Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Жамбын Норолхоо /Баримтат киноны найруулагч /

2018 оны 11-р сарын 01 өдөр, 09 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Ж.Норолхоо.- монтажны найруулагч, кино мэдээ, баримтат киноны найруулагч     Ж. Норолхоо нь 1943 онд Увс аймгийн Хяргас сумын нутагт төрсөн. 1961 онд Баруун Турууны 10 жилийн сургуулийг төгссөн.  1964 онд Монголкино үйлдвэрийн нэртэй туршлагатай эвлүүлэгч Л. Далайхүүгийн дагалдангаар орж  ажилласан кино эвлүүлэгчийн мэргэжилдээ мэрийлттэй, зүтгэлтэй суралцаж чадсанаар мэргэжлийн комиссын шалгалтыг хангалттай өгч З-р зэргийн эвлүүлэгчийн зиндаагаар ажиллах болжээ. Тэрээр кино мэдээ, баримтат кино, уран сайхны киноны эвлүүлэгчээр ажиллаж байгаад өөрөө бие даан тайлбар бичих, найруулах чадвартай болсны дээр зарим киноны зохиолыг бичилцэхэд санаа оноогоо өгч мөр зэрэгцэн ажиллах болсондоо улам урамшин шинийг мөрөөдөж, ихийг бүтээх урам орж байсан нь гарцаагүй. Ж. Норолхоо найруулагч анх Монгол кино үйлдвэрийн босгыг алхан орж дагалдан монтажчнаар ажлын гараагаа эхэлснээс хойш мастер монтажчин, кино мэдээний найруулагч, баримтат киноны найруулагч болтол 40 илүү жилийн их замыг туулахдаа  өөрийн бүтээсэн баримтат кино, кино сэтгүүлүүдэд 2700 гаруй сурвалжлагыг хийж Монгол улсын амьд түүхийг зузаатган баяжуулах үйлсэд өөрийн хувь нэмрийг жинтэй оруулсан уран бүтээлч юм. Тэрээр зөвхөн баримтат киногоор тогтохгүй “Босоо ороолон” кино зохиолыг М. Жавгантай,  “Хүний юм” кино зохиолыг Ж. Барамсайтай хамтран бичиж уг кинонуудынхаа ерөнхий найруулагчаар ажиллав. “Үөр”, “Өглөө”, “Анхны хайрын дууль”, “Баянбулгийнхан”, “Гал хам” зэрэг уран сайхны кинонуудад эвлүүлэгч, ассистент найруулагч, дэд найруулагчаар тус тус ажилласан. Эмэгтэй кино найруулагчдаас Монгол улсад хамгийн олон 50 гаруй нэрийн  баримтат кино, 300 – аад дугаар кино мэдээ найруулж түүнийхээ тэн хагасаас илүү хувийн тайлбар зохиолыг хариуцан бүтээснээрээ анхдагч юм. Чухам тиймийн учир түүний зоримог дайчин, шаргуу бүтээлч, эрэлхийлэлтэй хийгээд ололттой уран бүтээлийнх нь амжилтыг Төр засгаас үнэлэн Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор алдраа өргүүлсэн Монгол киноны түүхийн хоёр дахь эмэгтэй найруулагч юм. Ж.Норолхоо эвлүүлэгч, эвлүүлгйин найруулагчаар ажилласан уран сайхны киноны жагсаалт:

1. Зэрэг нэмэхийн өмнө – 1965 он /Л.Далайхүү багштайгаа хамт /

2. Ус – 1965 он

3. Үер – 1966 он

4. Өглөө – 1968 он

5. Анхны алхам – 1969 он

6. Баянбулгийнхан – 1973 он

7. Алтан соёмбын дуулал – 1975 он

8. Анхны хайрын дууль- 1975 он

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх