Алтан ордны улсыг ахин нэгтгэгч арга мэхт Тохтамыш хаан

2014 оны 03-р сарын 11 өдөр, 04 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
images

Алтан Ордны монгол улсын сүүлчийн хүчирхэг хаан нь Тохтамыш юм. Түүний эцэг нь Тули ходжа бөгөөд Үрүс хааны төрсөн дүү байжээ. Тэрбээр идэр залуу насандаа эрх мэдлийн төлөө тэмцэлд авга ахдаа дийлдэн, тэр үед хүчирхэгжин мандаж байсан Доголон Төмөрийг бараадан, Самарканд хотод очсон байна. Энэ үед Алтан Ордны улс нь урьдын хүчирхэг байдлаа гээн, дотроо 3 хэсэг хуваагдан, дор бүрнээ засгийн эрхийн төлөө тэмцэлдэж, энэ байдлыг нь ашиглан харьяат улсууд тэр дотроо оросын вангууд салан тусгаарлах оролдлого идэвхтэй хийж байв. Харин Дундад Азийн газар нутгийг нэгтгэн, нэгэн улс байгуулах ажлыг хийж байсан Төмөр өөрийн улстай хил залган оршиж буй Цагаан ордны улс хүчирхэгжих нь байгугай, ерөөсөө оршин байх нь халгаатайг сайн ойлгож байсан тул түүнийг гартаа оруулах буюу ядаж хараандаа байлгахад төлөөний хүнтэй байх нь хичнээн чухлыг мэдэж байв. Иймд Тохтамышийг халуун дотноор хүлээн авахыг тушааж, ихээхэн бэлэг сэлт өгч, цэрэг эрсээр хангаад тогтохгүй, Отрар Сауран Сыгнак хотуудыг хүртэл түүнд өгчээ. Гагцхүү эдгээр хотыг өөрийн болгохын тулд байлдан авч эзлэх хэрэгтэй байв.

 Тохтамыш эхлээд Цагаан ордны, улмаар Алтан ордны хаан ширээнд хүрэхийн тулд багагүй бэрхшээл туулж, хатуу хүтүүг амссан билээ. Үрүс хаан Алтан ордны улсад тэмцэлдэн яваа чөлөөг ашиглан эзгүйчилж, Тохтамыш Цагаан ордны хаан ширээнд хэрэг дээрээ сууж байгаа Үрүсийн хүү Күтлүгбугын эсрэг 1374 онд дайлаар морджээ. Анхны тулалдаанд Күтлүгбуга алагдсан хэдий ч Тохтамыш ялагдан зугтаав. Тэр дахиад л Төмөрийн нөмөр нөөлгийг барааджээ. Төмөр түүнд хоёр дахь удаагаа туслан түрүүчийнхээсээ олон хүчирхэг цэргийг өгч Цагаан орд руу явуулав. Энэ удаа Тохтамышийн эсрэг Үрүс хааны хүү Тогтакия тулалдав. Азын тэнгэр нь нүүр буруулсан Тохтамыш дараалан ялагдав. Төмөр Цагаан ордны хаан ширээнд өөрийн хараат хүнийг суулгах хүсэл маш их байсан тул энэ удаа ч Тохтамышийг зэмлэн буруушаасангүй урьдын адилаар ивээлдээ авсан юм. Түүн дээр нэмэгдэн Цагаан орд улсаас Мангут овгийн Эдигей Үрүс хааныхнаас зугтан ирснийг ивээлдээ авсан бөгөөд Үрүс хаан тэднийг буцааж өгөхийг шаардсан боловч татгалзсан хариу сонсов.

 Гэлээ ч цаг цагаараа байдаггүйн үлгэрээр энэ үеэс эхлэн Тохгамышийн өөдлөн өндийх цаг ирж, азын тэнгэр түүнд нүүрээ харуулах болов. Үрүс хааны дараагаар Цагаан ордны хаан ширээнд гарсан Төмөрмелик найр наадам хийн хамаг цагаа нөхцөөж, тоглоом наадам хөөцөлдөж явсаар улсынхаа дотор нэр хүндээ алдаж гүйцэв. Энэ аятай цагийг тааруулан Төмөр Тохтамышт дахин цэрэг өгч Цагаан ордны хаан ширээг эзлүүлэхээр явуулжээ. Энэ удаа тэрбээр итгэлийг биелүүлж, сүүлийн 3-4 жилийн хугацаанд анх удаагаа ялалт байгуулж, Цагаан ордны хаан ширээг булаан авсан болой. Тэр Сыгнак Саурин зэрэг хотуудыг эзлэн авч, улмаар өөрийн нэртэй зоос хүртэл гарган, 1377-1378 онуудад Алтан Ордны гол нутаг руу цөмрөн орж, нэг их төвөггүйгээр Сарай Бэрх болон Ижил мөрний зүүн эргийн бусад хотуудыг эзлэн авчээ.

 Тэрбээр ийнхүү өрсөлдөгчдөө давамгайлан Алтан орд Цагаан орд хоёрыг нэгтгэн нэгэн хүчирхэг улс байгуулах гэсэн Үрүс хааны бодлогыг тууштай үргэлжлүүлэв. Гэтэл энэ үед Алтан ордны монгол улсын нугаг дэвсгэрийн ихэнх хэсгийг хүчирхэг Мамай гартаа барьж байлаа. Тэмцлийн энэ шатанд Мамай Тохтамышийн гол дайсан болж хувирав. Харин Мамай Куликовын тулалдааны шархаа эдгээн, орос руу Дмитрийтэй даагаа нэхэн байлдах гэж бэлтгэн, зав чөлөө муутай байсан учир Сарай Бэрхэд хаан ширээнд суусан Тохтамышийг анхаарах сөгөөгүй байв. Куликовын талд болсон тулалдаанд ялагдсан нь Мамайд өөрт нь ч, нийт Алтан ордны монгол улсын хувь заяанд ч ихээхэн уршигт дагавартайг ойлгож байсны хувиар богино хугацаанд орос руу дахин довтолж, ялалт байгуулахыг яаравчилсан ч түүнд тийм боломж олдсонгүй. Нэгэнт хүчээ авч эхэлсэн Тохтамыш түүн рүү түрүүлж довтлон, Калка гол дээр болсон тулалдаанд түүнийг бүрмөсөн сүйрүүлэв.

 Тохтамыш Мамайг ийн ялсны дараа Алтан ордны улсын бүрэн эрхт ганц эзэн болж тодорсон билээ. Түүний мэдэлд Астраханаас Булгарын хоорондын Ижил хавийн бүх нутгаас гадна Хойд Кавказ, Ижил мөрнөөс баруун тийших өргөн уудам нутаг, дээр нь Крым орсон байна. Тохтамыш тэр намартаа Москва руу их ван Дмитрий Донскийд болон оросын бүх вангуудад элч илгээж, өөрийнхөө болон тэд нарын ч дайсан Мамайг ялснаа мэдэгдсэн байна. Москва болон оросын бусад хот Куликовын тулааны дараах шархаа арилгаж чадаагүй тул аргагүйн эрхэнд Алтан ордны шинэ хаанд захирагдан, алба гувчуур өгч эхэлжээ. Тиймээс Куликовын талд Мамайг дийлэн мандаж байсан Дмитрий Донский ялалтанд хүрчихээд ганцхан жил болоогүй байтлаа Тохтамышт бэлэг сэлт, барьцааны хүмүүс явуулсан нь арга ядарсан хэрэг байлаа.

 Урьдын хаад оросоос зөвхөн алба гувчуур аваад түүнийгээ өгөхгүй бол цэрэглэн дайрч, тонон дээрэмдээд буцдаг байсан бол Тохтамыш оросыг Алтан ордны монгол улсын бүрэлдэхүүнд оруулах чиг барьж байлаа. Иймээс оросын олон вант улсуудын дотроос хамгийн хүчирхэг болсон Москваг бүрэн эрхэндээ оруулах нь оросуудын салан тусгаарлах илд далд хандлагыг бүрэн нухчин дарахад тэргүүн зэргийн ач холбогдолтой гэж үзсэн тул Дмитрий өөрт нь алба гувчуур, бэлэг сэлт өгсөөр атал Тохтамыш Москва руу аян дайн хийх бэлтгэлээ базаасаар байв. Ингэхдээ дайлаар мордох бэлтгэлээ ихэд нууцалж байсны дотор Алтан ордод байсан оросуудыг, ялангуяа худалдаачдыг баривчлан буцаахгүй хорьжээ. Ийнхүү бэлтгэлээ базаагаад Москваг эзлэн номхотгох зам зуур оросын бусад олон вангуудын нутгийг түйвээн сүйтгэсэн нь тэдэнд 150 жилийн өмнөх Бат хааны үеийн аймшгийг дахин сануулсан хэрэг байв. Энэ дайны дараа Алтан Ордны Тохтамыш хааны өмнөөс мөчөөрхөх зоригтой оросын ван нэгээхэн бээр ч үлдсэнгүй, бүгд хувь тавилантайгаа эвлэрчээ.

 Энэхүү аян дайны дараа Тохтамыш Алтан ордны Монгол хаадын анхаарлыг татсаар ирсэн Азербайжанд анхаарлаа хандуулав. Энэ үед Ил хаадын монгол улс хэдийнэ мөхөж, хойд иранд түрэг монголын гэгддэг Желайридын удмынхан өөрийн улсаа байгуулаад байжээ. Тохтамыш 1384 онд Тебризийг эзлэн их олз омогтой буцжээ. Тэгээд 1386 онд Ил хаадын улс мөхсөнөөс хойш нилээд сулраад байсан Египеттэй дипломат холбоогоо сэргээн, идэвхжүүлэх талаар хэд хэдэн алхам хийсэн бөгөөд Доголон Төмөр хааныг хэт нь иранд бэхжвэл хамтран тэмцэхээр төлөвлөж байв. Гэвч Египетүүд бүр Бэрх хааны үед баримталж байсан бодлогоо үргэлжлүүлэн, хоёр нүүр гаргаж, элч солилцох хэмжээнээс хэтэрч туслалгүй орхижээ. Алтан Ордны улсыг хураан захирч, ертөнцийн хамгийн хүчирхэг хаадын нэг болж чадсан Токтамыш хэдийгээр түүний өөдлөх дээшлэх замд нь харамгүй тусалсан ч Чингис хааны удмын хүний хувьд “нэг муу Мавернахрын эмир” байсан Төмөрт захирагдахыг хүссэнгүй, түүнтэй мөчөөрхөн тэмцэж, хязгаар газар нутгаас булаалдах тэмцэлд шуудран оржээ.

 Энэ үед Төмөр гол цэргээ авч Иран руу гүнзгийрэн орсон бөгөөд Мавераннахрд их цэрэг үлдээгүйг Тохтамыш мэдээд түүний хилийн хот Сабранд тулж очжээ. Түүнтэй Төмөрийн хүү Омар шейх тулалдсан авч ялагдаад нилээд нутгаа цөлмүүлсэн байна. Ийнхүү Төмөр, Тохтамыш хоёр мөргөлдөн, эцсээ хүртэл тэмцэх нь хэн хэндээ тодорхой болжээ. Ингээд тэр хоёрын анхны шийдвэрлэх тулалдаан 1391 оны 4-р сард Кундузийн хөндийд болж, Төмөрийн ялалтаар төгссөн байна. Тохтамыш энд хүнд цохилт авсан боловч, цааш тэмцэх нөөц хүчээ барсангүй. Тэр сэтгэлийн тэнхээтэй, эрчимт үйл ажиллагаатай хүн байсан учир Төмөрийн Иран болон Өвөр кавказад аян дайн хийж байх үед нь хүчээ дахин хуримтлуулж амжсан бөгөөд 1394 онд Дербент рүү цэрэглэн хөдөлжээ. Төмөр хэлэлцээ хийлгэхээр туршлагатай элч Шамс Аддин Алмалыкийг түүн рүү илгээсэн боловч Тохтамыш элчид нааштай аядуу хариу өгөх гэж байснаа сүүлдээ шадар ноёдынхоо үгэнд орон, хатуу ширүүн хариу өгч тулалдах нь гарцаагүй болов. Улмаар Терек голын сав газарт хоёр өрсөлдөгч дахин хүч шавхсан тулалдаан өрнүүлж, энэ тулаанд Тохтамыш ялагдан зугтаасан бөгөөд Төмөр түүнийг хөөсөн боловч гүйцэж чадалгүй алдаж Рязанийг тонож, Сарай Бэрх хотыг галдан түймэрдээд буцав.

 Гэвч Тохгамыш урьдын адил дахиад эрч хүчтэй ажиллаж, Ижил хавийн олон газрыг өөртөө эргүүлэн авч, улмаар Крымийг эзлэхээр байлдаж байв. Тохтамыш 1398 онд Рязаны ванд элч илгээж, Алтан ордны улсыг сэргээн босгож эхэлсэн байна. Улмаар 1399 онд Литовын Витовт вангийн хамт түүнтэй хаан ширээний төлөө өрсөлдөн гарч ирсэн Төмөрхүтлүгтэй байлдсан боловч амжилт олсонгүй. Энэ цагаас эхлэн тэр өөдөлсөнгүй, дахин их цэргийн хүч хуримтлуулж чадаагүй бөгөөд жижиг анги цэрэг толгойлон үүгээр түүгээр хэсүүчлэн амь зуух болжээ. Тэгсээр Төмөрийг нас барахаас хэдхэн долоо хоногийн өмнө Отрар руу өөрийн эрт үеийн нөхер Хар Хожаг элч болгон явуулсан гэдэг. Ийнхүү Тохтамыш, Төмөр хоёр насныхаа эцэст дахин холбоотон болсон гэдэг. Юугай ч Алтан ордны сүүлчийн хүчирхэг хаан Тохтамыш 1378-1395 онуудад хаан төрийн жолоог чанга атган, хүч чадлыг нь мандуулж байсан бөгөөд хаан ширээгээ буцаан авахын төлөө тэмцэж байгаад 1405-1406 оны орчимд нас баржээ. Тохтамыш ийнхүү өнгөрсөн ч түүний 4 хүүхэд нь урт, богино хугацаагаар Алтан Ордны улсын хаан ширээнд гарч байв. Ийнхүү Алтан Ордны улс Казань, Астрахань, Сибирийн хаант улсууд болон задарч бага хаадын зөрчилдөөний үе эхэлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх