьцуулагдаж байсан. Гэхдээ эндхийн оюутнууд нь сургуулиас хангадаг техникээ голоод ихэвчлэн гаднаас түрээсэлж хэрэглэдэг. Мөн медиа урлагт сүүлийн үед хүч аваад байгаа VR технологийг ашиглан сургууль дээрээ VR камер бариад кино хийж үзэж байна. Энэ бол надад төгссөн хойно ч мөд олдохгүй ховор боломж.
6. Солонгосын их дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд залууст зөвлөх хамгийн чухал зүйлс?
Хамгийн түрүүнд хэлээ л сайн сур. Хоёрын хооронд хэлнээс болж хичээлээ гүйцэт өөртөө шингээж авч чадахгүй байвал маш их харамсдаг. Хэлээ хангалттай суралцчихаад сургуульд ороход хожимдох зүйл ердөө байхгүй. Диплом хурдан авахын төлөө яарах хэрэггүй.
7. Таны бодлоор хичээлдээ онц сурах, өөрийнхөө дуртай зүйлээ сайн хийх хоёрын аль нь илүү чухал вэ? Эргээд өсвөр насаа харвал.

Миний хувьд бол дуртай зүйлээ хийх нь чухал. Би өөрөө бага насандаа Солонгост ирсэн тул эхний 5 жилийн турш бол дуртай зүйлээ хийх ч сөхөөгүй байсан л даа. Гэхдээ одоог хүртэл харамссаар байдаг юм. Өөр зүйлд дуртай болоод өөр зүйлийн төлөө хичээж яваа хэрнээ хааяа би тэр зүйлийг хийсэн бол илүү амжилттай явах байсан юм шиг санагдаад хорогдоод байдаг юм. Гэхдээ дуртай зүйлээ хөөгөөд хичээлээ хаячихаж болохгүй. Дуртай зүйлээ амархан хийхийн тулд онц дүнтэй байх нь нэмэр болдог юм билээ. Ядаж л цаашлаад их сургуульд ороход тэтгэлэг сайн авна. Тэгвэл мөнгөний тал дээр санаа зоволгүй дуртай зүйлдээ анхаарлаа хандуулж чадна. Тэгээгүй тохиолдолд дуртай зүйлдээ зарцуулах цагтаа цагийн ажил хийх шаардлага гарна.

8. Солонгос улсын их дээд сургуульд суралцахын давуу талыг та юу гэж ойлгодог вэ?

Хамгийн нэгдүгээрт тэтгэлэг. Хууль нь гадаад оюутнуудыг их дэмждэг тул ТОПИК шалгалт 3-аас дээш түвшинтэй бол улсын сургуулиудад тэтгэлэг 50 хувь, 5-аас дээш бол 100 хувийн тэтгэлэг авах боломжтой. Гэхдээ дунд, ахлах ангиа гадаадад суралцсан байх шаардлагатай юм байна лээ. Би дунд ахлах сургуулиа Солонгост суралцсан тул авч чадаагүй.
Сургалтын чанар сайн. Гэхдээ энэ нь бүх сургуульд хамаарахгүй. Яг хүссэн мэргэжлээрээ хамгийн сайн сургууль нь аль нь вэ? Гэдгийг олж байж чи сайн чанартай сургалт авах болно. Ямар ч хамаагүй сургуульд гадаад оронд цагийн ажил хийнгээ өөрөө хувиараа судалгаа хийж сурч байснаас Монголдоо сурсан нь дээр байх.

9. Солонгост их сургуульд сурч байх хугацаанд тань олдсон хамгийн том боломж гэвэл та юуг хэлэх вэ?

Энд мастерийн зэрэг хамгаалж байхад өвлийн амралтаар Америк руу хичээлд явуулж байсан. Анх удаа Америкад очиж үзээд олон студи, байгууллагуудаар орж шинэ зүйлүүдийг мэдэж авсан. 2 долоо хоногийн богинохон хугацаа байсан боловч ёстой л юм үзэж нүд тайлна гэгч болсон. PGA буюу Америкийн продюсерүүдийн холбоо, Reload Studio, Maker Studio, Entertainment Partners, Paradigm Talent Agency, LA Central Studios, Blizzard, Walt Disney Studio зэрэг олон газар очиж хичээл сонссон. Шинэ технолги аль хэдийн бий болчихсон яаж хүмүүст хүргэх вэ гэдгийг хэдэн жил судалж байгаа хүмүүс байсан. Би бол шинэ технологи зарлагдвал яаж тэрийг мэддэг болох вэ? Гэдгийг боддог бол тэд нар аль хэдэн жилийн өмнө тэрийгээ бий болгочихоод хэзээ зарлахаа судалдагхүмүүс байсан. Яг л ирээдүйг бүтээдэг хүмүүс шиг санагдсан. Тэд нар шиг олон нийтийн өмнө нь гарч алхдаг болохыг хүссэн. Тэдний ажлын арга барил, бүтээлч сэтгэхүй бүгд үнэхээр шилдэг байсан.
10. Мэргэжил сонголтоо хэрхэн хийсэн бэ?
Яг үнэндээ кино найруулагч болмоор байна гэж бодож найруулагчийн мэргэжлийг сонгоогүй. Энд ирсэн хойноо ч продюсер болмоор байна гэж продюсерын мэргэжил сонгоогүй. Монголд очихдоо ямар ч төлөвлөгөөгүй зүгээр л оччихсон. Намайг очиход ихэнхи сургуулиуд аль хэдийн элсэлтийн шалгалтаа аваад дуусчихсан байсан. Ямар мэргэжлээр сурахыг хүсч байгаагаа ч мэдээгүй. Тэр үед бол надад зүгээр л Монголд байгаа нь л сайхан байсан. КУДС-ийн нэмэлт элсэлт авч байгаа талаар мэдсэн. Найруулагчийн мэргэжил байдгийг сонсоод яагаад ч юм татагдсан. Солонгост байхдаа хийж чадах зугаатай юм нь дуу сонсох байсан тул шинээр гарсан клипүүдийг алгасалгүй үздэг байсан. Нэг удаа клипний найруулагч болмоор байна гэж бодогдож байсан удаа байсан юм. Тэгээд л орчихсон. Сургуульд орсон хойноо ч найруулагч болмоор байна гэж шууд бодогдож байгаагүй. Монгол хүүхдүүдтэй нэг сургуульд нэг шалан дээр гишгээд хичээлд явж байгаадаа хөөрөөд ерөөсөө өөрийнхөө ирээдүйн талаар гүн бодож байгаагүй. Тэд нартай өнгөрөөсөн сахилгагүй цаг мөчүүд илүү сайхан байсан. Гэхдээ юу ч сураагүй гэж бодож болохгүй. Яг үнэндээ би ч төгссөн хойноо юу сурсанаа мэдэхгүй л байсан л даа. Дараа нь мэддэг юм байна лээ. Энд магистр хамгаалж байхад хичээл дээр миний мэддэг юмнууд гарч ирээд л байсан. Мэдэмхийрч чадаад багш нарт магтуулна. Тэр үедээ ч их сургуульд сурч байсан зүйлүүд учраас мэдэж байгаа гэдгээ өөрөө ойлгоогүй. Цаанаасаа л мэддэг юм шиг санаж байлаа. Нэг удаа богино хэмжээний кино хийх болоод найруулагчийн ангийн нэг ахтай хамт зохиол хайх явцдаа хуучин дэвтрүүдээ гаргаж харсан юм. Тэр дэвтэр дээр миний МЭДЭМХИЙРЭЭД байсан зүйлс бүгд ярайтал бичээстэй байсан.

11. Мэргэжилээ сонгоход хамгийн чухал зүйл гэвэл та юуг хэлэх вэ?

Тэр мэргэжилд хэр сонирхолтой вэ гэдэг их чухал. Ажил гэдэг мэдээж хэцүү. Тогтмол цагт ажиллана, тодорхой үр дүн гаргах шаардлагатай гээд л.. дур тааваараабайж чадахгүй тохиолдол олон гарна. Тэртээ тэргүй дураараа байж чадахгүй нөхцөлд ядаж ямар ч сонирхолгүй мэргэжил бол ажлын бүх зүйл тэр чигээрээ хүнд ачаа шиг санагдах болно.

12. Та Солонгосийн томоохон телевиз болох “MBC” ТВ-д ажиллаж байсан шүү дээ. Энэ тухайгаа дэлгэрэнгүй ярьж болох уу, хэрхэн ажиллах боломж олдсон бэ?

Түрүү жил буюу 2016 оны зун “Амьдралоги” кинон дээр ажиллах гээд сургуулиасаа чөлөө авчихсан байсан. Киноны ажил дуусаад Солонгост буцаж ирээд хичээл эхэлтэл түр хийх ажил хайсан. Уг нь удаан ажиллаж чадахгүй тул богино хугацаанд ажиллах цагийн ажил хайж байсан юм. Яг тохирсон эвтэйхэн цагийн ажил олж чадахгүй байсан. Том байгууллагуудын ажлын заруудыг хараад яагаад ч юм орж чадах юм шиг санагдаад байсан. Ээждээ ээжээ тийм байгууллагад орчихоод түр ажиллаж байгаад гарчихвал яахуу? гэж асуусан чинь эхлээд орчихоод л хэл гээд бага зэрэг бассан шинжтэй хэлсэн хэхэ. Тэгээд л шарандаа тийм байгууллагуудын ажил олгогчидтой холбож өгдөг сайтан дээр өөрийн анкетаа оруулчихсан. Эхлээд ч MBC гэж бодоогүй. Нэг өглөө унтаж байсан чинь MBC-гээс ярьж байна анкетийг нь харлаа ярилцлаганд орох боломжтой юу гэж залгасан. Ярилцлаганд орохын өмнөх шөнө сандраад унтаж чадаагүй тул шал нойрмог ярилцлагандаа орсон. Тэрний ачаар сандралгүй тайван хэлэх үгээ хэлж чадсан байх хэхэ. Хариу нь тэр оройноо гарна гэсэн тул утсаа чагнаад л байсан байдаггүй. Орой намайг хариуцсан ажилтан залгаад хариу нь гараагүй байгаа шүү битгий итгэл алдраарай гэсэн. Маргааш нь тэнцсэн гэдгээ мэдээд итгэж өгөөгүй хэхэ. Тэр ажилтан ч гэсэн итгэж ядсан шинжтэй ярьж баяр хүргэсэн. Ажилд орсон хойноо ч итгээгүй. Ажлын үнэмлэх 5 хоногын дараа гарсан байх. Үнэмлэхээ авчихаад л итгэсэн хэхэ.
Эндхийн ажлын дүрэм нь эхлээд 1 жилийн гэрээ байгуулдаг. Дараа нь түүнийгээ дахиж 1 жилээр сунгаж болно. 2 жилийн дараа дахиж энэ байгууллагадаа ажиллахын тулд өөр газар 2 жил ажилласан хойно үндсэн ажилтнаар шалгуулж дахиж орох боломжтой. Би уг нь 1 жилийн гэрээгээ ямар ч гэсэн дуусгахаар төлөвлөж байсан юм. Дунд нь Бүчоны олон улсын фантастик кино фестивал (BIFAN)-ын “Fantastic Film School” гэдэг програмд тэнцээд тэрэнд оролцохын тулд ажлаасаа гарсан. 7 хоногийн програм байсан. MBC-д над шиг жуучлуулж ажилд орсон ажилчид 2 сар тутамд 1 хоногийн амралт өгдөг. Миний амралтын хоног 7 хоног хүрэхгүй байсан юм. Эртнээс хүсдэг том боломж байсан тул ажлаа хаяад оролцохоор шийдсэн.
13. Яг тань шиг хийхийг хүссэн зүйлээ сайн мэдэхгүй, ямар сургуульд ямар мэрэгжилээр суралцах вэ? гэдгээ шийдэж чадахгүй байгаа хүүхдүүдэд хандаж зөвлөхөд?
Өөрийгөө ойлгох л хамгийн чухал юм шиг байгаа юм. Би ямар хүн бэ? Би юу хийхдээ хамгийн жаргалтай байдаг вэ? Үүнийгээ хийнгээ хоолоо олоод иддэг болохын тулд би юунд мэргэших шаардлагатай вэ? гэдгийг хамгийн түрүүнд бодох хэрэгтэй байх. Хэрвээ юунд дуртайгаа бодож олж чадахгүй байвал эхлээд дургүй зүйлээ бодоод үз. Тэгвэл аль замаар явж болохгүй гэдгээ ядаж ойлгоно. Сонголт эрс цөөрнө.
14. Ямар ямар уран бүтээл дээр ажилласан бэ? Онцлох бүтээлийнхээ тухай сонирхуулвал?

УСК-ны хувьд Single Ladies 2 киноны Солонгос зураглаачийн орчуулагчаар анх ажилласан. Уг нь зохиолыг нь орчуулж өгчихөөд буцаад Солонгос явах төлөвлөгөөтэй байсан. Зураг авалтын төлөвлөгөө гарсан хойно сэтгэл хорогдоод нислэгээ хойшлуулчихсан. “АМЬДРАЛОГИ” кинон дээр туслах найруулагчаар ажилласан. Анх пре продакшны явцад нь туслачихаад Солонгос явах төлөвлөгөөтэй байсан. Бас л хорогдоод сургуулиасаа чөлөө аваад ажилласан. MBC-д намайг дөнгөж ажилд ороход манай багийнхан “W” олон ангит кинон дээр ажиллаж байсан. Дараа нь “Хүндийн өргөлтийн сахиусан тэнгэр Ким Буг Жү”, “Missing9″, “Radiant Office”, “Ruler : Master of the Mask”, “All Kinds of Daughter-in-law”, “Lookout” кинонууд дээр ажилласан.

15. Солонгосын урлаг соёлын нөлөөгөөр олон хүүхэд залуус Солонгос улсад суралцахыг, Солонгос хэл сурахыг цаашлаад Солонгос улсад ажиллахыг хүсэж эрмэлздэг болсон байна. Ялангуяа таны ажиллаж байгаа энэ “ододтой” уулзах боломжтой салбар гэх юм уу даа. Энийг та юу гэж бодож байна вэ, тэрхүү хүүхдүүдэд юу гэж зөвлөмөөр байна вэ?

Хэтэрхий өнгөн талыг нь харж битгий ирээдүйгээ шийдээсэй гэж хүсч байна. Зарим нэг хүүхдүүд надтай холбогдохдоо би багаасаа Солонгос киноны найруулагч болохыг хүсдэг байсан гэчихээд найруулагч юу хийдэг юм? гэж асуудаг. Хүн мэддэггүй юмаа хүсдэггүй шүү дээ. Багаасаа хүссэн бол юуг яаж хийхээ мэдэж байх ёстой. Үнэхээр хүсч байгаа бол өөрөө ч бас судалгаа хийсэн байх хэрэгтэй. Тийм биш зүгээр Солонгос одуудтай хамт ажиллах гээд ч юмуу гоё зүйлийг нь хараад хүсч байгаа бол харь газар ажиллах сайхан биш шүү дээ.Гадаад хүн ялангуяа Монгол хүн гэхээр юу ч мэддэггүй хөдөөний хүмүүс гэж харьцдаг. Солонгосчууд тэр тал дээр их муухай зантай хүмүүс. Арай сайн хүмүүс нь муулах биш өрөвдөж харьцдаг. Энэ бүхэн мэдээж хэцүү. Хангалттай мэдлэгтэй байж л өөдөөс нь том дугарах боломжтой. Эс үгүй бол дуугүй өрөвдүүлээд л явахаас өөр аргагүй шүү дээ. Солонгосын компаниуд бол энд сурсан Монгол хүн гэвэл нээх ажилд авах сонирхол байхгүй. Америк ч юмуу Хятадын том суруульд сурсан, техникийн, шинэ зах зээлийн мэдлэгтэй,энэ салбарын олон танил хүмүүстэйм гэвэл ажилдаа авахыг хүсэх болно. Гэхдээ мэдээж хаана ч ажиллахын тулд тэр улсын хэл, соёлыг мэддэг байх шаардлагатай. Үнэхээр Солонгост Солонгос одуудтай ажиллахыг хүсвэл Солонгосын кино продакшнууд чамайг ажилд авах хэмжээний мэдлэг боловсрол чадалтай бол! Танилтай бол! Өөрөө өөртөө боломжыг хайж бий болго!

16. Таны хувьд бас гадаадад амжилттай суралцсан Монгол залуусын нэг шүү дээ.яг одоо гадаадад сурч байгаа, сурахаар төлөвлөж байгаа хүүхдүүдэд юуг чухалчилан зөвлөмөөр байна вэ?

Нэгт хэлээ сайн сур. Сургуульд орж чадах хэмжээний биш сургуулиас авч болох бүх зүйлийг ойлгож авч чадах хэмжээний хэлээ сур. Өөртөө тохирсон хамгийн шилдэг сургуулийг хайж ол. Сурч байх явцдаа зөвхөн сургалтандаа анхаарлаа хандуулж чадахуйц эргэн тойрны асуудлаа цэвэрхэн байлга. Энэ 3-г биелүүлэхгүй бол СУРСАН биш СУРГУУЛЬД ЯВСАН болоод л дуусна.

17. Солонгосын ямар ямар алдартай уран бүтээлчидтэй уулзаж үзсэн бол гэдэг нь хүүхдүүдэд бас их сонирхолтой байгаа байх?
Жүжигчин Мүн Су Ри багш манай сургуульд жүжигчний багшаар ажиллаж байгаа. MBC телевизед ажиллаж байхад Нам Жү Хёог, Ли Сонг Гёонг, Ха Сок Жин, Хан Сон Хуа зэрэг миний ажилласан киноны жүжигчид, бусад телевизийн нэвтрүүлэгт орох гэж ирсэн модел Хан Хэ Жин, жүжигчин Даниел Хэнни, нэвтрүүэлгч Жон Хёон Мү зэрэг телевизийн алдартангуудтай таарч байсан. Аа бас цагийн ажил хийж яваад ‘The King’ киноны зураг авалт дээр жүжигчин Жу Ин Сонг Ким А Жүнг, ‘Lucky Romance’ олон ангит киноны зураг авалтын үеэр Рюү Жүн Ёл Хуанг Жонг Им, өөр бусад киноны зураг авалт дээр Со Канг Жүн, Канг Мин Хёог нарыг харж байсан юм байна.

Өсвөрийн сэтгүүлч Т. Ариунбаяр

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх