Оюуны өмч гэж юу вэ?

2014 оны 03-р сарын 03 өдөр, 04 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
25

Зохиогчийн эрх оюуны өмчийн нэг хэлбэр. Оюуны өмч нь үйлдвэрийн болон зохиогчийн эрх гэсэн хоёр салбарт хуваагддаг. Аж үйлдвэрийн өмчид хүний өдөр тутмын хэрэгцээг хангах бараа бүтээгдэхүүн болон түүний дээрх тэмдэг мөн үйлдвэрлэхэд хэрэглэж байгаа техник, технологтой холбоотой дизайн, шийдэл зэрэг багтана. Харин зохиогчийн эрх нь оюун санааны хэрэгцээг хангах урлаг, утга зохиол, шинжлэх ухааны бүтээлүүд, компьютерийн программ зэргийг хамардаг юм. Манайхан эдгээр ойлголтыг хольж сольдог. Нэр томъёо, утга агуулгын хувьд ч мөн адил. Шинэ бүтээл, бараа бүтээгдэхүүний тэмдэгт гэхэд зохиогчийн эрх авна гэдэг ч юм уу, эсвэл зохиогчийн эрхийн бүтээлээ патентжуулна гэж ярьдаг юм. Тухайн хүн шинэ бүтээл хийсэн бол Оюуны өмчийн газар болон тухан орон нутгийнхаа Патентийн газар хандаж өргөдөл гаргах ёстой. Хайлт шүүлт хийлгэж, шинэ гэдгийг тогтоолгоно. Харин патент, гэрчилгээ авах шийдвэр гарлаа гэхэд анх өргөдөл өгсөн өдрөөр тооцож тухайн хүний өмч болгодог. Гэтэл оюуны бүтээлийн хувьд заавал Оюуны өмчийн газар хандаж, гэрчилгээ авах шаардлагагүй. Энэ тухай Зохиогчийн эрхийн тухай хууль, Зохиогчийн эрхийн салбарын Бернийн конвенц зэрэгт заасан байдаг. Тухайн бүтээлийг зохиосон үеэс эхлэн зохиогчийн эрх хамгаалагдана гэж дурдсан байдаг.

Жишээ нь, хүүхэд төрөөд л амьд явах зэрэг төрөлх эрхээ эдэлдэг. Эцэг эх нь гэрчилгээ авахаас өмнө хүүхдээ гаргуунд нь хаячихдаггүй биз дээ. Yүнтэй ижил зохиогч гэрчилгээ аваагүй бол бүтээл нь түүнийх биш гэж үзэж болохгүй. Харамсалтай нь, наад захын ийм зүйлийг энгийн хүмүүс байтугай шүүгч нар ойлгодоггүй. Шүүхийн байгууллагад “Миний оюуны бүтээлийг хулгайлчихлаа” хэмээн хандахад “Та Оюуны өмчийн газар энэ бүтээлээ бүртгүүлээгүй л бол нэхэмжлэлийг чинь хүлээж авах боломжгүй” гэж хэлдэг.

Оюуны өмчтэй харьцах соёлтой харилцааг тогтоох нь
Эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийг хөдөлгөгч хүчин болсон оюуны өмчийн сурталчилгааг явуулснаар дараахь үр дүнд хүрнэ:
-Төрийн агентлаг, албан хаагчдын оюуны өмчийн эрхийн хэрэглээ шаардлагыг нэмэгдүүлэх зорилгоор бодлого, зохион байгуулалт, менежментийн тусгай хөтөлбөрүүдийг боловсруулах

-Олон улсын хамтарсан үйлдвэрүүдээс эхлэн жижиг үйлдвэрүүд хүртэл, хувийн хэвшлийнхэнд оюуны өмчийн үнэ цэнийг ойлгуулж, оюуны өмчийн эрхийг авах, мэдлэг мэдэгдэхүүн дээр тулгуурласан аж ахуйн үйлдвэрлэлийг хөтлөн явуулах

-Ард нийт хууль ёсны бүтээгдэхүүн, үйлчилгээг хүртэхийн ач холбогдлыг ойлгож, улмаар орон нутгийн үйлдвэрүүд хөгжин, түүнтэй уялдан татвар хураалтын хэмжээ нэмэгдэж хуулийн бодит хэрэгжилт сайжирна.
Оюуны өмчтэй харьцах зохистой ёс суртахуун төлөвшин тогтоогүйгээс эдийн засаг зогсонги байдалд орж, шинэ санаачлага, бүтээлч эрэлхийлэл унтарч, бизнесийн үйл ажиллагаа уруудан доройтож, дасан зохицох чадвар буурдаг. Оюуны өмчийн соёл бүрэлдэн тогтоогүй хөгжил буурай орнуудын хувьд оюуны өмчийн идэвхтэй бодлогыг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Үүний тулд дараахь үйл ажиллагаануудыг явуулж болно.
-Өнөөгийн бодитой оршин буй оюуны өмчийн байдлыг тодорхойлох
-Шинжлэх ухаан, соёл, худалдаа, эдийн засаг, боловсролын бодлоготой уялдуулан үндэсний оюуны өмчийн стратегийг боловсруулах
-Оюуны өмчийг төрүүлэх, ашиглах, зохион бүтээгч хувь хүмүүс, байгууллагуудад шагнал урамшуулал олгодог байх.


                                                Оюуны өмчийн давуу тал
Оюуны өмч нь шинэ бүтээлийг төрүүлэн худалдаалах замаар хүн ардын амьжиргааны төвшинг практик амьдрал дээр болон соёлын хүрээнд сайжруулдаг. Хүний нөөцийн хөгжлийг түргэсгэж, эдийн засгийг урагшлуулан, шинийг санаачлагч, зохион бүтээгчдийг дэмжих урам зоригийг бий болгодог.
Оюуны өмч нь бүх хүмүүст хүртээж болохуйц нийтлэг баялаг юм. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын хамгийн чухал үүрэг нь өөрийн гишүүн орнуудад оюуны өмчийн хэрэгслүүдийг ашиглан хөгжих замаар эд баялаг бий болгох, оюуны өмчийг өөрийн орны хөгжил цэцэглэлтэд зориулан хэрэглэхэд зохих дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой байдаг.Оюуны өмч нь ач холбогдлыг нь бүрэн ухаарсан, хүлээн зөвшөөрсөн, хуулиар хамгаалж бүрэн сахин хэрэгжүүлсэн тийм л улс оронд хөгжин дэлгэрч оршин тогтнож чадна. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагаагаа оюуны өмчийг хамгаалж түүний ач холбогдол, нөлөөллийг сайжруулахын төлөө чиглэдэг.

Оюуны өмчийн тулгамдаж буй асуудалууд /иргэдийн зүгээс/

Оюуны өмчийн  бүтээл дотроо олон янз. Шинжлэх ухаан, урлаг, утга зохиолын бичмэл бүтээлүүд, гэрэл зураг, кино зэрэг. Кино болон түүнтэй төсөөтэй бүтээлүүд гэхэд мөн л олон төрөл. Баримтат, уран сайхны, зурмал, шинжлэх ухааны гэх мэт. Бүх л төрлийн хүрээнд хандаж байна. Гомдлын 40 хувийг зохиогчийн эрхтэй холбоотой зөрчил эзэлдэг. Yүний дийлэнх нь дуу хөгжим, бичмэл бүтээл, программ хангамжтай холбоотой.

Манай аль гайгүй гэсэн бүх хүнсний үйлдвэр “Чингис” нэртэй сархад, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэсэн ч тэдэнд Оюуны өмчийн газрынхан “Чингис” гэсэн нэрийг хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрдөггүй гэнэ. Учир нь нэр алдартай хүний нэрэнд барааны тэмдэг олгохгүй гэсэн хууль журмаа үзүүлэн толгой сэгсэрдэг аж. Яах вэ, хууль нь нэгэнт ийм бол Оюуны өмчийн газрынхны зөв. Гэтэл эзэн Чингисийнхээ нэрийг үндэснийхээ үйлдвэрлэгчдэд өгөөгүй хэрнээ   Казахстаны нэгэн тамхины үйлдвэрт “Чингис хаан” нэрийг барааны тэмдэг болгон Монгол Улсын Оюуны өмчийн газар бүртгэж гэрчилгээ олгосон байх юм. “Чингис” нэрийг монгол хүнд, монголчуудад ашиглуулж болохгүй, харин гаднынханд болно гэсэн хууль байхгүй л баймаар.  Энэ баримтууд бол Оюуны өмчийн газрынхан оюуны өмчийг хамгаалах биш, оюуны өмчийг хулгайлахад, хувилж тараахад оролцдог болсны баримт юм. Нэр дээр суурилсан үйл ажиллагааг, бизнесийг биш, зөвхөн оноосон нэрүүдийг л патентжуулан далд бизнесийг хөхиүлэн дэмждэг тухай энэхүү өгүүллийн эхэнд дурдсан. Хэрвээ сэргэлэн, хамгийн гол нь Оюуны өмчийн газарт найдвартай танилтай хүн байвал Монголд орж ирэх нь тодорхой дэлхийн брэндүүдийн нэрийг өөр дээрээ оюуны өмч болгон патентжуулахыг зөвлөе. Уг нь ийм дэлхийн брэндүүдийг оюуны өмч болгож өгмөөргүй л юм. Гэтэл Оюуны өмчийн газрынхан яг оноосон нэрийг нь биш ч, ийм нэрээр Монголд үйл ажиллагаа явуулах эрхийг  хэн нэгэн танил талдаа патент болгон баталгаажуулчихдаг байна. Жишээ нь, хэзээ нэгэн цагт Монголд Макдональдс орж ирж л таарна. Эртнээс та энэ нэрийг Монголд ашиглах эрхийг өөрийн оюуны өмч болгоод авчихсан байвал хожмоо Макдональдсыг оруулж ирсэн компанид патентаа дажгүй өндөр үнээр зарна шүү. Энэ бол бэлэн жишээ. Харин олсон ашгаа ийм боломж олгосон хүмүүстэйгээ хуваадаг жишиг байдаг үгүйг мэдэхгүй юм

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх