“Сэтгэлээс гарсан өчил”

2016 оны 11-р сарын 25 өдөр, 16 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Ugiin nuur

“Сэтгэл нь гэгээрсэн сэтгэн бодох нь дундаршгүй ачтан”

Анхны найрууллаа ахмад багш С. Баясгалан багшдаа зориулав.

Шавийн эрдэм багшаас, зулын гэрэл тосноос гэдэг ардын сайхан үг байдаг. Багшийнхаа бахархам авьяас чадвар, сэвгүй хөдөлмөрийн үр шимийг шавь нар нь хүртэж мэдлэгийнхээ хөрс сууриа олж авсан азтанууд. Хорин жилийн үүх түүхийг өртөөлсөн КУДС хэмээх их айлтай амьдралаа холбож, сэтгэлээ гарган ажилласан эрдэмтдийг тоочоод баршгүй. Москвагийн улсын их сургуулийн сурган – сэтгэл судлалын ангийг  дүүргэсэн   багш минь .

Өдгөө 80 насны сүүдэр зооглож яваа.  Амьдралынхаа  замналын хагасыг их сургуулийн босгонд өнгөрөөж, Монголдоо сэтгэл судлал – гоо зүйн  салбарын түүхийг бичилцэж, ирээдүйн чадварлаг мэргэжилтнийг бэлтгэх амаргүй, хариуцлагатай албанд зүтгэсээр өдийг хүргэсэн.

Багшийнхаа  тухай бичих их хүслийг өвөрлөн, би бээр нүүрэндээ инээмсэглэл тодруулан цааш нь үргэлжлүүлэн бичиж эхэллээ. Хүний ертөнцөд ирээд буцахын хооронд учрах ёстой хүмүүс учирч, хүртэх ёстой хувь тавилангаа хүртдэг. Энэ үг толгойд ороод ирлээ. Бид их азтай шүү. Энэ сайхан сургуультай. Энэ сайхан эрхэм багшаараа хичээл заалгаад гүйж явдаг. Учралын хорвоо гэж үнэн л юм байна… гэж найруулал бичигч  миний бие бодон  таан бичих, бүр мэддэг юм шиг ярих нь хориодхон насанд минь хэт ахдах.

Гэвч миний насан дээр багш маань ажил амьдралын гараагаа эхлүүлж монголын соён гэгээрлийн салбарт эргэлт буцалтгүй ханцуй шамлан орсон байдгаас дүгнэвэл би өөрийгөө бас үл чамалнам. Тэр л цагаас хойш  Баясгалан багш монголын хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх үйлсэд өөрийгөө билүүний чулуу шиг илээсэн байх юм.

Хүн төрөлхтөн төгөлдөр бусаас төгөлдөрийн төлөө л явдаг юм шүү дээ гэж хэлсэн байдаг. Багш маань нэгэн шүлгийн орчуулгандаа

“Шуугиант алдарт шунаагүй миний амьдралын томилолт

Шударга үнэн хоёр л эцсийн тогтоол уншина.”

 Түүний амьдрал уран бүтээл, оюуны их хүч чадлыг  бишрэн суухад энэ мөртүүд л үнэнийг хэлэх шиг.

Биеийг төрүүлэхээс ухааныг төрүүлдэггүй гэдэг ардын үг байдаг. Ухаан зааж, оюутан биднийг амьдрал хэмээх хөлгүй их далайд зөв сэлэхийг сургаж, хүнээ дээдлэх магадгүй эх хүнийг эмэгтэй хүнийг хүндэтгэх  тэр л чанараа “Өөртөө сөөм хайртай эхнэртээ дэлэм хайртай яваарай “ гэж  хэлсэн үг толгой руу зурс хийн орлоо.

Монголчууд бид чинь уудам сайхан газар шигээ сэтгэдэг, багшийг  бурханчлан дээдэлж ирсэн “багш“ төвтэй номын ард түмэн. Учир иймээс сайн багш мөнхийн мөнхөд дурсагддаг бизээ. С.Баясгалан багш бол мянга мянган багш нарын мөнхийн дурсамж, дурдатгал билээ.

Багш маань нэгэн удаа “Ямар ч болов алт шиг хүмүүсийн хийсэн ариун үйлс монголчуудын тархинд ч, зүрхэнд ч гагнаатай үлдэж үеийн үед амьд сэрүүнээрээ лугшин байх бизээ” хэмээсэн байдаг. Энэ нь бум буман шавь нартаа хэзээ ч хэн байснаа бүү мартаарай бусдын хэн байсныг битгий үгүйсгээрэй хүн хүнээ л дурсдаг гэдгийг захисан захиас бизээ.

Ардын сайхан хүүхдүүдийг алагчилж үзээгүй ачтан багш минь түм түмэн шавь нарынхаа аав нь байлаа. “Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн” сод хүний үг хурц үйлс гэгээн байдаг. Цаг үеэ олсон онч мэргэн үгсийг цаас дэвтэр харалгүй хэлж чаддаг нь, хэлэх хэлэхдээ орой руу нь ортол хэлдэг багш минь  өөрийгөө тоож дөвийлгөж байгаагүй нь үүнийг нотлох мэт.

Тэрээр манай орчин цагийн орчуулгын томоохон төлөөлөгчдийн нэг. Түүний чадал чансаатай орчуулагч гэдгийг 2011 онд хэвлэгдэн гарсан “Орос найргийн гэгээ” орчуулгын ном нь гэрчилнэ. Хадган дээр ерөөлийн үгийг хэлэхэд амархан. Гашуун цэц үгээр зүрх онож сэтгэлд хүрнэ гэдэг л бэрх юмаа гэж эл номыг ивээн тэтгэн гаргасан эртний анд Ж.Сандагдорждоо үг өргөсөн.  Баясгалан багш  зуу, хоёр зуу илүү хувьтай сэтгэдэг уран бүтээлч хүндээ гэвэл маргах хүн монголын утга зохиолчдоос гарахгүй нь л лав.

          Николай Гумилевийн шүлгийг

Ээтэн гутлын хоншоороор дэлхийн бөмбөрцгийг өшиглөж

Ээрэм талын хүлгээр эцсийн далайг зорьсон

Миний өвөг дээдэс хөх монголын нүүдэлчин

Мэлмий алдрах талын цалин цагаан дээвэртэн гэж тэр л орчуулаа биздээ хэмээн Монгол улсын ардын жүжигчин кино найруулагч Г.Жигжидсүрэн гуай хэлсэн байдаг.

Ийм л эрхэм хүн урьдын хөнгөн шингэн цовоо цолгиун, алиа хошин ааль зантайгаа бидний дунд амьдарсаар л… Түүний эвдрээгүй энгийн зан, ээдээгүй хиргүй сэтгэл, элэгдэж хорогдоогүй саруул ухааныг үеийн үед ч үзэглэх, шавийн цуваа надаар тасрахгүй бизээ. Цаг үе хөрвөж, цадиг түүх өнгөрсөн ч цайлган саруул багшийн минь цэцэн мэргэн сургаал хэзээ ч мартагдан хуучрахгүй.   Би бол Баясгалан багшийн үргэлжлэл…

Сэтгүүлчийн 2-р курсын оюутан Янжинлхам

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх