“Зүрхний инженер”

2016 оны 11-р сарын 05 өдөр, 08 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
14713656_191314454646618_8605183647397504569_n

Хаалга нээгдлээ. Ертөнцийн эгэл нэгэн эрдэмтэн бидэн рүү айсуй. Билгийн мэлмий нь бидний төлөө гэрэлтсэн намхан нуруутай, онигор нүдтэй, шингэн хөмсөгтэй энэ хүнийг Содовын Баясгалан гэдэг. Хаалга онгойсны дараах анхны алхамаа хийлээ… Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн тэрээр нутаг усныхаа нэрийг өндөрт өргөн явна гэдгийг хэн тааж мэдэх вэ. Дараагийн алхалтын чимээгээр хойгуур суусан хүүхдүүд эргэн харна. Энэ мэтчилэн алхахад танхим доторх хүүхдүүдийн чимээ намжиж ялаа нисэхийг сонсчихоод хичээлээ зааж эхэлнэ. Хөдөө төрж өссөн монгол хүүгийн цээжнээс ” Нүүдлийн мал аж ахуй Монголыг Монголоор нь хадгалсан юм ” гэх мэргэн үгс урсан гарч билээ. Цаг гучин минутын лекцийг нойрмоглон давдаг оюутнууд гоо зүй, сэтгэл судлалын хичээлүүд дээр нойр нь хулжин нүд нь сэргэдэг. Хааяахан тамхи татна. Тамхиа асаагаад бага багаар нь сорон тал дунд нь ороход нь шүүх хурлын ерөнхий шүүгч алхаа цохиж байгаа юм шиг л шууд ширээн дээр унтраана. Өлгийтэйгөөс өдий хүртлэх эрдэм мэдлэг нь толгойд нь, авъяас чадвар нь өөрт нь байдаг. Хөгжмийн сонсгол сайтай монгол хүний талаарх түүхийг ярьж өгнө. Тэгснээ өөрөө гараараа ширээн дээр морины төвөргөөг хэмнэл оруулан товшино. ЗХУ-д  суралцаж ирэн гоо зүйг монголд дэлгэрүүлсэн , Оросын алдарт зохиолчдын бүтээлийг өөрийн эх хэл дээр гарамгай орчуулдаг гэх “Алдрын эзэн”. Энэ хүний нэгэн өвөрмөц бодол бий. Нэг өдрийн лекцэн дээр ингэж ярьлаа. Надад нэг хүн манай улсын хүүхдүүд их тамхи татдаг болжээ гэж хэллээ.  Багш нь хариуд нь  “Тэгэлгүй яах вэ? хөгжиж яваа улсын залуус шүү дээ. “Таталгүй яахав ээ” гэж би хэлсэн  гээд инээж билээ. Хичээлийн цаг дуусах бүрт бид алга ташилт бэлэглэдэг.  Учир нь маш сонирхолтой хичээл заасны дээр яриагаа дуусгахын өмнө сайхан түүх үгсийг ярьж хэлж төгсгөдөг. Үүний нэг нь багшийг Сэлэнгэ аймгийн хүүхдийн колонид байгаа хэдэн хүүхдэд  хичээл заа хэмээн улсаас шийдвэр гаргажээ. Тэнд ээжийгээ хөнөөсөн гэх гэмтэй хүүтэй ярилцан тэр хүүхдийн сэтгэлийг засах үгсийг хэлж, өөрөө ч бас хүүхдийн эмзэгхэн гэнэн зүрхийг шархлуулж болохгүй гэдгийг ойлгожээ. Хэдэн жилийн дараагаар тэр хүүхэд том залуу болчихоод багш дээр ирж баярласнаа хэлсэн гэдэг. Тиймээс л Багш хүн гэдэг бол хүний зүрхний инженер гэж өөрийгөө энэ мэргэжилд зориулсан . Надад багшаас өөр мэргэжил зохихгүй ээ гэж баясгалантайгаар хэлдэг  ухаалаг эр хүн. Хүнийг танихын ухаан бол хүний амьдрахын ухаан юм гээд л насны ханиа, ажил мэргэжлээ зөв таньж  мэдэж олж чадсан бид бүгдийн “Амьд ном”. Хичээлийнхээ заах сэдвийг заачихаад зөөлхөнөөр алхан хаалгаар гарч одно. Ангийн хаалга хаан гарсан ч гэсэн багш минь Амьдралынхаа хаалгыг хэзээ ч хаахгүй . . . Учир нь та бидэнд амьд домог таны хийж бүтээсэн үүрд үлдэнэ. Та бол  бидний хэзээ ч уншиж дуусахгүй роман  , хэлхээс нь тасрахгүй Сувд  билээ.

Сэтгүүлчийн 3-р курсын оюутан Л.Энх-Амгалан

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх