Айн Ренд – Миний худалдаж авсан нөхөр (төгсгөл)

2014 оны 04-р сарын 03 өдөр, 03 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
588

… Бүх юмыг янзалж дуусаад. би галын дэргэд очиж газар суув. Зуухны хажууд байдаг Гэнри-н түшлэгтэй сандал , хөлөө тавьдаг дэрийг нь баахан харж суулаа. Сандал дээр нь сууж зүрхлээгүй учраас, хөлнийх нь дэрэн дээр толгойгоо тавьж харанхуйг бүдэг улаан гэрлээрээ, чимээгүйг дуугаараа үргээх галыг ширтэн хэвтэв. Байн байн тэр дэрийг vнсэж байснаа би санаж байна….

          Yүдний өрөөнд түлхүүр шажигнах дуу гарахад би хурдхан босч, үүдний өрөө рүү очив. Гэнри цонхийчхоод зогсож байна. Над руу харсан ч үгүй, хувцасаа тайлж өлгүүрт өлгөөд хажуугаар минь зөрөн ажлынхаа өрөө руу явлаа. Би ч дагалаа.
Бид өрөөнд орсны дараагаар чимээгүйхэн удаан зогссоны эцэст тэр хүйтэн хөшvvнээр:
“Чи надад ямар нэг юм тайлбарлах уу?”

“Надад тайлбарлаад байх юм байхгүй ээ! Чи бүгдийг нь харсан.”
“Тиймээ би харсан…”
Тэр өрөөг өгсөж уруудаж хэсэг байснаа над руу харан үзэн ядалт, гутамшиг дүүрэн инээмсэглэлээр инээмсэглээд “Гэхдээ энэ чинь сайн хэрэг!” гэж хэлэв. Намайг юу ч хэлэхгүй байгаад тэр улам улангасч “Чи… чи… яаж ингэж чадаваа” гэж хамаг чангаараа хашгирав. Би чимээгүй л байв.
“Чам шиг эмийг би 4 жилийн турш эхнэрээ гэж дууджээ. Чи намайг бүүр галзууруулах нь Ийм юм байж хэрхэвч болохгүй. Энэ бол чи биш. Чи ийм байгаагүй шүү дээ. Чи ийм юм хийж чадахгүй.” Би юу ч хэлсэнгүй.

тэр гараас минь зууран авч намайг газар луу түлхээд “Чи новш минь. Яриач. Хэлээч!  Хариулаадах надад.Яагаад чи ингэж байгаа юм бэ?”
-Би түүний нүд рүү нь харж байгаад хамгийн гашуун худлыг түүндээ хэллээ. “Би чамайг гомдоохыг үнэхээр хүсээгvй учраас энэ хайраа удаан нууж явсан. Би удаан хичээсэн боловч үнэхээр тэсч чадаагүй.” гэж би хэлсэн. Тэр намайг юуны тухай ярьж байгааг сайнаас сайн ойлгосон. Тэр гарыг маань тавьж хойшоогоо ухрав. тэгснээ инээв. “Тэгвэл би чамайг баярлуулах уу, Иринэ? Би чамд огтоос ч хайргүй шдээ. Чамайг ийм юм хийсэнд гомдох ч үгүй байна. Би өөр эмэгтэйд хайртай. Би үнэндээ баярлаж байна”. гэж тэр хэллээ.

“Чи баярлаж байна уу? Гэнри?”
“Yнэхээр ихээр баярлаж байна. Гэхдээ чамайг нэг их баяртай биш байгааг чинь би харж байна л даа.”
“Yгүй дээ Гэнри, Би сэтгэл дундуур биш байна. Бүх юм зүгээр.”
“Нээрэн үү? за за газар хэвтээд байлгүй босч үз дээ.” гэж хэлээд тэр дахиад өрөөг тойрон холхиж эхэлснээ “над руу битгий хар! Чи над руу харах ч эрх байхгүй шүү! Би хориглож байна.” гэж хашгирав. Би толгой унжуулж “би харахгүй ээ Гэнри” гэж хэлэв.
“Yгүй чи харах болно. Чи өөрийгөө харах болно.” гэж Гэнри хамаг чангаараа хашхираад гараас минь татан намайг том шилэн хаалгатай тавиурын өмнө аваачив. “Даашинзаа хар даа чи!”. Хар улаан өнгөтөй дарс мөнгөлөг даашинзыг минь бүрхэн урсчээ.
“Чи тэрэнд хайртай болсон, чи түүнтэй явсан, одоо яая гэхэв. Гэтэл энэ дарс, энэ үнсэлтүүд, тэр олон нийтийн газар биеэ авч явж байгаа байдал…” Би юу ч хэлсэнгүй. Миний төлөвлөгөө бүтэмжтэй болжээ.

Гэнри ч хэсэг дуугүй суусны эцэст тайван боловч хүйтэн өнгөөр
“Чи одоо бид 2ын хооронд юу ч байхгүй гэдгийг ойлгож ав! Угаасаа тийм юм хэзээ ч болоогүй байсан нь дээр байсан юм. Чи ч би ч чиний нөхөр байсныг мартах хэрэгтэй. Тийм учраас надаас чамд хадгалагддаг юм бүхнийг чи надад буцааж өг! мэд ээ!” гэж хэлэв.
“Би одоо өгнөө, Гэнри.”
Би дээшээ өрөө рүүгээ явж бүх зүйлсийг авчрав, түүний зурагнууд, түүний бэлэгнүүд, хэдэн захиа гээд л миний түүнээс авсан бүх юмс. Тэр миний авчирч өгсөн бүх юмсыг аваад гал руу шидчихэв.
“Би энийг авч үлдэж болох уу?” гэж би түүний хамгийн сайхан нэгэн зургийг нь гартаа барин асуулаа. Гар маань чичирч байв. Тэр нөгөө зургийг хараад, зургийг авч газар чулуудав. Би түүнийг нь газраас авч элгэндээ тэврэв.
“Тэгээд хоёулаа аль болох хурдан гэр бүлээ цуцлуулах хэрэгтэй.” гэж Гэнри хэлээд галын хажуу дахь сандал дээрээ суунгаа “Намайг ганцааранг маань орхиотох.”гэв.
Би буцаж хаалга руу явж байгаад гэнэт зогссон. Түүн рүүгээ харсан. Тэгээд түүндээ бодож явснаа хэлсэн. Тайвнаар… “Намайг уучлаарай Гэнри… хэрвээ чи чадвал… тэгээд намайг мартаарай… Муухай бодлоор сэтгэлээ зовоож байгаад хэрэг байхгvй Клэйр-н тухай бодож баяртай байгаарай! Миний тухай биш түүний тухай бодоорой. тэгсэн нь дээр.”
Тэр над руу эргэн харж “Чи уг нь ийм л байсан шүү дээ өмнө нь” гэсэн.
“Би тийм байсан. Одоо гэхдээ би тийм биш. Бүх юм өөрчлөгддөг шүү дээ. Гэнри… Бүх юманд төгсгөл гэж байдаг. Гэхдээ амьдрах сайхаан… Амьдрах агуу юм. Чи маань харин жаргалтай байх ёстой шүү Гэнри.”
“Иринэ ээ! надад яагаад өөрчлөгдсөнөө хэлээч!”гэж намуухан хэлэхийг нь сонсох надад амар байгаагүй. Миний нэр, бас энэ ганц өгүүлбэр намайг гацааж орхив. Гэхдээ зөвхөн нэг л хором.
“Би чадаагүй юмаа. Тэсч чадаагүй юм, Гэнри” гэж би намуухнаар хэлээд дээшээ өрөө рүүгээ гарсан.
Өрөөндөө орохдоо би уруулаа хэтэрхий чанга хазсанаас болж аманд минь цус амтагдаж байлаа. “энэ чинь юу ч биш… энэ чинь юу ч биш, Иринэ” гэж би өөртөө дахин дахин хэлж байлаа. яагаад ч юм бэ, би ярих хэрэгтэй байлаа. Сэтгэл дотор бөглөрөөд байгаа тэр юмыг зүгээр л живүүлж чадах юм шиг надад санагдаж байв. “Иринэ… энэ чинь юу ч биш… дахиад ганц хором тэсчих…тэгээд л энэ бvгд дуусна… энэ чинь юү ч биш….” гэж би өөртөө давтан давтан хэлж байлаа. Би өөрийгөө сохорчихоогүй гэж мэдэж байсан ч гэсэн нүд маань юу ч харахгүй байлаа. чих маань ч юү ч сонсоогүй. хэсэг хугацааны дараа арай гэж ухаан орон юм сонсож эхлэнгүүтээ би өөрийгөө “дахиад нэг хором… дахиад нэг хором…”гэж дахин дахин давтаж байгаагаа сонссон юм. гарт маань байсан Гэнригийн зураг газар унав. Би түүнийг харлаа… тэгэхэд л би чухам яг юу болсон, юу болоод байгаа, юу болох гэж байгааг тодорхой томруунаар харсан юм. Энэ бүхэн нэг хоромоос ч хурдан хугацаанд болж өнгөрсөн юм… яг л цахилгаан цахиад өнгөрөх шиг… хоолойд минь халуун төмөр тээглэсэн мэт болчихоод болсонгvй би хамаг чангаараа хашгирав… Одоо бодохнээ би тэгэхэд зүгээр ч нэг хашгираагүй юм. Надаас гарсан тэр дуу хүний дуу биш шархадсан амьтны амьдрал гуйсан хоосон архираа байсан юм шиг….
Яг энэ мөчид Гэнри дээшээ хамаг хурдаараа гүйж ирэн хаалга тогшиж, “Яасан, юу болов?” гэж хамаг байдагаараа хашхирав.
“Зүгээрээ! Би хулгана хараад ” гэж аль болох тайван дуугаар хэллээ.
Би хөдлөхийг оролдсон ч газар хөлийн маань доор эргэлдээд болсонгүй. Доошоогоо л унаад байсан. Өрөөг маань хурднаар эргэлдэх хар утаа бүрхсэн мэт… Би уналаа…
Хичнээн ч хугацаа өнгөрсөн юм бүү мэд нүдээ нээхэд маань би газар хэвтэж байлаа. Өрөө хав харанхуй, бас нилээд жихүүн байх аж. Цонх онгорхой, хөшиг нь салхинд зөөлөн тийрүүлж хөдлөнө. “Би чинь ухаан алдчихсан байжээ.” гэж би өөртөө хэлээд хөл дээрээ босохыг оролдов. Өвдөг маань хугарчихсан юм шиг өвдөж би өөрийн эрхгүй дахин газар уналаа. Би тэгээд газар хэвтэж байгаа түүний зургийг харлаа… Цахилгаан биеэр маань гүйгээд өнгөрсөн.
Би зургийг авч түшлэгтэй сандал дээр тавиад өөртэйгээ ярьж эхлэв. Одоо харин дуу маань хүний дуу шиг намуухан, сул дорой ч гэмээр болжээ. “Гэнри… Гэнри… Миний Гэнри… Энэ чинь юу ч биш шүү дээ. Энэ бүгд худлаа тийм ээ, Гэнри? Энэ магадгүй зүгээр л зүүд байх… бид хоёр удахгүй хамтдаа сэрнэ тийм ээ? Тэгээд л би уйлахаа больчихно. Нүд рүү маань битгий хараарай Гэнри. Би уйлж байгаа юм биш… одоо нэгхэн хормын дараа энэ бүгд дуусна…. Хэдий энэ зүүд ч гэсэн надад хэцүү байна шүү дээ…. гэхдээ энэ бол юу ч биш… Чи надтай хамтдаа биз дээ… Гэнри… Чи бүгдийг мэдэж байгаа даа… Чи мэднэ шдээ… Би ер нь шал тэнэг байгаа биз? тийм гэж хэл л дээ, Гэнри… Инээмсэглээч дээ… Намайг шоолж бүүр инээ… юу ч болоогүй байхад чинь ингэж өөрийгөө зовоож байгаа надаар даажигнаж хөхрөөч! юу ч болоогүй байхад… Юу ч болоогүй шүү дээ… Би инээмсэглэж байгаа биз дээ…. хар даа… Чи надад хайртай тээ… Чи бол ганцхан миний Гэнри… Би жаахан ядарчээ, Гэнри… Гэхдээ би одоо амарлаа… Тэгээд энэ бүгд дуусна… Yгүй би уйлаагүй байна. Би чамд хайртай, Гэнри… ”
Том, хүнд, чимээгүй нулимс хацрыг маань даган урсаж байлаа. Би уйлаагүй, гэхдээ… Би ямар ч цурхирах дуу гаргаагүй. Би юм ярьж, инээмсэглэж байлаа. нулимс маань л эцэс төгсгөлгүй урсаж байсан юм даг.
Түүний дараагийн сард яг юу болсныг би сайн санадаггvй юм. Гэнри бид 2 гэр бүлээ цуцлуулсан. Эхнэрийн үнэнч бус байдлаас болж гэж тэр цаасан дээр бичнэ лээ. Гэр бүл цуцлалтын шийдвэр гартал би Гэнригийнд амьдарсан ч бид хоёр нэг их олон тааралдаад байдаггүй байсан юм. Хааяа нэг тааралдахаараа зүгээр мэндлээд л өнгөрдөг байв.
Би яаж ийгээд амьдарч дөнгөсөн юм. Маш олон ном уншсанаа санаж байна. Маш олон ном… гэхдээ одоо би тэр номнуудаас нэг үг ч сананд ордоггүй юм. Ямар нэртэй ямар ном байсан… ёстой бүү мэд… Би гадуур их явдаг байлаа. хамгийн ядуучууд амьдардаг, намайг хэн ч олж харахааргүй захын гудамжнуудаар яваад л байдаг байсан. Гэхдээ би тэр үед жаахан ч гэсэн тайвширдаг байлаа. тэр үеийн юмнууд ч гэсэн бүдэг бадаг л толгойд маань байдаг юм. Нэг удаа намайг нэг хүүхэд заагаад “Энд нэг эргүү явж байна.” гэж хэлснийг санадаг юм…
Би Гералд Грэйтэй ойр ойрхон уулзалддаг байсан… уулзаад сээтэгнэлцэнэ… аль болох ойрхон… би тэгэх ёстой байсан тул өөрийгөө чадахаараа хүчилдэг байлаа. Гэхдээ би бас л нэг ч удаагийнхаа болзоог санахгүй байна. Би яавч өөрийнхөө дүрийг сайн бүтээсэн байж таарна. Нэг удаа надад Грэй “Хатагтай Стаффорд, та энэ дэлхийн хамгийн өвөрмөц, хамгийн их увидастай эмэгтэй. танай нөхөр тань ёстой тэнэг… гэхдээ би түүнд нь ч баяртай байна л даа.” гэж хэлсэн юмдаг. Би яг яаж энэ бүгдийг хийснээ мэдэхгүй гэхдээ л ухаангүй байхдаа би болгосон л юм.
Тэр өдрүүдээс миний санаж байгаа ганц юм бол Гэнри. Би түүнийг дандаа хардаг байв. Тэр бүх цагаа Клэйртэй өнгөрөөж байлаа. Нүдэнд нь аз жаргалын туяа татаж, үргэлж инээмсэглэж явдаг болсон байв. Би түүний нүүрнийх нь хувирал бүрийг уншиж чаддаг болсныхоо хувьд Гэнрийг ямар их жаргалтай байгааг шууд л мэдэж байлаа. Тэр сүүлийн хэдэн сар түүнийг дагасан хамгийн хэцүү хар дарсан зүүднээс сэрээд дахиад амьдрал амсаж байгаа шиг л харагддагсан. Урьдын адил залуухан, хүчтэй, үзэсгэлэнтэй сайхан Гэнри… Дэндүү үзэсгэлэнтэй дээ, чи минь… Би Клэйрийг ч бас ажигладаг байлаа. тэр Гэнрийд ямар ч гэсэн хайртай байсан. Энэ бүхэн зүгээр л нэг сээтэгнэл юм уу түүний өөртөө итгэх итгэлийг нь тэжээх хоосон ялалт биш, гүн гүнзгий сэтгэл байсан юм. Магадгүй түүний анхны хайр нь ч байсан байж мэднэ. Клэйр зүгээр нэг хоосон хүсэл тачаал биш ухаалаг, дээд гарлын, дэгжин бүсгүй байлаа. Ухаан үзэсгэлэн хоёр нь яг л адил… хэмжээлшгүй… Гэнри жаргана аа… Би нэг удаа тэднийг гудамжинд алхаж явахад нь харж билээ… Тэд хоорондоо ярилцаж инээмсэглэж байлаа. Клэйр гоёмсог цагаан хослол өмссөн байсан шиг санаж байна. юутай ч тэр хоёр учиргүй жаргалтай харагдаж байж билээ.
Хотынхон маань гэр бүл салалтыг үзэж чаддаггүй байсан юм. Тэгэхээр мэдээж намайг юу гэж ярьж байсан нь ойлгомжтой. Ямар ч гэр бүл намайг гэртээ оруулахаас татгалзаж, төвөгшөөх болсон юм. Гудамжинд хүн амьтан мэндлэхээ ч больсон. Найз маань гэгддэг байсан хүмүүсийн нүүр нь гутамшиг жигшил дүүрсэн хоосон инээд дүүрэн байдаг байлаа. Би нэг удаа Хатагтай Брогантай тааралдсан юм. тэр намайг шинжгүй харснаа “Чи бохир амьтан! Чамайг Грэйн мөнгөнд нь шунаж өөрийгөө худалдсаныг хэн ч мэдэхгүй гэж санаж байна уу? Гайгүй байлгүй” гэсэн. Пацы Тиллинс хэд хоногийн дараа гудманд тааралдаад “Хонгорхон минь чи ч буруу наймаа хийлээ дээ. Би аль ч ертөнцөд байсан Гэнри Стаффордыг юугаар ч солихгүй байсан юм.” гэж билээ…
Ингээд гэр бүлээ цуцлуулах өдөр ирэв. … Би дахиад л Иринэ Вилмэр боллоо. Нөхөртөө үнэнч байж чадаагүйгээс болж салсан Иринэ Вилмэр. Тэгээд л болоо! Салахдаа Гэнри надад өгөх мөнгөнийхөө тухай ярьж эхлэхэд би юу ч авахгүй гэдгээ тодорхой хэлээд “Ноён Грэй чамаас илvv мөнгөтэй.” гэж билээ. Гералд Грэй тэр өдрийн маргааш нь Нью Йорк явах байсан юм. тэндээсээ Европ руу усан онгоцонд суух, би хамт явах ёстой байлаа.
Тэр орой Ноён Барнэс намайг дуудлаа. тэр сүүлчийн нэг сар хотоос гадуур байсан бөгөөд дөнгөж өнөөдөр л буцаж ирсэн байлаа. Тэгээд хамаг юмыг сонсчээ.
“За Иринэ минь Би маш сонин юм сонссон. чи надад тэр тухай ярих уу?” гэж тэр хоолойгоо чичрүүлэн байж хэлж билээ.
“Яасан гэж Ноён Барнэс.Ямар ч сонин хачин юм энд байхгүй гэж би бодож байна. Би саяхан Гэнригээс салсан.” гэж би тайвнаар хариулсан.
“Гэхдээ… ммм… Энэ бүгд нээрээ чиний буруугаас болж гэж үү? Чи үнэхээр буруутай юм уу?”
“хэрвээ та үүнийг гэм буруу гэж дуудмаар байвал тэг л дээ. Би Гералд Грэйд хайртай. Тэгээд л тэр.” Ноён Барнэсын царай нь эхлээд улаан, дараа нь хөх дараа нь цав цагаан болов. Тэр удаан дуугүй зогссоны эцэст
“Чи нөхөртөө хайргүй юм уу?” гэж асуусан.
“Та Гэнри Стаффордын тухай ярьж байна уу? тэр одоо миний нөхөр байхаа нэгэнт больсон. Тэгээд ч би түүнд хайргүй.”
“Иринэ…” гээд тэр цааш нь үргэлжлүүлэх гэсэн боловч нэг л болж өгөхгүй байгаа нь илт. “Иринэ… энэ бүгд үнэн байж яасан ч таарахгүй. Чамайг ийм юм хийгээгүй гэдгийг чинь би хүн бүрт хэлнэ.”
“Би чинь бурхан биш шүү дээ…”
Тэр буцаж ухраад саарал толгойгоо харамсалтайгаар сэгсэрч “Иринэ, чи нөхөр шигээ хүнийг тэр тэнэг залуугаар солих ч хүн биш дээ.” гэж цөхөрсөн дуугаар хэлж билээ.
“Би тэгсээн, сольсон.”
“Чи, Иринэ, чи. Би итгэж үнэхээр чадахгүй нь ээ!”
“Битгий итгэ л дээ. Хэнд хамаатай юм.” гэж намайг хэнэггүй хэлэхэд Ноён Барнэс дахиж энэ бүгдийг тэсэхээ больсон бололтой
“Тийм бол би юу хэлэх вэ? Иринэ. Баяртай Иринэ” гэж тэр удаахан хэлэв.
“Баяртай” гэж би үл тоосон янзаар хариу хэлэв…Би цонхоор түүний цаашаа алхаж байгааг урьд урьдынхаасаа хүнд ядарсан харагдах дүрийг нь харж “Баяртай Ноён Барнэс… Баяртай.. Намайг уучлаарай…” гэж шивнэж байлаа.
Гэртээ хамгийн сүүлд хоносон тэр шөнө би маш орой унтсан. Байшин тэр чигтээ харанхуй болсон хойно би чимээгүйхэн доод давхар луугаа явсан. Маргааш аягүй бол Гэнрид баяртай гэж хэлж амжихгүй… Гэхдээ би түүнтэй салах ёс гүйцэтгэмээр байв. Би чимээгүйхэн унтлаганы өрөөний хаалгыг нээхэд Гэнри тайван унтаж байлаа. Би орлоо. Түүнийг харахын тулд цонхны хөшгийг жаахан нээж гэрэл оруулав. тэгээд нэгэн цагт минийх байсан орны хажууд зогслоо. Нүүр нь тайван бөгөөд дөлгөөхөн, хав хар сормуус нь хөдөлгөөнгүй, сайхан уруул нь харанхуйд цайрах нүүрэн дээр нь сийлсэн юм шиг үзэсгэлэнтэй харагдаж байв. Би түүнд хүрч зүрхлээгүй учраас гараа болгоомжтойгоор дэрэн дээр түүний толгойны хажууд тавьсан. Тэгээд би газар өвдөглөн сууж уруулыг нь хичнээн үнсэхийг хүссэн ч Гэнрийг сэрэхгүйн тулд тэрийгээ дарж ядан сууж байлаа. Харин гарыг нь авч уруулдаа хүргээд “Гэнри… Чи юу хийснийг маань хэзээ ч мэдэхгүй…мэдэх ч ёсгүй… Аз жаргалтай амьдраарай! Харин би өөртэйгөө хамт нэг л зүйлийг авч явах болно. “Би Гэнрийд хайртай байсан” гэж хэлэх тэр эрхийг би өөртөө үлдээнээ. Чамайг үхэн үхтлээ хайрлах тэр эрхийг би авч явна.” гэж зөөлхөн шивнэсэн. Тэгээд би босч, хөшгийг хаагаад гарч явсан. Маргааш нь жихүүн саарал өдөр байлаа. Хааяахан хүйтэн бороо асгаж, зөөлөн салхи хөгшин саарал үүлсийг тэнгэр авчирсан тийм л өдөр байсан. галт тэрэг орой 10.15-д явах байсан бөгөөд Ноён Грэй өглөө нь над руу залгаж намайг орой ирж авахыг хүссэн байлаа. Тэр аз жаргалаар бялхаж байгаа нь хэнд ч ойлгомжтой байсан юм. “Би өөрөө очиноо намайг харин буудал дээр хүлээж байгаарай!” гэж би хэлсэн.
Аль хэдийн харанхуй болсон ч би өрөөндөө ганцаараа суусаар л байлаа. Өөрөө ч гайхмаар тийм их цөхрөл намайг тойрно. Би Гэнри-г хүлээж байсан юм. Тэр хараахан гэртээ ирээгүй л байв. Тэр Клэйрийнд очиж эрх чөлөөтэй анхныхаа өдрийг өнгөрөөхөөр явсан байсан байх. Уг нь салах ёс хийх нэг их шаардлагагүй байсан ч гэсэн би үүрд явхынхаа өмнө түүнийг хармаар санагдаад болохгүй байлаа. Гэтэл Гэнри ирдэггүй… Би цонхны хажууд сууж хэдий хүйтэн байсан ч гэсэн онгойлгож гудамжийг харж суулаа. бороо цутгаж байшингуудын дээвэр, явган хүний замнууд гялалзаж харагдана. Хааяахан өнгөрөх явган хүмүүс бүгд л нэг тийшээ учиргүй яарсан шинжтэй, цөхөрсөн ганцаардмал ч юм шиг харагдаж байсансан… Аль хэдийн 9.30 болсон ч, Гэнри гэртээ ирсэнгүй. Би цонхоо хааж жижигхэн цvнхэндээ авч явах зvйлсээ хийхээр суулаа. Надад боож баглаад байх сүртэй юм байсангvй: нэг даавуу, хуримийнхаа даашинз толгойвч хоёрыг, бас Гэнригийн зураг. Ийм л хэдэн зүйлтэй би тэндээс явсан юм. Цүнхээ дурамжхан хааж байтал хаалганд түлхүүр дуугарах чимээ, дараа нь түүний хөлийн чимээ сонсогдов. Тэр хүрээд иржээ. Би малгай цув хоёроо өмсөж, цүнхээ авангаа “Би үүдний хонгилоор өнгөрөхдөө ажлынх нь өрөөний хаалгыг нээгээд л харчихая. Ганцхан удаа.. Гэнри намайг анзаарах ч үгүй.” гэж бодож байлаа. Ингээд би доошоо бууж, үүдний хонгилд очин Гэнригийн ажлын өрөөний хаалгыг онгойлгож хартал өрөө нь хоосон байна. Би ч одоо яая гэхэв гэж бодоод үүд рүү алхан хаалганы бариулыг атгах тэр агшинд Гэнригийн тайван боловч гунигтай дуу “Иринэ, надад баяртай ч гэхгүй явах гэж байгаа юм уу?” гэх нь тэр. эргэн харвал Гэнри зогсож байлаа. Дэндүү их сандарснаас хамаг хяналтаа алдчих дөхсөн би гэдэг хүн “Ааанхаа…” гэж утгагүй дуугаар хэлэв.
Бид хоёр түүний ажлын өрөөнд орлоо. Зууханд гал асаажээ. Гэнри гуниг гялалзсан тод хар нүдээрээ над руу ширтэж “Иринэ, чи бид хоёр үүрд салж байна. Магадгүй… Гэхдээ чи бид хоёр нэг нэгэнтэйгээ учрах л хувьтай байсан шүү.” гэв.
Би дуугүй л толгой дохилоо. Хэрвээ ямар нэг юм хэлчихвэл дуу хоолой маань хяналтнаас гарчих гээд хэцүү байсан юм.
“Би чамд ямар нэг бурууг тохохгүй ээ, чамайг муулах ч үгүй. Иринэ. Тэр орой зоогийн газар болсон явдал бол… чи өөрөө ч анзаараагүй галзуурал байсан байх. ямар ч гэсэн би чамайг тэр орой байсан эмэгтэй гэж бодохгүй байна.”
“Магадгүй тийм биз… Гэнри…” гэж би тэсч чадалгүй шивнэв.
“Чи биш шүү дээ. Би чамайг үргэлж хайрлаж явсан тэр эмэгтэй чигээр чинь л сэтгэл зүрхэндээ үлдээнэ.” гээд Гэнри хэсэг дуугүй болов. Би урьд нь хэзээ ч түүнийг ийм цөхөрсөн, чимээгүй байхыг нь харж байгаагүй шиг санагдана.
“Амьдрал үргэлжлэх л болно. Би өөр бүсгүйтэй… чи өөр залуутай гэрлэнэ… тэгээд бүх юм мартагдана.” гэж тэр маань үргэлжлүүлэн хэлээд гарыг маань атгана.
“гэхдээ чи бид хоёр дэндүү жаргалтай байсан шүү!” гэж хэлэхдээ нүдэнд нь гэнэт гэрэл тусав.
“Тийм ээ Гэнри!” гэж би шулуухан бөгөөд тайванаар хариулсан.
“Чи тэгэхэд надад хайртай байсан уу? Иринэ?”
“Аанхаа, хайртай байсан.”
“Гэхдээ тэр цаг нэгэнт өнгөрч дээ… юутай ч би чамайг хэзээ ч мартахгүй, Иринэ. Чадахгүй. Би чамайг бодох болно…”
“Тэгээрэй Гэнри минь! Заримдаа намайг санаж байгаарай!”
“Чи жаргалтай байна биз дээ, Иринэ? Би чамайг жаргаасай гэж хүсч байна.”
“Тэгнээ Гэнри!”
“Би ч адилхан. Магадгvй чамтай байсан шигээ тийм их жаргалтай байж ч мэднэ. Гэхдээ одоо чи бид хоёр эргэж харж болохгүй ээ! Хүн чинь урагшаа харж амьдрах ёстой! Чи намайг жаахан ч гэсэн бодох уу? Иринэ”
“Тэгнээ, би бодно, Гэнри.”
Тэрний маань нүд харанхуй гунигаар дүүрсэн байхыг би харж байлаа. Би толгойгоо өргөж гараа Гэнригийн мөрөн дээр нь тавиад намуухан бөгөөд ихэмсэгээр “Гэнри, чи жаргах ёстой шүү! бас хүчтэй, ихэмсэг амьдрах учиртай. Гуниг харууслыг давж гарч чадахгүй тэр л хүмүүс гуниг харуусалтай амьдардаг. Чи бол амьдрал руу инээмсэглэж амьдрах хувьтай хүн.”
“За тийм дээ. Чиний зөв… бүх юм сайхнаар төгссөн шүү дээ. Энэ бүхэн чи бид хоёрын аль нэгнийх нь амьдралыг баллаж болох л байсан шүү дээ! Тэгээгүйд нь би баярлаж байна.” Хэсэг дуугүй суусны дараа Гэнри
“Иринэ минь баяртай! Чи бид хоёр дахиж энэ хорвоо дээр ч бараг уулзахгүй биз дээ.” гэж хэлсэн юм. Би одоо ч санаж байна.
“Амьдрал гэдэг чинь богинохон шүү дээ, Гэнри” гэж хэлэхдээ би чичирч байсан. Гэнрийд анзааруулахгүйн тулд би “Гэхдээ хэн мэдэх вэ? бид хоёр жаран настайдаа уулзаж ч мэднэ шүү дээ.” гэж хурдхан шиг хэлэв. Гэнри инээмсэглээд, “Магадгүй ээ! Тэгээд хоёулаа энэ бүгдийг ярилцаад инээж байхгүй юу!” гэв.
“Тийм ээ! Гэнри! Хоёулаа инээлдэнэ.”
Тэр толгойгоо гудайлгаж гарыг маань үнсээд “Яв даа одоо, чи миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан зүйл байсан шүү!, Иринэ.” гэж доор дуугаар шивнэсэн. тэр толгойгоо өргөж нүд рүү маань хараад “надад эцсийн удаа ганц ч гэсэн юм хэлэхгүй юм уу?” гэхэд нь би түүнийхээ нүд рүү нь харж байгаад хамаг сэтгэлээсээ нэг л хариулт хэлсэн.
“Би чамайг хайрласан шүү, Гэнри!”
Гэнри гарыг маань дахин үнсээд “Би жаргалтай байх болноо. Гэхдээ хэзээ ч тэр эмэгтэйтэй учраагүй байсан ч болоосой гэж хүсэх vе ч надад ирнэ. Амьдрал чинь хатуу шүү дээ” гэж сул дуугаар шивнэлээ.
“Тийм ээ Гэнри!” гэж би товчхон хариулсан…
Гэнри намайг өргөж үнсэж билээ. Түүний уруул нь миний уруул дээр, харин хоёр гар маань түүний хүзүүг ороосон байсан. Хэзээ энэ хамгийн сүүлчийн удаа байсан ч ямар ч гэсэн болсон юм. Одоо хэн ч надаас тэр хормыг булааж авч чадахгүй.
Гэнри надтай хамт гадаа гарлаа. Би хөлсний тэрэг дуудаж дотор нь суугаад, цонхоор нь харахад тэр довжоон дээр зогссоор л байсан юм. Зөөлөн салхи үсийг нь үлээж, харин тэр хөшсөн адил зогсож байсан… Ингэж би хамгийн сүүлчийн удаа түүнйиг харсан юм.
Нүдээ аньж нулимсаа залгиад хичнээн ч явсан юм бүү мэд. Ямар ч гэсэн нүдээ нээхэд маань такси аль хэдийн буудал дээр ирж зогссон байлаа. Би мөнгөө төлж, цүнхээ аваад галт тэрэг рүү явав.
Гералд Грэй намайг буудал дээр хүлээж байлаа. Тэр гоёмсог аялалын хувцас өмсчээ. Гартаа барьсан дуу алдам сайхан цэцгээ надад өгөхдөө, баяртай инээмсэглэлээ нүүрнээсээ арчиж чадахгүй байсан юм. Бид нэг их юм ч ярьсангүй галт тэргэнд суулаа. 10.15-н үед галт тэрэг хөдлөж эхлэв. Харанхуй цонхны цаагуур буудлын байшингууд, босоо шонгууд, харанхуй гудамжнууд ээлж дараагаар жирэлзэн өнгөрнө. Ингээд хот бидний ард хоцорлоо. Галт тэрэгний дугуй өнхөрсөөр…
Бид хоёр кабиндаа хоёулахнаа байв. Ноён Грэй над руу нууцхан харж инээмсэглэхдээ намайг хариуд нь инээмсэглэх болов уу гэж бодсон нь илт. Би харин огт амьгүй мэт суусаар байв. Грэй “Ингээд арай гэж нэг юм хоёулахнаа үлддэг байна шүү”гэж шивнээд намайг тэврэхийг оролдсон боловч би түүнийг өөрөөсөө түлхэн холдуулав.
“Байзнаарай, Ноён Грэй! Бид хоёрт хангалттай цаг байна шдээ” гэж намайг хүйтнээр хэлэхэд Грэй “Яасан бэ Хатагтай Стаффорд? Yгүй ээ! хатагтай Вилмэр. Та чинь бүүр цонхийчихсон байх чинь…” гэж үгээ зөөн асуулаа. “Яагаа ч үгүй ээ! Зүгээр л би жаахан ядраад” гэж би нөгөө л хүйтэн өнгөөр хэлэв.
Бүтэн хоёр цаг бид хоёр чимээгүй, хөдөлгөөнгүй суулаа. Бидний эргэн тойронд байсан ганц чимээ гэвэл галт тэрэгний дугуй л байв. Хоёр цагийн дараа галт тэрэг маань анхныхаа зогсоол дээр зогссон бөгөөд би цүнхээ барин бослоо. “Хүүе, та чинь хаачих нь вэ?” гэж Ноён Грэй дуу нь цахиртан асуухад би юу ч хэлсэнгүй буув. Галт тэрэгнээс буусныхаа дараа би Грэй-н сууж байсан кабин-н онгорхой цонхон дээр ирж “За Ноён Грэй. Намайг нэг саятан Сан Францискод хүлээж байгаа. Би таныг зүгээр л нөхрөөсөө салахын тулд ашигласан юм. Баярлалаа. Харин энэ тухай та хүнд үг хэлээд хэрэггүй биз дээ. Эс тэгвээс бүгд таныг шоолон хөхрөх болно шүү дээ.” гэж хэллээ. Тэр амаа ангайн гацчихсан… Сэтгэл нь ямар их дундуур байсныг би шууд хараад л мэдэж байв. Гэхдээ жинхэнэ эр хvний зан гаргаж надад тэр бүх сэтгэл тавгүйцэлээ үзүүлсэнгүй. Харин “Танд тэгж тус болж чадсан бол би баяртай байна.” гэж эелдэгээр хэлж чадаж билээ, Грэй. Яг энэ мөчид галт тэрэг хөдлөж, Грэй малгайгаа аван над руу даллаад алга болов.
Ингээд би тэр нэг буудал дээр ганцаарааа хоцорсон. Хөв хүнд үүлс удаахнаар хөвсөн нил хар тэнгэр намайг бүрхжээ. Миний санаж байгаагаар тэнд хуучин хашлага бас унжиж норсон модод, нойтон навчис л байсан шиг… Харин тасалбар түгээх цэгийн цонхоор нь бүдэг гэрэл сүүмэлзэж байлаа. Надад их мөнгө байсангүй. Би гэрэл сүүмэлзэх цонхон дээр очиж байгаад бүх мөнгөө сарвайгаад “Надад нэг тасалбар өгөөч!” гэж хэлэв. Тэндэхийн ажилчин нь нэг хялайж харчихаад “Аль буудал руу вэ?” гэж товчхон асуухад нь би “Аль нь ч хамаагүй ээ!” гэлээ.
“За та хэлээдэхээч…”
“Энэ шугамны хамгийн сүүлчийн буудал хүртэл…”
Ажилчин залуу нэг тасалбарыг миний мөнгөний хагастай буцааж түлхээд сонин харцаар намайг ширтсээр хоцров.
Галт тэрэг буудал дээр ирж зогсоход нь би “ямар ч хамаагүй нэг буудал дээр буучихна даа” гэж бодсоор дотогш оров. Би нэг цонхны хажууд суугаад дахиж хөдлөөгүй. Эхлээд цонх харанхуй байснаа гэрэлтэй болж дараа нь дахин харанхуй болсныг би санаж байна. Ямар ч байсан би хорин дөрвөн цагаас илүү л явсан болж таараад байгаан. Ёстой мэдэхгүй. Дахиад харанхуй нөмрөхөд би ямар нэг буудал дээр бууснаа санаж байна. Галт тэрэг зогссон… Би буусан… маш харанхуй ямар ч гэрэл үзэгдэхгүй байгааг мэдрээд буцаж галт тэргэнд суух гэсэн боловч галт тэрэг нэг хөдлөөд явчихаж билээ. Ингээд л нойрмог ажилчин, бүдэг гэрэлтэй мухлаг, өөрийгөө борооноос хамгаалахын тулд сандал доор хэвтэх нохойноос өөр юмгүй нойтон тавцан дээр үлдсэн дээ. Буудлаас цааш лавшруулан харвал нарийхан гудам бас хэдэн модон байшин харагдаж байлаа. Цагаа харвал өглөөний гурван цаг болж байв. Би сандал дээр суугаад өглөөг хүлээхээр шийдэв… Бүх юм өнгөрчээ… Би хийх ёстой юмаа хийлээ… Амьдрал ингээд л дуусчихсан…
Би одоо тэр хотхонд амьдардаг юм. Жижигхэн дэлгүүрт өглөө есөөс орой долоо хүртэл ажиллана. Би хамгийн ядуу нэгэн байшинд хоёр өрөөг эзэгнэдэг, гэхдээ тусдаа шаттай болохоор намайг хэзээ яаж гарч орж байгааг хэн ч анзаардаггүй юм. Надад танил нөхөд энэ тэр гэж юм юу ч байхгүй. Би ажилдаа яг таг ханддаг ч хэзээ ч ярьж байгаагүй. Тийм ч учраас миний хамт ажилладаг хүмүүс нэрийг маань ч мэдэхгүй. Харин байрныхаа эзэнтэй сард нэг удаа төлбөрөө хийх гэж тааралддаг юм. Би ерөөсөө юм боддоггүй. Ажиллаад л гэртээ ирээд л идчээд унтдаг. Тэгээд л болоо. Би уйлдаггvй. Заримдаа ойдог шилэнд өөрийгөө харахад цонхийж цайсан нүүр, нүүрэндээ арай томдсон, энэ дэлхийн хамгийн тайван, чимээгүй хоёр нүдийг л хардаг. Би гэртээ ч үргэлж ганцаараа байдаг. Харин Гэнригийн баяртай инээмсэглэсэн зураг ширээн дээр минь үргэлж байсаар ирсэн. Зурагны хүрээн дээр “Иринэдээ. Гэнри. Yүрд мөнх.” гэж бичсэн байдаг юм. Ядарсан үедээ би ширээний өмнө сөхөрч суугаад түүнийгээ удаан гэгч нь хардаг…
Хүмүүс цаг хугацаа бүгдийг авч оддог гэж хэлэлцдэг. Тэр хууль надад гэхдээ үнэн байгаагүй. Он жилүүд өчнөөн төчнөөнөөрөө урссан ч би Гэнри Стаффорд-д хайртай хэвээр л байсан юм. Одоо ч хайртай. Тэр маань одоо аз жаргалтай байгаа. Би түүнд аз жаргалыг нь авч өгсөн юм. Тэгээд л болоо. Намайг авааль нөхрөө худалдаж авсан гэж ярилцдаг хүмүүс магадгvй зөв байх. Би түүнийхээ амьдралыг нь, аз жаргалыг нь өөртөө байгаа бүх юмаараа төлж байж худалдаж авч өгсөн. Би Гэнрийд хайртай. Хэрвээ бурхан надад дахиад амьдрах боломж олгосон бол би яг л өөрийнхөө хийснийг ямар ч эргэлзээгүйгээр хийх байсан.
Бүсгүйчүүд, охид оо! Намайг сонсох хүн бүрт би хэлье! Хэзээ ч хүнийг ухаан санаанаасаа илүү бүү хайрлаж бай! Хайраас өөр ямар нэг зорилго, хүсэлтэй бай. Хайрандаа заавал хязгаар тавь!… Хэрвээ чи чадвал шүү дээ… Би бол чадаагүй.
Хүн үхэн үхтлээ амьдрах учиртай. Тэгээд ч би амьдарсаар байна. Гэхдээ энэ амьдрал маань нэг их удахгүй болсныг би мэдэрч байна. Төгсгөл ирж явааг би харж байгаа. Би өвчтэй зовлонтой биш ч миний хүч чадал, амь маань дотроосоо унтарч байгааг би мэдэрч байна. Өнгөрсөнд болж өнгөрсөнд би огтоос ч харамсдаггүй. Дараа нь юу болохоос айдаг ч үгүй. Амьдралаас хүсэх ганцхан л юм надад үлдсэн: би Гэнриг дахиад нэг л удаа харчихмаар байна. Миний бүхэл амьдрал маань болсон тэр хүнийг би ганцхан удаа эцэсийн ганц удаа хармаар байна. Ганцхан удаа… Би нэгэнт хотдоо буцаж чадахгүй учраас залбираад л хүлээгээд байдаг. Би үнэхээр утга учиргүй ихээр залбирч хүсдэг. Одоо надад нэг их ч цаг үлдээгvй байна.
Гудамжаар алхан явахдаа би зөрөн өнгөрөх хүн бүрийг ажиглан хардаг. Орой нь гэртээ ирчихээд Гэнригийн зургийг харж “Өнөөдөр биш байнаа, Гэнри минь. Магадгүй маргааш…” гэж шивнэнэ.
Би дахиад түүнтэй уулзах, түүнийг харах болов уу? Би өөртөө тэгнэ гэж хэлдэг ч дотроо тэгэхгүй гэдгээ мэдэж байдаг…
Ингээд би өөрийн түүхээ бичиж дууслаа. Хамаг сэтгэлээ чангалан байж бичиж дуусгалаа. Хэрвээ Гэнри үүнийг маань унших юм бол тэр ямар ч гэсэн сэтгэл дундуур байхгүй биз. Харин тэр маань бүгдийг нь ойлгоно.
Тэгээд энэ бүгдийг уншчихаад тэр магадгүй… үгүй ээ… тэр надтай уулзах гэж ирэхгүй. Тийм юм хийх ёсгүй гэдгээ тэр ойлгож байгаа. Харин тэр гудамжинд надтай зөрөөд л өнгөрөх болно. Намайг огт анзаараагүй юм шиг. Харин би дахиад ганцхан удаа… эцсийн удаа түүнийгээ харна…

Төгсөв. 1926 Чикаго.

Ayn Rand “The husband I bought”

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх