Яагаад би Стив Жобст “өртэй” вэ?

2014 оны 03-р сарын 11 өдөр, 05 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
9

(“Стив Жобсын бүрэн цадиг” номын тойм)
Би яг одоо та нарт бүх юмыг, бүр жижиг деталь бүрийг “төгс” байлгахыг хатуугаар шаарддаг байсан мөртлөө өөрөө туйлын “төгс бус” нэгний тухай өгүүлэх гэж байна. Маш олон хүн түүний удирдлаган дор ажиллахдаа дургүйлхдэг байсан. Гэхдээ үүний хажуугаар хүн бүр түүний компанид, үүсгэн байгуулагчтай нь нэгэн цаг үед ажилладагтаа талархаад ханадаггүй байсан юм.“Чиний хамгийн дуртай, байнга уншдаг ном юу вэ?” гэсэн асуултанд би үргэлж л бүдэрдэг байлаа. Учир нь нэг номыг хоёр дахиа унших хүсэл хэзээ ч надад гойд ихээр төрж байсангүй. Өнгөрсөн оны 3-р сарыг хүртэл л дээ. Сүүлийнх нь хуудсыг эргүүлсний дараа нээрээ л “уншаад дуусчих” шиг тайван мэдрэмж төрүүлдэг бусад номны дэргэд “Стив Жобсын бүрэн цадиг”-ийн сүүлийн хуудас намайг улам тайван бус болгосон. Энэ нэг жилийн турш, хэтэрхий унтаа байдалд орсноо мэдрэх тоолондоо би уг номын дурын хуудсыг нээж 10 өгүүлбэр уншаад л буцаад “тайван бус” өөр дээрээ эргээд ирэх шиг, сэрж, сэргэж, хүсэл aэрмэлзлээр халгисаар яваа.

Times сонины 2011 оны шилдэг номоор шалгарсан “Steve Jobs” дараа жил нь монгол хэлнээ орчуулагдан гарсан юм. Эйнштейн, Бенжамин Франклин нарын хөргийг бичиж байсан сэтгүүлч, зохиолч Уолтер Айзааксонд Apple-ийн үүсгэн байгуулагч өөрийнхөө намтрыг бичүүлэх саналыг тавихдаа анхнаасаа “Би хавтсан дээрх зурагнаас бусад юун дээр нь ч оролцохгүй” гэж хэлж байсан гэдэг. Хэрвээ тэр Apple-ийн түүхийн тухай ном гаргах гэж байсан бол цаасны сонголт, үсэгний шрифт, нуруунаасаа үл салах байдал, хуудасны дугаарлалтанд хүртэл өөрөө оролцох байсан биз. Гэхдээ намтар зохиолоо бол тэр бусдад бүрэн даатгаж, өөрийгөө өөрийн тайлбарлаагүй өнцгөөс хүмүүст харуулахыг хүссэн аж. Тэр номноос Жобсын “гар” ганц оролцсон гаднах хавтасны загвар нь iPhone-ийг санагдуулам, анхаарал татахуйц, цэвэрхэн, илүү юм юу ч үгүй, төгс. Хавтасных нь зурагнаас ширээн дээрх шинэхэн бүтээл рүүгээ бүх анхаарал, хүслээ шингээн харж байгаа Жобс харагдана. Уолтерын түүнээс хоёр жилийн турш авсан 40 гаруй ярилцлага, ойр дотных нь 100 гаруй хүний яриан дээр суурилж бичсэн энэ ном эхлээд iSteve: The Book of Jobs нэртэй байсан боловч хамгийн сүүлд зохиолын эзний өөрийнх нь минималист үзлийг илэрхийлсэн хоёрхон үгтэй нэр болгож товчилжээ.

Энэ ном Стив Жобсын магтуу огтхон ч биш. Түүний ямархуу яршигтай, адайр ааштай, хэтэрхий хатуу, өөрөөсөө бусад хүмүүсийг “хог шаар” мэт үзэж, үл тоомсорлодог, бусдын гаргасан санааг өөрийнх мэт л ярьдаг, хоёрдогч байхыг үзэн яддаг хүн байсан тухай нь уг номонд тов тодорхой бий. Гэхдээ л энэ бүхэн түүнийг миний үлгэр жишээ авдаг хүн болоход огт нөлөөлөөгүй юм. Номыг нь унших явцдаа хийсэн, дэвтрийн 15 нүүр дүүрэн тэмдэглэл дотроосоо шүүж түүний цадигийн надад заасан хамгийн чухал санаануудаа буулгалаа.

Стив Жобс шиг зүгээр л амьдарч, аж төрж байсан түүх нь хүртэл гайхамшиг мэт санагдахаар тийм гавьяатай амьдрахын тулд би энэ номноос эдгээрийг суралцсан:

1. Ажилдаа урлагийн бүтээл мэт хандах:
“Ямар нэгэн алдаа гарвал тоохгүй өнгөрөөгөөд дараа нь засах тухай ярьж болохгүй. Бусад компани л тэгдэг.”

Удирдагч, том корпорацийн үүсгэн байгуулагч бүхэн хэрхэн уран илтгэл тавих, уналтанд орсон үед хэрхэн сэргэх, яаж хүмүүсийн итгэл найдварыг хүлээх талаар сайн багш болж чадах байх. Гэхдээ тэдний хэн нь ч “энгийн байхуйн дээдийн сайхан”-ы тухай Стив Жобс шиг сургааль айлдаж чадахгүй гэдэгт итгэлтэй байна. Жобс анхны бүтээлүүдийнхээ нэг “Apple II”-ийн доторх эд ангиудыг хүртэл төгс, өөгүй болгож, хэний ч олж харахгүй гүйдлийн хавтангийнх нь шугамнуудыг шулуун биш байна гэдэг шалтгаанаар эхний загварыг нь голж байсан гэдэг. Нүдэнд үл үзэгдэх хэсгүүдийн ч үзэмжийг сайхан байлгах зарчим нь хашаа будахдаа завсрын хэсгүүдийн будалтанд хүртэл дээд зэргээр анхаардаг байсан түүний ааваас улбаатай билээ.

Apple II-оос хойшхи Apple-ийн бүтээгдэхүүн бүрийн үйлдэл, оролт, товчлуурын тоо цөөрсөөр байсан. Жобс “Цөөн байх тусмаа илүү” гэдэг зарчмыг баримталж шат дамжлагуудыг танасаар, iPhone, iPad зэрэг ганцхан товчлууртай, дэлгэцийг нь нээмэгц л хүн байгалийн зөнгөөрөө яаж ажиллуулахаа мэдэхээр, анх удаагаа харж байгаа хүмүүст хүртэл угаасаа өөрийнх нь юм шиг санагдахаар хялбар ажиллагаатай бүтээлүүдийг бий болгосон билээ. Агуулга ч, хэлбэр ч сэтгэл татам байх ёстой гэж яс баримталдаг байсан тэр бүтээгдэхүүн бүртээ соёл шингээж, шаардлагад нийцсэн төдий биш гайхамшигтай, агуу бүтээл хийхийг эрхэмлэдэг байсан нь үлгэр дууриал авууштай.

Аль ч шашны оронд дорнын Баухаусын үзэл болон Зэнгийн баримтлалуудыг бясалгадаг байсан нь Стив Жобст гоо зүйн хүмүүжил төлөвшүүлсэн. Тийм ч учраас тэр өөр хүмүүсийн яагаад ч тоож оролцохооргүй хийц загварын өчүүхэн асуудалд ч оролцдог байжээ. iPhone-ийн гаднах цаасан хайрцагны загварыг л гэхэд 50 удаа шинэчлүүлж байсан түүнд зориулж Macintosh-ийн багийнх нь гишүүн Крис Эспиноса хэрэглэгч өөрөө загвараа зохиодог тооны машины систем хүртэл зохиож байж. Жобс тэр системийг хармагцаа шүүрч аваад, яг өөрийн таалалд нийцсэн calculator-ийн загварыг гаргаснаар санаа нь амарч байжээ.

2. Зөвхөн мөрөөдөлдөө анхаарал хандуулах:
“Би хэзээ ч их мөнгөтэй, баян хүн болохын тулд ажил хийж байгаагүй. Би гайхамшигтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг, надаас хойш олон олон жил урт наслах том компанитай болохыг л хүссэн”

Бидний анхаарлыг мөрөөдлөөс маань холдуулж, сатааруулж, хүчийг нь сулруулдаг хэд хэдэн хүслүүд байдаг. Маш сайн лидер болох, баян чинээлэг болох, хамтран ажилладаг хүмүүстээ таалагдах зэргийг үүнд оруулж болнл. Стив Жобсын удирдах арга барилын нэг онцлог нь тэр хэзээ ч удирдагч болох, ашиг олох хүслээ агуу зүйлийг бүтээх хүслийнхээ өмнө тавьдаггүй байсан юм. Тийм болохоор тэр бусдын мэдрэмжинд санаа зоволгүйгээр зөвхөн сайн үр дүнг багаасаа дээд зэргээр хүсч, түүндээ хүрээгүй тохиолдолд хэдэн цагаар ч хамаагүй ажиллахыг шаарддаг байж. Хамгийн гайхалтай нь түүний учир нь олддоггүй аашийн дор хүмүүс бодсоноосоо ч илүү сайныг бүтээдэг байсан гэдэг. Жобсоос эмээсэндээ, түүнийг гайхуулах зүйл хийх гэж ер бусын ихээр хичээсэндээ нөөц бололцоогоо тултал нь гаргадаг байсан ажилтнуудад нь “Бид долоо хоногийн 90 цагийн ажилдаа дуртай” гэсэн бичигтэй ижил футболк хүртэл байдаг байсан гэхээр итгэмээргүй.

“Хэрвээ хүмүүс үнэхээр чадвартай бол тэднийг бөөцийлөх хэрэггүй” гэж хатуухан хэлдэг, “ “Хүмүүсийн дургүйг хүргэхээс айгаад байхаар яаж манлайлах вэ дээ” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Обамаг шүүмжилдэг байсан Стив Жобс жаахан ноёрхоод ирэхээрээ бүтээгдэхүүндээ биш борлуулалтандаа анхаарсан нь Microsoft-ийн алдаа хэмээн үздэг байсан. Тийм ч учраас тэр мөнгөний төлөө санаашралгүй, гайхамшигтай амар амгалан хоосон байдлаас баяжсан билээ.

3. Өөрийг сэтгэ
“Ялгарах чанараа алдвал төгслөө л гэсэн үг.”

Стив Жобс амьдралынхаа туршид “Think different” гэсэн өөрийн үгээ бүтээлдээ шингээсээр ирсэн. Өөрөөр сэтгэх гэдэг үг түүний сэтгэлийг нэг их хөдөлгөхгүй байсан учраас л тэр “Think differently”-гийн сүүлийн “ly” нөхцлийг хасч орхисон юм. Жобс хэзээ ч багийнхнаасаа “Хэрхэн өрсөлдөгчөөсөө илүү дэлгүүртэй болох вэ?” гэж асууж байгаагүй. Харин үүний оронд “Бид яаж дэлгүүрийн стандартад хувьсал хийх вэ?” гэж л асуудаг байсан. Арай сайн зүйлийг биш, шал өөр зүйлийг хийж байж л ялгарлаа харуулах ёстой гэдэг үзэл нь хэзээ ч буруудаж байгаагүй.

Олон нийтийн үгнээс үргэлж зөрдөг байсан түүнээс нэгэн удаа сэтгүүлч “Та энэ бүтээлээ гаргахаасаа өмнө зах зээлийн судалгаа хийсэн үү?” гэж асуухад “Александер Грахам Белл утас зохион бүтээхдээ ямар нэг зах зээлийн судалгаа хийсэн болов уу?” гэж хариулж байсан гэдэг.

Өөрийг сэтгэхийн хажуугаар биелэх боломжгүй зүйлийг ч мөрөөдвөл түүнийг биелүүлж чаддаг гэдгийг Стив Жобсын амьдралын түүх өөрөө харуулдаг. Хүсэл тэмүүллээ бодит байдлын түрүүнд тавьдаг байснаараа тэр бусдын санаанд ч ордоггүй байсан зүйлсийг бүтээснийх нь жишээ бол iPad юм. Хүн төрөлхтөн жирийн компьютерийг шүтэн биширч байсан 1970-аад оны үед тэр гарт багтдаг хавтгай компьютерийн тухай л мөрөөддөг байсан билээ. “Гэнэн томоогүй байхын хүч чадлыг би мэдсэн. Тийм юм хийх боломжгүй гэдгийг мэдээгүй учраас л бид хийж чадсан юм” гэж Macintosh-ийн графикийг боловсруулагч Билл Аткинсон түүний тухай өгүүлэлдээ хэлж байсан тухай номон дээр дурдагддаг.

Энэ бол Стив Жобсын эсвэл хэн нэгний удирдах арга барилын тухай биш, мятрашгүй хүсэл мөрөөдөл, бүтээлч байдал, зөрүүд зангаа хэрхэн зөв рүү хөтлөх тухай 606 нүүр урам зориг билээ. Хэрэглээ биш, амьдралын хэв маягийг санал болгосон, өөрийн гэсэн бүтэн соёл бүхий технологийг эзэмшдэг Apple компаний үүсгэн байгуулагч Стив Жобст үргэлж өртэй санагдах болсон шалтгаан минь дээрхүүдээс үүдэлтэй. Суралцсан зүйлсээсээ багтааж чадаагүй дахиад 10-аад зүйл бий. Гэхдээ үлдсэнийг нь чиний “Стив Жобсын бүрэн цадиг” номын тэмдэглэлээс уншихыг хүсч байна…

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх