Мөрөөдөл рүүгээ довтол

2014 оны 04-р сарын 03 өдөр, 03 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
25286

Бүү алх. Бүү аажмаар урагшил. Бүү хэн нэгнийг хүлээж цаг алд. Бүр гүй. Бүр тасархай хол түрүүл. Бүр довтол. Чиний нүдэнд мөрөөдөл чинь хэр хол харагдаж байна вэ? Цэгийн дайтай жижигхэн үзэгдэж байна уу, эсвэл атгаад авмаар ойрхон байна уу? Чи тэр зүг рүү аажуу тайван алхаж яваа юу, хамаг хурдаараа довтолж яваа юу? Довтолж яваа? Нээрээ биз? Гүйж байгаа хүний хөл доорх тоос манардаг юм. Сүүлийн үед чиний гутал хэтэрхий цэвэрхэн байгаа харагдах юм?

Өөртөө байн байн сануулаагүйгээс, туршлага судалж байна гээд нэг газар түр ажиллах гэж орохдоо тэндээ “бүрмөсөн” үлдчихсэнээс, цалиндаа сэтгэл ханаснаасаа болоод тогтмол ус шиг амар тайван бүс рүү шилжсэнээс, хайр дурлалын асуудлаасаа болоод чи мөрөөдлөө мартагнасан байж магадгүй. Гэхдээ мөрөөдөгчдийн, бас биелүүлэгчдийн тоо өдөр бүр нэмэгдэж байгаа энэ үед зөвхөн довтолсон хүн л санаснаа гүйцээж, сарвайснаа гартаа атгана гэдгийг дахин нэг санаарай.

Одоо байгаагаараа, өөрт ноогдсон даалгаврыг гүйцэтгээд л яваа чинь мөрөөдлийнхөө төлөө довтолж байгаа хэрэг биш. Харин хэзээ хүрэхээ өөрөө ч мэдэхгүй байгаа газар луу, замын дунд байн байн амарсан шигээ тайван сажилж яваа хэрэг. Энэ эрчээрээ удаан ч гэсэн тууштай урагшилсан цагт тэртээх алсад хүрэх нь үнэн боловч тэр хүртэл чиний үүрч гарсан аялалын “богц” буюу биеийн болон оюун ухааны чадамж чинь хорогдож, хоосрох болно. Мөрөөдөл чинь үнэ цэнэтэй хэвээрээ байх цаг хугацаанаас л бүү хоцор. Тэмүүлэлтэй байгаа цагтаа өөрийгөө бүү бөөцийл. Учир нь яг чиний харсан зүг рүү өөр замаар довтолж яваа чиний танихгүй зуу зуун хүн бий. Түрүүлж замыг нь нээснээрээ л чи ялгарах ёстой.

Яаж гэж өөрийнхөө өмнө гэмших хэрэггүй. “Унтаа” тохиргооноосоо өөрийгөө гаргах их амархан. Одооноосоо илүү тэмүүлэлтэйгээр довтолж явсан үеийнхээ тэмдэглэл, зургийг үз. Өнгөрснөөсөө урам зориг авах нь тийм ч муу зүйл биш. Өөрийгөө мөрөөдлөө биелүүлсэн байгаагаар төсөөлөөд, тийм түвшинд очиход бүх талаас юу юу дутмаг байгааг жагсаан бич. Мэдлэг чадварын хувьд, зан араншингийн хувьд, хүмүүсийн хүрээний хувьд, гадны хүчин зүйлсийн хувьд гээд бүх талаас…Төлөвлөгөөний дагуу, тактиктайгаар довтолж эхлэхэд чинь энэ жагсаалт хэрэгтэй. Хамгийн том өрсөлдөгч бол чи өөрөө. Өөрийгөө дийлсэн хүнийг өөр хэн ч дийлэхгүй учраас л тэр.

Мөрөөдөл чинь чиний гарт өөрөө ороод ирэхэд юу юугүй ойрхон байгааг мэдэрч, атга чинь халуу оргих хүртэл өөрийгөө бэлтгэ. Ирэх долоо хоногоос эхлээд мөрөөдөл рүүгээ довтлоорой!

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх