Богино өгүүллэг: БОЙТОГ

2019 оны 12-р сарын 16 өдөр, 02 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Канадаас авсан шүү. Их л үнэтэй дэлгүүрээс. Нэртэй үйлдвэрийн үзэг. Миний сэтгэл огт хөдөлсөнгүй. Ийм гялгар сайхан үзгээр бичлээ гээд гайхамшигтай үгс урсаж ундарна гэж үү? Хамаг зүйл хэрэглэж байгаадаа биш заяанаас л шалтгаалдаг гэдгийг эртнээс мэднэ. Сайхан үзэгтэй, тохилог ширээтэй бол л сайн сайхан зүйл бичээд байх юм шиг санагчид цөөнгүй.

-          Дүү минь, дүү минь одоо чинь хүнийг өмсөж зүүснээр нь үнэлдэг болсон цаг. Гэтэл чи нэг хар өмд, ноосон цамц хоёроос салахгүй юм.

Миний сэтгэл бас л хөдөлсөнгүй. Гагцхүү толгойд бойтог, бойтог, бойтог гэдэг үг өдөржин эргэлдэж байлаа. Хуучин авдрын ёроолд байх миний багын нэхий бойтог. Тэр л бойтогны тухай биччихвэл хамаг хэрэг бүтчих юм шиг санагдаад байх болжээ.

-          Эгч ээ, миний бойтог авдарт байгаа болов уу?

-          Ямар авдар.

-          Ээжийн…

-          Харанхуй өрөөнд үз.

Тэдний арван хүн аятайхан амь зуучихаар харанхуй өрөөний буланд ээжийн минь авдар харагдана. Тагийг нь аажуухан нээж доторхийг нь онгичиж гарлаа. Байж байна. Орос эрээн даавуунд их л нямбайлан боожээ. Гаргаж ирээд үнэрлэв.

Гэрийн хаяанд гудас дэвсээд хэвтэж байх юм. Их л халуун өдөр. Гэрийн хаяа сөхөөстэй.

-          Ээж ээ, хүйтэн хярам уумаар байна.

-          Босож ирээд уу.

Гэрт орвол ээж авдрынхаа өмнө зогсож байна.

-            Хөөх энэ хэний гутал вэ?

-          Бойтог гэдэг юм аа, хүү минь.чинийх.

-          Минийх гэж үү? Марзан юм.

-          Чи саяхан л ийм жижигхэн байлаа шүү дээ?

-          Та юунд наадхаа хадгалдаг юм.

-          Миний хүү хожим ихээ том эр болохоороо хааяа үнэрлэж байг гээд л…

-          Заваан юм. Юу үнэртэх юм.

-          Цаг нь болохоор мэднэ ээ, хүү минь.

Нулимсаа арчивч аандаа асгарсаар байлаа. Ямар ер бусын үнэр…

Энэ амьдралын үнэр хүртэл хувирчээ. Бойтог руугаа явахсан.

/Зохиолч П.Батхуяг/

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх