Цагаан толгойн үлгэр /үлгэр/

2014 оны 03-р сарын 10 өдөр, 04 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
85

Эрт урьд цагаас энэ манай үе хүртэл “Эрдэм номын хаант улс” гэсэн нэгэн гүрэн энх амгалан оршсоор иржээ. Энэ хаант улсад хаанаасаа эхлээд харц ард хүртлээ үлгэр, шүлэг, ном зохиодог болохоор “Эрдэм номын хаант улс” гэж нэрлэсэн юмсанжээ.

Эрдэм номын хаант улсыг цал буурал үстэй цаглашгүй их эрдэмтэй Цагаан толгой хаан, оюун ухаан, үг хэл төгс Эх хэл хатныхаа хамтаар захиран суудаг байжээ. Хаант улсын ард түмэн нь ухаант хааныхаа удирдаж байгаа улс орондоо үнэхээр их аз жаргалтай амьдардаг болохоор үлгэр, ном зохиох ажилдаа чин сэтгэлээсээ хандаж дэлхийн бүх хүүхдүүд зориулж олон гайхамшигтай үлгэрийг зохиож өгдөг байлаа.

Хаан хатан хоёр гучин таван хүүхэдтэй, тэдний арван найм нь ухаант ханхүү, арван долоо нь үзэсгэлэнт гүнж нар юм. Хэдийгээр Цагаан толгой хааных энэ дэлхийн хамгийн өнөр гэр бүл боловч хүүхдүүд нь бие биенээ хүндэтгэж, том нь багынхаа үгийг сонсож, бага нь ах эгч нарынхаа үгэнд орж эв найртай, аз жаргалтай амьдран суудагаараа бусад улс гүрнүүдэд хүртэл алдаршсан байлаа. Үлгэр, ном зохиохын өмнөх үг бүтээх хүндхэн ажлыг хааны гэр бүл хариуцаж, ханхүү гүнж нар өөрсдөө энэ хэцүү ажлыг хамтран хийдэг байжээ. Ах дүү гучин тавын хамгийн ууган нь болох ханхүү “А” үг бүтээхдээ дүү нараа уриалан идэвхитэй оролцдог, отгон дүү “Я” гүнж ч гэсэн бусдаасаа ер хоцордоггүй байв. Хэдийгээр ханхүү, гүнж нар үг бүтээхдээ бүгд сайн боловч өөрсдийн гэсэн онцгой чадвартай байлаа.

Хааны хүүхдүүдээс улс гүрнээ удирдах мэргэн ухаанаараа ханхүү “А”, “О”, “У” нар бусдаасаа ялгардаг бол “Ө”, “Ү”, “Э”, “И” гүнж нар эв найрыг эрхэмлэн өр зөөлөн сэтгэлээрээ өстөн дайсан болж эвдэрсэн хэнийг ч болов эвлэрүүлдэг байлаа. Харин эгч дүү долоон гүнж “М”, “Н”, “Г”,  ”Л”, “Б”, “В”, “Р” нар гэрэл гэгээ цацарсан эгшигт хөгжмийн аялгуугаараа бусдад үргэлж урам зориг нэмдэг болохоор хүмүүс “Эгшигт долоон гийгүүлэгч” гэж нэрлэжээ. Харин “Т”, “Ц”, “Ж”, “З”, “С”, “Д”, “Ш”, “Ч”, “Х” нарын есөн ханхүү эр зориг, цэргийн эрдэмээрээ ард олондоо алдаршсан байлаа. Бас “Й”, “Ы” гүнж нар ч гэсэн есөн ахаасаа ер дутахгүй эр зоригтой гэнэ шүү. Цагаан толгой хаан, Эх хэл хатан хоёр өрөвч сайхан сэтгэлтэй хүмүүс болохоор гадаад гүрнээс 4 хүү өргөж авсан нь төрсөн хүүхдүүдээс дутуугүй ачлалтай ханхүү “К”, “П”, “Ф”, “Ш” нар юм. Ханхүү “Ъ”, “Ь” нар тулгарсан асуудлыг хатуу, зөөлөн аль ч талаас нь тун мэргэнээр тунгаан шүүдэг байлаа. Харин хэлхэд хэцүү үгийг ч бүтээж чаддаг “Е”, “Ё”, “Ю”, “Я” гүнж нар үйлэнд урнаараа тун их алдартай ажээ.

Хаан аав, хатан ээж хоёр нь ухаантай, авъяастай хүүхдүүдээрээ үргэлж бахархан тэднийгээ эвтэй найртай байхыг харж сэтгэл амар амьдран суудаг юм. Цагаан толгойн үлгэр цаашид үргэлжлэх болно. Харин хүүхдүүд та бүхэн аав, ээжийнхээ үгэнд ордог, эрдэм ном сурахдаа хичээдэг, аавдаа ачлалтай ээждээ энэрэлтэй ухаантай хүмүүс болоорой.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх