“Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого үйл ажиллагаа” зөвлөлдөх уулзалт боллоо

2018 оны 03-р сарын 15 өдөр, 08 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй төрийн болон хувийн өмчийн 100 орчим их, дээд сургууль, коллежид 160 гаруй мянган оюутан суралцаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан судалгаагаар жилд 30-40 мянган оюутан сургуулиа төгсдөг ч ердөө гуравны нэг нь эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаг аж. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 60.1 хувь нь 15-34 насны залуучууд эзэлдэг гэж мэргэжилтнүүд хэлж байв. Үүнийг их дээд сургуулийн чанартай холбон ярих хүмүүс ч цөөнгүй байдаг. Тэгвэл  Хөдөлмөр нийгмийн  хамгааллын яамнаас өнөөдөр   “Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого үйл ажиллагаа” зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын зарим гишүүд, төрийн бус өмчийн болон их дээд сургуулийн дэргэдэх 48 сургалтын байгууллагын захирлууд, олон улсын донор байгууллагуудын төлөөлөл болох 80 гаруй хүмүүс оролцлоо.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Нийслэлийн хэмжээнд 2016-2017оны хичээлийн жилийн эхэнд их, дээд сургууль, коллежид суралцагчдын тоо 157,138 болж, өмнөх хичээлийн жилээс 5,488-аар буюу 3.4 хувиар буурсан. Элсэгчдийн тоо буурсан нь олон хүчин зүйл нөлөөлсөн  ч, эдийн засгийн хямрал нэн тэргүүнд нөлөөлж байна. Манай яамнаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамтай хамтран уялдаа холбоотой ажиллах шаардлагатай гэж харж байна. Сүүлийн жилүүдэд их дээд сургуулиуд шалгуур болох босго оноогоо багасгаж байгаагаас үүдэн коллежид элсэх хүүхдүүдийн тоо эрс багассан. Боловсролын яамтай хамтран элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог өндөрсгөх талаар хэлэлцэнэ.

Цаашдаа коллежийн тэнхимийн сургалтыг практиктай хослуулан чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд, анхаарч ажиллана. Мөн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудыг түшиглэж гадаад орон руу оюутан солилцох, өөрсдийн сургууль дээрээ гадаад хэлний сургалт явуулах материаллаг баазтай, багш боловсон хүчний нөөцтэй болгох гэсэн яриа давхар яригдаж байна. Өөр нэг чухал асуудал бол орон нутгийн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлүүдийн даргыг дандаа Улаанбаатар хотоос хариуцдаг. Энэ нь сул тал болоод байна.

Тийм учраас төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тухайн орон нутагт ажилладаг мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төлөөллийг томилох шаардлагатай. Удахгүй Засгийн газарт мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын талаарх арга хэмжээний тогтоол оруулж  эдгээр асуудлыг шийднэ. Энэхүү уулзалтаас гарч байгаа саналыг тусгаж Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хуульдаа өөрчлөлт оруулах асуудлыг хаврын чуулганаар оруулна” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх