Дипломын ажлын төлөвлөгөө боловсруулах нь

2018 оны 02-р сарын 23 өдөр, 04 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
26680

Судалгааны ажлын төлөвлөгөө боловсруулах ажилбар нь дипломын ажлын бүтцийг тодорхойлохоос эхлэнэ. Үүнд дараах ажилбарууд орно.

Ажлын бүтэц ямар байхыг тодорхойлно.

Ажил /эх/ бичих дарааллыг тогтооно.

Ажлын бүлэг, дэд бүлгүүдийн нэрийг томъёолно.

Судалгааны ажлыг ихэвчлэн дараах агуулгаар бичдэг. Нэгдүгээр бүлэгт уг сэдвийн судлагдсан байдал болон судлагдахууны /обьект/ талаарх онолын ерөнхий үндэслэлүүдийг бичнэ. Үүнчлэн сэдвийн онцлогоос хамаарч түүхэн үйл явцын талаар оруулж болох юм.

Хоёрдугаар бүлэгт голдуу практик асуудал, судалгаа шинжилгээний хэсэг багтана. Уг сэдвийг ямар арга замаар хэрхэн судалсан, ямар үр дүнд хүрсэн, хэрэв үр дүн гараагүй бол түүний учир шалтгаан юу болох талаар задлан шинжилж бичнэ гэсэн үг.

Гуравдугаар бүлэг нь судалгааны ажлын үр дүн талыг голчлон харуулна. Энэ бол асуудлыг шийдэх арга замууд болон уг асуудлыг боловсронгуй болгох талаарх саналаа үндэслэл тооцоотойгоор дүгнэж бичнэ гэсэн үг.

Ажлын бүтцийн тухайд бүлэг тус бүр тодорхой тооны /2-оос дээш/ дэд бүлэгтэй байна. Дэд бүлгүүд нь үндсэн бүлгийнхээ агуулгыг илэрхийлж, уялдаа холбоо бүхий байх нь зохимжтой бөгөөд эхний дэд бүлэг нь ихэвчлэн тухайн хэсэгт тавигдаж байгаа асуудлын удиртгал болж дараагийн эхний дэд бүлэгт авч үзсэн зүйлийн дүгнэлт, ажлын дараагийн хэсэг /бүлэг/ рүү шилжих гүүр болдог.

Ажлын хэсгүүдийн нэрийг томъёолох

Бүлгүүдийн нэр нь ажлын ерөнхий нэр /сэдэв/-тэй давхцахгүй байх, тухайн хэсгийн агуулгыг товч, оновчтой, ойлгомжтой байдлаар илэрхийлэх, бүлгүүд нь өөр хоорондоо логик холбоо хамааралтай байх, ажлын ерөнхий агуулга хийгээд дэд бүлгүүд нь үндсэн бүлгүүдийнхээ агуулгын хүрээнд багтсан, тэдгээрт захирагдсан байх, эрдэм шинжилгээний үг найруулгаар журамлагдсан байх зэрэг зарчмуудыг баримтална.

Бүлэг, дэд бүлгийн нэрэнд нарийн мэргэжлийн нэр томъёо, товчилсон үг, хими, физик, техникийн томъёо оруулж болохгүй. Ажлын нэр нь агуулгаа аль болохоор илэрхийлж байх нь зүйтэй. Бүлэг, дэд бүлгийн нэрийн ард цэг тавих, доогуур нь зурж тодруулах зэрэг тэмдэглэгээг хийдэггүй.

Эхийг хэлбэржүүлэхдээ бүлэг, дэд бүлгийн байрлал, дарааллыг тэмдэглэхэд тоо болон үсгэн тэмдэглэгээг ашиглаж болно. Эдүгээ голдуу тоон дугаарлал хэрэглэж байна. Шинжлэх ухааны бүтээлийн хамгийн том хэсгийг /бүлэг/ нэг оронтой тоогоор, хоёрдугаар үеийн хуваалт буюу дэд бүлгүүдийг хоёр оронтой тоогоор гуравдугаар үеийн хуваалтыг гурван оронтой тоогоор тэмдэглэнэ.

Агуулгын ерөнхий төлөвлөгөө зохиох.

Агуулгын төлөвлөгөөнд гарчиг, оршил /удиртгал/, үндсэн эхийн хэсгүүдийн нэр буюу бүлэг, дэд бүлэг, хэсэг, зүйл, төгсгөл буюу дүгнэлт, ашигласан ном, бүтээлийн жагсаалт, хавсралт зэрэг багтана. Ажлын агуулгын төлөвлөгөөнд тэдгээрийг хийж гүйцэтгэх хуваарийг хавсаргах хэрэгтэй. Хуваарьт ажил гүйцэтгэх дараалал, хугацаа, үе шатуудыг бүхэлд нь тодорхойлно. Энэ бол судалгааны ажлын туслах баримт бичиг юм. Хуваарь нь судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа хүний төлөвлөгөөний өдөр тутам дагаж мөрдөх үйл ажиллагааны үндэс болдог. Хуваарьт чухал шаардлагатай мэдээлэл, материал цуглуулахаас авахуулаад ажлыг бичиж дуусгах, засвар, өөрчлөлт хийх, удирдагчаас зөвлөгөө авах, тэнхмийн хэлэлцүүлэг, урьдчилсан болон жинхэнэ хамгаалалтанд орох зэрэг бүх үе шатны ажлуудыг хамруулна. Ингэхдээ нөөц хугацааг тусгах хэрэгтэй бөгөөд энэ нь ээдрээ төвөгтэй асуудлыг шийдэхэд зориулагддаг.

Ажлын агуулга болон бүрдүүлэлтэд дараах шаардлагууд тавигддаг. Үүнд;

ь Ажлын хэмжээ нь уг сэдвийн хүрээг бүрэн хамарч, оновчтой бичигдсэн 60-80 орчим хэвлэмэл хуудас байх

ь Сонгосон сэдвийн судлагдсан түвшнээс цааш гүнзгийрүүлэн судлах, хараахан судлагдаагүй сэдвийн тухайд судалгаа өнгөцхөн байхыг үгүйсгэхгүй.

ь Судалж байгаа зүйлийнхээ онолын үндэслэлийг бүрэн, оновчтой гаргаж тавих, нэр нөлөө бүхий эрдэмтэд, судлаачдын ном бүтээлүүдтэй аль болохоор гүйцэд танилцах

ь Ажлыг бичихдээ агуулгын дарааллыг алдагдуулахгүй байх

ь Асуудлыг боловсронгуй болгох арга замуудыг тодорхойлох

ь Оршил бичих зааврыг чанд баримтлах, дүгнэлтийг цэгцтэй, товч, тодорхой бичих

ь Хавсралт, ном зүй, гарчиг зэрэг ажлын бусад хэсгүүдийн зохистой хэмжээ, стандартын мөрдөх зэрэг юм.

Судалгааны ажлын бүрдүүлэлтэд доорхи шаардлагууд тавигдана. Үүнд;

ь Цаасны хэмжээ, үсгийн хэлбэр /формат/, хэмжээ, бичиглэлийн зай, хүрээ, хуудасны дугаар, онцлох, мөр хоорондын зай зэрэг нь зааврын дагуу байх

ь Дипломын ажлыг нүүр хуудаснаас авахуулаад дуустал нь хэлбэржүүлэх

ь Бүлэг, дэд бүлгүүдийн нэрийг өмнө өгүүлсний дагуу дугаарлах

ь Үндсэн эхийг хэлбэржүүлэх. Үүнд тоочилт, ишлэл, тайлбар зүүлт, математикийн томъёо, график, хүснэгт, диаграмм, зураг, ялгах тэмдгүүдийг зөв хэрэглэх зэрэг бусад зүйл орно.

ь Судалгааны ажлын бичлэгийн найруулгыг шинжлэх ухааны үг, хэллэгт нийцүүлэх

ь Бэлэн болсон судалгааны ажил дээр удирдагч багшийн гарын үсгийг зуруулж, жинхэнэ хамгаалалтанд ороход бэлтгэх

ь Хамгаалалтанд шаардлагатай проект, үзүүлэн таниулах материалуудыг бэлдэх зэрэг юм.

 

1.2 . Мэдээлийн эх сурвалжид задлал хийх тухай.

 Баримт, хэвлэмэл эх сурвалжийн тухай

Баримт гэдэгт гар бичмэл, зохиолын эх бичиг, эх зохиол, шинжлэх ухааны судалгааны ном бүтээлүүд, эрдэмтдийн бичсэн диссертаци, шинжлэх ухааны сэтгүүл, төр, эрх зүйн холбогдолтой баримт бичгүүд, гэрэл зураг, техникийн зураг, үнэмлэх, баримтат кино зэргээс гадна муутуу цаасан хуйлмал бичиг, үйсэн дээрх бичиг, хадан дээрх бичээс, сүг зураг гээд олон эх сурвалжийг нэрлэж болох бөгөөд эдгээр нь агуулга, хэлбэрийн хувьд олон янз байдаг. Энэ бүхэн өөртөө тодорхой мэдээллүүдийг агуулдаг. Мэдээллүүдийн тусламжтайгаар урьд нь тодорхойгүй байсан зүйлс тодорхой болж, судлаачийн ажилд үнэ цэнэтэй эх сурвалж болон ашиглагддаг байна. Үүнчлэн байгаль, нийгэм дэх материаллаг обьектууд өөртөө тодорхой баримт, мэдээллүүдийг агуулдаг. Баримтын гүйцэтгэх үүргийг ерөнхий ба тусгай гэж ангилна. Баримтын ерөнхий үүргүүдийг нэрлэвэл;

ь Нийгмийн үүрэгтэй. Энэ нь аливаа баримт нийгмийн хэрэгцээгээр бий болж, нийгмийн харилцаанд хэрэглэгддэгээр тодорхойлогдоно.

ь Мэдээллийн үүрэгтэй. Энэ нь баримт бүхэн тодорхой мэдээллийг тээгч байдаг бөгөөд янз бүрийн цаг үеийг туулж ирсэн байдгаараа үнэ цэнэтэй юм.

ь Харилцааны хэрэгслийн үүрэг гүйцэтгэнэ. Учир нь баримт, хүн нийгэм хоёрыг холбож, хоорондын харилцааны хэрэгсэл болохын хамт нийгмийн ухамсрыг нэгтгэж, нэгдмэл санаа бодлыг бий болгоход тусалдаг байна.

ь Танин мэдэхүйн үүрэгтэй. Өмнөх үеийн сэтгэгчдийн зохиол бүтээл, онолын үзэл баримтлал, статистикийн тоон мэдээлэл, ахуйн объектууд нь өөртөө тодорхой мэдээллүүдийг агуулж, тэдгээр нь танин мэдэхүйд чухал үүрэг гүйцэтгэдэг.

ь Соёлын үүрэгтэй. Аливаа баримт нь өөртөө тухайн үеийнхээ нийгмийн туршлага, соёлын уламжлалыг хадгалж, түүнийг дараа дараагийн үед дамжуулж байдаг агуулгаар нь соёлын үүрэгтэй гэж үздэг.

Баримтын тусгай үүргүүд гэвэл;

ь Эрх зүйн үүрэгтэй. Эрх зүйн түүхэн эх сурвалжуудыг өөртөө агуулж байдаг төдийгүй эрх зүйн харилцааг шинэчлэх, төлөвшүүлэх хэрэглүүр болдог.

ь Сурган хүмүүжүүлэх үүрэгтэй. Нийгэмд хуримтлагдсан мэдлэг, туршлага нэг үеэс нөгөө үед баримтаар дамжин өвлөгдөж, улмаар бие хүний хүмүүжил, төлөвшилд нөлөөлдөг.

ь Удирдлагын үүрэгтэй. Энэ нь удирдагч хүн менежментийг хэрэгжүүлэхдээ нийгмийн болон эдийн засаг, улс төр, эрх зүйн орчныг зөв үнэлж, төлөвлөж, зохицуулахад тодорхой баримтуудад түшиглэдэг гэсэн үг.

Үүнчлэн баримт нь тооцооны, түүх дурсгалын, гоо зүйн, намтар судлалын зэрэг үүргүүдтэй байдаг. Баримтыг нийгмийн үүрэг зориулалтаар нь сургалтын, үйлдвэрлэлийн, шинжлэх ухааны, танин мэдэхүйн, лавлагааны, утга зохиол урлагийн, албаны, мэдээллийг хадгалж байгаа хэлбэрээр нь нэг хуудастай, олон хуудастай, хэд хэдэн хуудсыг нийлүүлж үдсэн, туузан, дискэн, цахим, хүний ой санамжийн, тэмдгийн хэлбэрээр нь бичгийн, карт зүйн, нот, дүрслэлийн, сонсгол зүйн, хараа зүйн, хүрэлцэхүйн, хэвлэгдэх давтамжаар нь нэг удаагийн, олон удаагийн, цуврал гэх зэргээр ангилдаг. Бичгийн баримтыг нэгэн адил ангилна.

Бичиг баримтууд

1. Хэвлэн нийтлэгдсэн бичиг баримтууд

- Ном товхимол

- Сонин сэтгүүл

- Карт, ил захидал

- Плакат

- Мэдээ, хуудас

- Иж бүрэн хэвлэл

2. Хэвлэн нийтлэгдээгүй бичиг баримтууд

- Шинжлэх ухаан техникийн номын сан

- Шинжлэх ухааны байгууллагуудад хадгалагдаж буй баримт бичгүүд

- Бусад бичиг баримт, материалууд

Гар бичмэлээр байгаа болон хувилагдсан материалуудад дараах баримтууд ордог. Үүнд;

1. Шинжлэх ухаан техникийн тайлангууд

2. Орчуулгын материалууд

3. Эрдмийн зэрэг горилсон нэг сэдэвт бүтээлүүд болон түүний хураангуй, алгоритмын тодорхойлолт

4. Төслүүд

5. Нөөцлөгдсөн гар бичмэлүүд

6. Зохион бүтээх баримт, зураг

7. Хурал, зөвлөгөөн, семенарын материал

8. Мэдээллийн картууд

9. Туршилтын акт, протокол

10. Оновчтой саналын тодорхойлолт

11. Бүтээгдэхүүний үнэмлэх

12. Барааны тэмдэг

13. Зөвшөөрлийн гэрчилгээ

14. Чанарын актууд зэрэг юм.

Хэвлэн нийтлэгдээгүй баримтууд нь үнэн бодитой, оновчтой, тухайн зүйлийн агуулгыг бүрэн багтаасан, цаг үеэ олсон, шуурхай байдаг зэрэг онцлогтой бөгөөд судалгааны ажлын үнэлэмжийг мэдэгдэхүйц дээшлүүлдэг.

Шинжлэх ухааны баримтын тухай

Энэ нь ердийн амьдралд өдөр тутам хэрэглэгддэг “баримт” гэдэг ойлголтоос илүү өргөн хүрээтэй, олон талтай, гүн нарийн ойлголт юм. Шинжлэх ухааны баримтын үндсэн дээр байгаль, нийгмийн үзэгдэл, үйл явцын агуулга, зүй тогтол тодорхойлогдож, онол баяжиж, шинэ онол боловсрон, хууль, зүй тогтлыг танин мэддэг байна.

Шинжлэх ухааны баримт нь бусад энгийн баримтаас ялгаатай бөгөөд дараах зүйлүүдийг өөртөө агуулсан байдаг. Үүнд;

ь Онолын болон туршилтын судалгааны үр дүн

ь Шинжлэх ухааны эрэл хайгуулын чиглэл, арга зам, судалгаа явуулах арга зүй

ь Судалгааны ажлын явцын тодорхойлолт

ь Чухал нээлтүүдийн түүхийг мөшгөсөн түүхийн баримт, хөшөө дурсгалыг шинжлэх ухааны үүднээс судалсан тайлан илтгэл

ь Судлаачийн тухай мэдээлэл зэрэг юм

Шинжлэх ухааны баримтын дийлэнх нь хэвлэн нийтлэгдсэн байдаг бөгөөд дараах байдлаар хэлбэрждэг байна.

ь Шинжлэх ухаан техникийн сонгодог бүтээлүүдийн бүрэн түүвэр

ь Нэрт эрдэмтдийн сонгодог бүтээлүүд

ь Нэг сэдэвт зохиолууд /диссертаци/. Энэ нь нэг асуудал буюу нэг сэдвийг хэд хэдэн судлаачид тал бүрээс нь судалсан бүтээлийн эмхтгэл юм.

ь Сэдэвчилсэн түүвэр. Энэ нь ямар нэг сэдвийг /асуудлыг/ бүхэлд нь биш түүний онц чухал, ач холбогдолтой гэж үзсэн зарим талуудыг авч үздэг бөгөөд үүгээрээ диссиертациас ялгаатай.

ь Эрдэм шинжилгээний их, бага хурлуудын материал, тэдгээрээс гаргасан зөвлөмж, шийдвэрүүд орно.

Шинжлэх ухааны хэвлэн нийтлэгдээгүй баримтад эрдмийн зэрэг горилсон бүтээл /диссиртаци/ болон түүний хураангуй чухал байр эзэлдэг. Шинжлэх ухааны баримт нь тухайн салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүдэд зориулагдсан байдаг учраас шинжлэх ухааны үг, хэллэгээр бичигдсэн логик сэтгэлгээ шаардах тул энгийн хүмүүст ойлгоход амаргүй байж болох юм. Шинжлэх ухааны баримтад шинэлэг байх, тодорхой байх, үнэн байх, зэрэг шаардлагууд тавигддаг. Шинэлэг байна гэдэг нь заавал шинжлэх ухааны нээлт байх албагүй боловч тухайн цаг үеийг хүртэл мэдэгдээгүй байсан шинэ юмс үзэгдэл, үйл явц тэдгээрийн агуулга, шинж чанарын тухай шинэ мэдлэгийг агуулж байх ёстой гэсэн үг юм.

Шинжлэх ухааны зорилго нь байгаль, нийгэм, техникийн хөдөлгөөн, хөгжлийн зүй тогтлыг танин мэдэж, түүний үйлчлэлийг хүн төрөлхтөний сайн сайхны тусад үйлчлүүлэхэд орших агаад шинэ нээлт, шинэлэг санаа бүр энэхүү зорилгод хүрэх боломжийг баяжуулдаг. Шинжлэх ухааны баримт үнэн зөв байх нь нэн чухал бөгөөд энэ нь эх сурталж лавтай, мэдээлэл бодитой байхаас хамаарна. Ямар нэг асуудлыг тал бүрээс нь судалсан шинжлэх ухааны цогц бүтээл болох нэг сэдэвт зохиол, эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудаас гаргадаг “Эрдэм шинжилгээний бичиг” сэтгүүлүүдийг шинжлэх ухааны үнэ цэнэтэй бүтээл хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл эдгээр нь үнэн магадтай эх сурвалж мөн юм. Шинжлэх ухааны өгүүллийг аль шинжлэх ухааны салбарт хамаарч байгаагаар нь ангилдаг.

1. Байгалийн ухааны салбарын өгүүлэл. Энэ нь голдуу орчин үеийн математикийн аргууд болон загварчлалыг хэрэглэж, туршилтаар батлагдсан байдаг тул нотолгоо нь өндөр магадлалтай байна.

2. Хүмүүнлэгийн /нийгмийн/ шинжлэх ухааны салбарын өгүүлэл. Энэ нь байгалийн ухааны салбарын өгүүллээс өвөрмөц онцлогтой юм. Учир нь бодомж, харьцуулалт бүхий хийсвэрлэсэн үг, өгүүлбэрээр баталж нотолсон байдаг. Нийгэм өөрөө харилцааны цогц тул дээрхээс өөрөөр хандах боломж багатай. Хүмүүнлэгийн өгүүллийн үнэн зөв эсэх нь ашигласан материал, эх сурвалжийн үнэн зөв эсэхээс ихээхэн хамаарна. Үүнчлэн судлаачийн мэдлэг, туршлага, ертөнцийг үзэх үзэл нөлөөлдөг.

3. Бүрэн хийж дуусаагүй судалгааны ажлын завсрын үр дүн агуулагдсан шинжлэх ухаан техникийн өгүүлэл. Ийм өгүүллийг цааш нь задлан шинжлэх шаардлагатай бөгөөд тодорхой үр дүнд хүрэхэд судлаачийн туршлага, зүтгэл нөлөөлнө.

4. Мэдээллийн өгүүлэл. Энэ нь ямар нэг үйл явдал, үзэгдлийн талаар өгүүлсэн байдаг бөгөөд шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэд судлаачдын анхаарлыг татдаг байна.

Эрдэм шинжилгээний бага хуралд суух нь суралцагчдад шинэ мэдээллүүдийг олж авах талаасаа нэн чухал юм. Ингэхдээ судлаачдын илтгэлд шүүмжлэлтэй хандах зайлшгүй шаардлагатай. Учир нь уг хуралд тавигдсан илтгэл бүхэн шинэлэг, үнэн зөв байх магадлал янз бүр байдаг.

Мэдээллийн цахим /электрон/ эх сурвалжийн тухай.

Мэдээллийн электрон эх сурвалжид радио, телевиз, интернет болон электрон хэлбэрээр тарааж байгаа бусад мэдээлэл орно. Эдгээрийг ашиглахын тулд радио, телевизийн хөтөлбөрөөс зайлшгүй хэрэгтэй нэвтрүүлгийг сонсож, бүтнээр болон хэсэгчлэн дуу, дүрс бичлэгийн техник хэрэгсэлд буулгаж авах хэрэгтэй. Түүнийгээ дахин боловсруулж эх сурвалжийн ишлэлтэйгээр ажлын эхэд оруулна. Компьютерийн тусламжтайгаар хоёр том мэдээлийн эх сурталж нь CD, DVD дискүүд дээрх мультимедиа электрон толь бичгүүд юм. Эдгээр нь авсаархан, хэмжээ багатай бөгөөд шаардлагатай мэдээллийг хайж олоход хялбар байдаг. Интернетийг дараах зорилгоор өргөн ашигладаг.

1. Мэдээлэл хайх, өөртөө хэрэгтэй мэдээллийг олж авах

2. Файл болон төрөл бүрийн программуудыг татан авч ашиглах

3. Цахим шуудангийн үйлчилгээ зэрэг юм.

Үүний зэрэгцээ интернетийн сүлжээгээр дамжуулан CHAT буюу харилцан яриа, E-COMMERCE буюу электрон худалдаа хийх, мэдээллийн бүлгүүдэд нэгдэх, онлайн сургалтанд хамрагдах зэрэг боломжууд бий. Интернетийн тайлбар толь бичгүүдээс гадна электрон хэвлэлийн том архивыг ашиглаж болно. Тухайлбал, “Гуттенберг” гэдэг электрон номын сан гэхэд 20.000 орчим электрон ном агуулдаг байна. Вейбсайт нь (http;//www.guttenberg.com)

Шаардлагатай мэдээллийг олохын тулд хайлтын сайтуудыг ашиглана. Хамгийн өргөн хэрэглэгддэг yahoo (www.yahoo.com), altavista (www.altavista.com), хамгийн хүчэрхэг Fast search (www.allthewed.com) зэрэг өргөн хүрээг хамарсан нийтлэг сайтуудаас гадна зөвхөн дагнасан нэг төрлөөр хайлт хийдэг сайтууд байна. Хайлтын сайтуудын өгч байгаа мэдээллийн чанар, шинэлэг тал, мэдээллийн бүрэн цогц байдал, ямар эх сурвалжаас авсан, хамрах он жилүүд, хайлтын арга, үнэ, хамрах сэдвийн хүрээ зэрэг нь янз бүр байна. Тодорхой сэдэв, оноосон нэр томъёо, гол ойлголт ухагдахуунаар дамжуулж хайлт хийхэд Goodle (www.google.com) сайтыг хэрэглэхэд хялбар байдаг.

Интернетээс мэдээлэл авахдаа маш нарийн шүүн тунгааж, зөвхөн найдвартай эх сурвалжаас л авах хэрэгтэй юм. Ийнхүү сонголт хийхэд судлаачийн мэдлэг, туршлага чухал. Суралцагч цахим мэдээллээс сонголт хийхдээ удирдагчтайгаа зөвлөлдөж байх хэрэгтэй. Мэдээллүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд өөрийн компьютерт вирусын праграмм суулгаж түүнийгээ үе үе шинэчилж байх хэрэгтэй. Вирусын праграмм ойр ойрхон хуучирч, шинэ вирусыг устгаж чадахгүй болдгийг анхаарахад илүүдэхгүй.

Судалгааны ажилд компьютер ашиглах тухай.

Судалгааны ажил бичихэд дараах программууд өргөн хэрэглэгдэнэ. Үүнд;

ь Тексттэй ажиллах – Microsoft Word болон бусад

ь Текстэн материалыг компьютерт оруулж таниулахад – FineReader болон бусад

ь Хүрээн дотор текст бичихэд – Abode Page Maker болон бусад

ь Фото хавсралтуудтай ажиллахад – Abode Photoshop болон бусад

ь График зурагтай ажиллахад – CoreLDRAW;

ь График хүснэгттэй ажиллахад – Microsoft Excel;

ь Механизмын хүчний болон бүтцийн шинжилгээ хийхэд – SolidWorks (kosmoc)

Дээрх программууд дурдсан үйлдлүүдэд зориулагдсан хэдий ч зарим программ өөр бусад үйлдлүүдийг ч гүйцэтгэдэг. Энд өргөн хэрэглээний зарим программын үйлдлүүдийн талаар товч авч үзье.

Microsoft Word программ

ь Тусгай загварын тусламжтайгаар шинэ баримт нээнэ.

ь Олон баримт дээр нэгэн зэрэг хжиллана.

ь Автоматаар алдаа засна

ь Форматлах хэрэгслийн тусламжтайгаар эхийг хэлбэржүүлнэ.

ь Ишлэл, тусгай тэмдэгт оруулах, баримтаас үг хайх, үг солих

ь Өөр программ дээр хийгдсэн элементийг баримтад шилжүүлэн оруулна.

ь Бэлэн материалыг факс ба шуудан /И.Мэйл/-гаар илгээх гэх мэт

Хэвлэмэл бүтээгдэхүүн, ном зохиол, бүтээлүүдээс авсан ишлэл, зураг, диаграмм зэрэг материалуудыг авч ашиглах шаардлага гарвал скайнер ашиглана. Скайнер нь фотоаппаратын зарчмаар ажиллаж зураг, эх материалыг тэр чигээр нь хуулбарлан файл байдлаар оруулдаг. Бичгийн баримт болон зургийг таниулахад FineReader программыг хэрэглэдэг. Скайнердаж оруулсан материалыг таниулснаар тухайн баримтыг Word дээр өөрчлөн засварлаж болно.

Ном, сонин, сэтгүүлийн эх бэлтгэхэд Abode Page Maker программ тохиромжтой байдаг. Энэ нь зарим талаараа Word программтай төстэй боловч эхийг хүссэн байдлаараа зөөж боловсруулах, тодорхой хэмжээний обьектыг зурах, хуудсыг ном хэлбэрээр байрлуулах зэргээрээ давуу талтай.

Abode Photoshop программаар гадны эх үүсвэрээс оруулсан дүрст материалын боловсруулалт хийнэ. Энэ программын тусламжтайгаар дүрсийн өнгө фоныг өөрчлөх тусгай эффект /үр ашиг, үр дүн, юм,…/ бий болгох, зургийг эвлүүлэх, тайрах, нэмж зурах, сэргээх гэх мэт ажилбаруудыг хийнэ. Photoshop нь мэргэжлийн программ боловч сурах бүрэн боломжтой юм. Суралцагч судлаач хүнд компьютерийн программуудыг заавал эзэмшсэн байх шаардлага тавигддаг.

Бичгийн ажилд тавигдах шаардлага.

Гол шаардлага нь баримт мэдээ бодитой, үнэн зөв байх явдал юм. Үүний тулд дараах зүйлүүдэд анхаарах хэрэгтэй.

ь Судалгааны ажил хийхэд судлаач өөрөө сайн бэлтгэгдэх.

ь Мэдээллийн эх сурвалжтай ажиллах үедээ анхааралтай хандах

ь Сайн нотлогдоогүй, буруу ташаа мэдээлэл ашиглахаас татгалзах

ь Мэдээллээс чухал шаардлагатай зүйлийг сонгож авах

ь Бичгийн ажлын зааврыг чанд баримтлах

ь Хувийн зохион байгуулалтыг сайжруулах, үүний тулд ажлаа төлөвлөж хэрэгжүүлэх

ь Удирдагч багштайгаа тулж ажиллах, дэмжлэг туслалцаа тогтмол авах зэрэг юм. Бичгийн ажилд алдаа гарсан бол хянан засварлах явцад засаж болно.

Судалгааны ажил бичих явцад доорхи мэдээллүүдийг байнга нягтлан шалгаж байх хэрэгтэй.

ь Эхэд дурдагдаж буй улсын нэр, хүн ам суурьшсан газруудын нэр, хүний овог нэр, албан байгууллага, ажил үүргийн албан ёсны нэр гэх мэт

ь Бүх төрлийн статистик, тоон мэдээллүүд

ь Туршилт, сорил явуулах нөхцлийг тодорхойлсон мэдээллүүд

ь Эхэд байгаа ишлэлийн заалтуудыг үг, үсэг бүрээр нягтлах, ашигласан ном бүтээлийн хуудасны дугаартай тулгах

ь Ишлэл нь ном зүй, хавсралтын дугаартай таарч буй эсэх

ь Тайлбар зүүлтийг журмын дагуу хийсэн эсэх гэх мэт

Судалгааны ажил нь шинжлэх ухааны чухал баримт бичиг тул нэн хариуцлагатйа хандахыг шаардддаг.

Баримт материалыг шилж сонгох

Энэ ажилбар нь ердийн нэг механик ажил биш. Шинжлэх ухааны баримт бичиг цуглуулах, шилж сонгох нь судлаачаас ихээхэн санаачилга, зүтгэл, цөхрөлтгүй оролдлого шаарддаг бүтээлч үйл явц юм. Материал цуглуулахдаа гарт таарсныг бус зөвхөн өөрт хэрэгтэй шинжлэх ухааны баримтыг шилж сонгоно. Чанартай материалыг хангалттай бүрдүүлэх нь сайн “барилга барих”-ын үндсэн нөхцөл мөн. Хамгийн нэр хүндтэй эх сурвалжууд болон нэн шинэ мэдээллүүдийг олж цуглуулах нь судлаачийн хөдөлмөрийг хөнгөвчлөх сайн талтай. Нийгэм түүхийн үйл явц байнга өөрчлөгдөн хөгжиж, урагш явж байдгийн адил шинжлэх ухааны мэдлэг, туршлага өдрөөс өдөрт сэлбэгдэн шинэчлэгдэж байдгийг мартаж болохгүй. Үнэн ихэнхдээ харьцангуй байсаар иржээ. Өчигдөрхөн үнэн байсан зүйл өнөөдөр маргаантай болж, маргааш худал зүйл болохыг үгүйсгэх аргагүй. Иймээс ашиглаж байгаа баримт мэдээлэлдээ ямагт шүүмжлэлтэй хандаж байх нь зүйтэй.

Чухал мэдээлийг шилж сонгох үедээ өөрийн ой санамжийг сайн дайчилж сурах хэрэгтэй юм. Мэдээллийг сайн тогтооход зориулагдсан олон арга барил бий. Сайн тогтоохын эхний нөхцөл бол анхаарлаа судалж байгаа зүйлдээ /судлагдахуун дээр/ төвлөрүүлэх явдал юм. Ийнхүү анхаарлаа төвлөрүүлж чадсан бол тогтоох үйл явц анхаарал сарнисан үеэс бараг 10 дахин хурдан байдаг. Тогтоосон зүйлээ бусдад ярьж санал солилцвол илүү баттай болно. Гэхдээ мэдээллийг өдөр бүр анхааралдаа байлгах шаардлагагүй бөгөөд тэдгээрийг төрөлжүүлсэн тэмдэглэл хөтлөх, дуу хураагчид бичих, зураглал хийх, эх бүтээлээс хувилж авах, цахим зэрэг хэлбэрүүдээр хадгалж болно.

Шинэ санаа бодлууд гэнэт орж ирвэл тэр дор нь тэмдэглэж авахгүй бол амархан мартагддаг. Ийнхүү мартагдсан зүйлийг дараа нь сэргээн санахад хэцүү байдаг. Цуглуулсан материалаа ангилан бүлэглэж, тоон мэдээллүүдийг харьцуулан жиших нь ажлыг эмх цэгцтэй болгож, эрэл хайгуулыг хөнгөвчлөх, юмс үзэгдлийн урьд өмнө мэдрэгдээгүй холбоо хамаарлыг тогтооход тусалдаг.

Шинжлэх ухааны ном зохиолыг хэрхэн яаж унших тухай

Шинжлэх ухааны ном зохиол унших нь уран зохиолын ном уншихтай адилгүй. Энэ нь суралцагчаас ихээхэн анхаарал, хүч хөдөлмөр шаарддаг. Шинжлэх ухааны ном зохиол уншихдаа уг ном зохиолтой танилцахаас эхэлнэ. Танилцах үйл явц хоёр шаттай бөгөөд энэ нь гүйлгэн унших, дэлгэрэнгүй /нухацтай/ унших зэрэг юм. Номны зохиогч, редактор нь олны танил болон нэрт эрдэмтэд байгаа бол уншигчийн анхаарлыг ихэд татдаг. Харин олонд сайн танигдаагүй субьект байгаа бол анхаарал татахгүй байх талтай. Шинэ залуу судлаачдын ном бүтээлд оршил болон удиртгал бичигч нь нэр нөлөө бүхий томоохон эрдэмтэд байгаа бол уншигчид уг бүтээлийг сайнд тооцож анхаарал хандуулахад хүрдэг. Харин дахин хэвлэгдсэн болон нэмэн засварласан бүтээл уншигчдын ой тойнд гол төлөв сайн гэдгээр буудаг юм. Дээр өгүүлсэн зүйлүүд нь тухайн зохиолын талаар зөвхөн төсөөлөл авахад туслана.

Дараагийн зорилт бол зохиолын үндсэн агуулгыг шинжлэн мэдэх явдал юм. Үүний тулд зохиолын хураангуй, өмнөх үг, оршил зэрэгтэй танилцана. Хураангуйд уг зохиолын гол агуулга, шинжлэх ухааны болон практик ач холбогдлыг тодорхойлсон байдаг. Хураангуйгаас ажлын үндсэн сэдэв, зохиогчийн тавьсан зорилт, тухайн бүтээл шинжлэх ухааны аль чиглэлд хамаарах болон зохиолын ерөнхий бүтэц зэргийн талаар мэдэж болно.

Өмнөх үгийг зохиогч өөрөө эсвэл редактор, орчуулагчийн хэн нь ч бичиж болно. Энд юуны өмнө уг зохиолыг бичих болсон сэдэл, түүний агуулга бүтцийн онцлог, хөндсөн асуудал, судлагдсан байдал, тухайн бүтээлийг бичихэд оролцсон хүмүүс, шүүмжлэгчид болон шинжлэх ухааны аль салбарын хүмүүст зориулагдсан зэргийг заасан байна. Өмнөх үгийн өөр нэг хэлбэр нь оршил өгүүлэл юм. Оршил өгүүлэлд тухайн эмхтгэлд орсон бүтээлүүдэд үнэлэлт өгч, уг бүтээлийг зохиогчийн тухай болон бүтээлийн агуулгын талаар бичсэн байдаг.

Судлаачийн анхааралтай уншиж танилцвал зохих нэг зүйл нь оршил юм. Онолын ном зохиолуудын оршилд дараах зүйлүүд орсон байдаг.

ь Судлах зүйлийн тухай ерөнхий мэдээлэл

ь Уг зүйлийн /сэдвийн/ судлагдсан байдлын талаар

ь Сэдвийн чухал болохыг нотолсон санаанууд

ь Баримт материалын эх сурвалжийн тухай мэдээллүүд

ь Судалгааны ажлын зорилго, зорилтын тухай

ь Судалгааны ямар арга зүйд тулгуурласан тухай

ь Судалгааны ажлыг бүтэц түүний агуулгын талаар

ь Уг ажлын шинэлэг тал, онол практикийн ач холбогдол

ь Хамгаалах гол зүйл нь юу болох

ь Уг сэдвийг цааш нь судлах шаардлагатай гэж үзвэл тэр тухай санаа зэрэг юм

Эдгээр нь шинжлэх ухааны ном зохиолтой эхлэн танилцахад анхны мэдээллүүдийг өгдөг байна.

Номыг зөв, хурдан уншиж сурах нь судлаачийн хөдөлмөр, цагийг хэмнэх ач холбогдолтой. Хурдан унших нь шинжлэх ухааны чиглэл бүрт харилцан адилгүй. Утга агуулга нь алхам алхмаар тодорхой болдог математик, техникийн чиглэлийн материалуудыг хурдан унших нь үр дүн багатай. Харин нийгмийн ухааны эх зохиолуудыг хурдан унших нь үр дүнтэй байдаг. Тухайлбал, номтой ажиллах үедээ уг номыг хурдан унших нь үр дүнтэй байна уу, хурдан уншиж болмоор байна уу гэдгийг дүгнэн бодох хэрэгтэй. Зарим номыг хурдан уншихад тохиромжтой байдаг бол зарим нь амаргүй байдаг. Олон гарчиг, дэд гарчигуудтай үүнчлэн олон бүлэг, дэд бүлгүүдтэй догол мөр бүрийн эхний өгүүлбэрүүд нь түүний агуулгын талаар хангалттай мэдээлэл агуулсан бол түргэн унших боломж илүү байдаг. Бид ихэнхдээ ярианы хурдтай адилаар уншиж сурсан байдаг. Гэтэл хүний тархи үгийг хэлэхэээс өмнө хүлээж авах чадвартай байдаг байна. Ийм учраас үгийг салангид биш, өгүүлбэрийн хамт бүтцийн хүрээнд нь ойлгож унших нь илүү үр дүнтэй юм.

Судалж байгаа сэдвийнхээ хүрээнд асуултууд зохиогоод түүндээ хариулт авах зорилгоор унших нь хүний анхаарал гол зүйлд төвлөрөх талаасаа ач холбогдолтой юм. Манай суралцагчид харандаа барьж уншиж сурсан байдаг. Энэ ч бас үр дүнтэй арга. Чухал гэсэн үг, мөрүүдийг тэмдэглэх нь тэдгээрийг дахин олоход хялбар байдаг юм. Ийнхүү тэмдэглэхдээ харандаагаар хөнгөхөн зурж тэмдэглэдэг. Эдгээр тэмдэглэсэн мөрүүдийг дахин нягтлан үзэх замаар товчлол хийдэг байна. Товчлолыг авч явахад хялбар, хэдийд ч, хаана ч ашиглаж болохоор хийх хэрэгтэй. Суралцагчид байвал зохих нэг чадвар нь номын сангуудын карт, каталогитай ажиллаж сурах явдал мөн.

Нэрт эрдэмтэн С. Лувсанвандан “ном унших ухаан” өгүүлэлдээ унших арга барилыг дараах байдлаар ангилжээ. Үүнд;

1. Үйл явдлыг унших

2. Гүйлгэн унших

3. Бодож унших

4. Шүүн тунгаах уншлага

5. Жишэн харьцуулж унших

Шүүн тунгаах уншлага нь номын урсгал даган хөвөхгүй /хөтлөгдөхгүй/ тэнд баримжаатай “сэлэх”-ийн нэр юм. Хүний бүтээсэн ном бүхэн тухайн салбарт эцсийн ганц үнэн биш, харин урагш давших түлхүүр, дээш дэвших гишгүүр болж байдаг. Мэдээллийн эх сурвалжид тэмдэг тавих нь судлаачийн ажилбарын нэг тал юм. Энд хэд хэдэн арга бий.

1. Хавчуургын арга. Энэ нь хавчуургыг хавтасны дунд хийгээд зохих тэмдэглэл хийх, ашиглах хуудасны дугаарыг бичих, тулгуур үг бичих, богино тайлбар, холбоос хийх гэх мэтэд хэрэглэдэг арга юм. Хавчуургыг өргөний хэмээг нь өөрчлөх, өнгөөр ялгах, дугаар тавих гэх зэргээр хийж болно. Тухайлбал, “13-р хавсралтад оруулах, “1-р бүлэгт оруулах”, “хувилах” гэх зэргээр бичнэ.

2. График тэмдэгтүүд ашиглан тэмдэглэх арга. Эхийн /ажлын/ бүтцийг тэмдэглэхэд ердийн тоон дугааруудыг хэрэглэдгээрээ хялбар арга юм. Тухайбал, 1-р бүлэгт оруулах санааг “1”, 2-р бүлгийн 1-р дэд бүлэгт оруулах санааг II-1 гэх зэргээр тэмдэглэнэ. Үүнчлэн тухайн тэмдэглэж байгаа зүйл /санаа/ эхэд ямар үүрэгтэй орохыг дараах байдлаар А-тодорхойлолт, Б-үндэслэл, В- нотолгоонд хэрэглэх гэхчлэх тэмдэглэдэг.

3. Зураас, хүрээгээр тэмдэглэх арга. Тухайлбал, оршилд орох хэсгийг тасархай зураасаар, үндсэн хэсэгт орох санааг үргэлжилсэн зураасаар, дүгнэлт хэсэгт орох санааг долгиолсон зураасаар тэмдэглэн гэх зэргээр тогтоохыг хэлнэ.

4. Туслах чанарын зүйлсийг тэмдэглэх арга. Энэ талаар судлаачид өөрийн гэсэн аргатай болсон байдаг. Тухайлбал, зөвлөх тэмдэглэгээ ( ), Анхаарлын тэмдэг (!), асуултын тэмдэг (?), хаалтын тэмдэг ( ) зэргээс гадна гадаад үгийн товчилсон үг NB (notebene) – анхаарах гэх мэт

Тэмдэглэгээг олон өнгийн харандаагаар алаглуулж хийх нь зохимжгүйгээс гадна эргээд учрыг нь олоход хэцүү байдаг муу талтай.

1.3. Ажлын үр дүнг хэлбэржүүлэх тухай.

Аливаа бичгийн баримт нь хүний санаа бодлыг бичгийн хэлбэрээр илэрхийлж тэмдэглэсэн эх хэлбэртэй байна. Текст буюу латин хэлний (“textus” – холбоо, холболт) гэдэг нэрийг нэг үе “Эх бичиг” гэдэгтэй дүйцнэ гэж монгол хэлний судлаачид үзэж байсан бөгөөд 1980-аад оноос “Бичвэр”, 1997 оноос “Эх” хэмээх нэр томъёонд дүйцүүлэн хэрэглэж байна.

Эрдэмтэн багш Б. Пүрэв-Очир “Эх” гэдэг үгийг дараах байдлаар “(текст) гэдэг нь ерөнхий нэг сэдэвт захирагдсан, шаталсан тогтолцоот бүрдэл хэсгүүдтэй тодорхой утга, хэлбэр, үүргийн нэгдэлтэй, харилцах мэдээлэл төгс дохио” юм хэмээн тодорхойлжээ. Эх нь үсэг нэгдэж үг бүтээх, үг нэгдэж өгүүлбэр бүтээн тодорхой санааг илэрхийлэх үйлийн нэгдэл юм. Энэ нь үг зүй, хэл зүй, өгүүлбэр зүйн дүрмээр зохицуулагдана. Утга зүйн түвшин нь маш нарийн, өргөн хүрээтэй ойлголт бөгөөд дараах үе давхраатай байна.

1. Нэгдүгээр үе – Өнгөн давхарга

2. Хоёрдугаар үе – Утга агуулсан давхарга

3. Гуравдугаар үе – Нэгтгэн дүгнэгдсэн давхарга

ь Өнгөн давхаргад тодорхой үйл явдал, үзэгдлийг үгээр илэрхийлэн бичсэнийг суралцагч уншаад шууд ойлгоно.

ь Утга агуулсан давхарга нь үгийн олон утгаас хамаарч уншигдахгүй, таагдахгүй, далд утга агуулсан байдаг онцлогтой

ь Нэгтгэн дүгнэгдсэн давхаргын гол агуулга нь үйл явдал, үзэл бодол, баримтыг нэг цогц болгож, нэгтгэн дүгнэж байж суралцагч өөрөө зохиогчийн санааг ухаж ойлгох үйл явц юм.

Судалгааны ажилд “зохиомж” гэдэг ойлголт бий. Энэ нь эх бүтээлийн бүтцийн элементүүд /оршил, үндсэн хэсэг, дүгнэлт г.м/ утга агуулгаараа таарч тохирч байхыг хэлнэ.

Хэл найруулга бол шинжлэх ухааны зохиолын нэг гол асуудал байдаг. Энэ нь сэдвийн дагуу хийсэн судалгаа, гарсан үр дүнг хэрхэн эмх цэгцтэй, логик дараалалтай, үнэн зөв, тод томруун, ойлгомжтой найруулан бичсэнийг илэрхийлдэг. Бүтээлийн хэл найруулга нь зохиогчийн хэлний боловсролын түвшин, соёлыг давхар илтгэдэг. Шинжлэх ухааны зохиолын найруулгыг дараах байдлаар ангилна.

1. Эрдэм шинжилгээний

2. Шинжлэх ухааны нийтлэг зохиолын

3. Сурах бичгийн

Шинжлэх ухааны зохиолын найруулгад дараах шаардлагууд тавигддаг. Үүнд;

1. Учир шалтгааны дараалалтай байх

2. Товч тодорхой найруулгатай байх

3. Оновчтой, бодитой байх

Эрдэм шинжилгээний зохиол нь уран зохиолоос ялгаатай бөгөөд дүрслэх, яруу өгүүлэх хэлбэрүүд тэр бүр ашиглагддаггүй, үгийг ихэвчлэн шууд утгаар нь нэр томъёог нэг утгаар хэрэглэх зэрэг хатуу тогтоосон дэг, уламжлалтай юм. Шинжлэх ухааны зохиолд хэрэглэгддэг үг харьцангуй цөөн, нэг үгийн хэрэглэгдэх давтамж их, нэр томъёо, ойлголт ухагдахуун зонхилдог, гадаад үгийг харьцангуй их хэрэглэдэг, шинжлэх ухааны үг, хэллэгт захирагдмал байдаг зэрэг онцлогтой. Шинжлэх ухааны салбар, чиглэл бүр өөрийн нэр томъёо, ойлголт, ухагдахууны сантай байдаг учраас нэг эхэд /судалгааны ажилд/ янз бүрийн шинжлэх ухааны нэр томъёог аль болохоор хольж хутгахгүй байх хэрэгтэй.

Үг зүйн онцлог гэвэл шинжлэх ухааны найруулгад хамгийн их хэрэглэгддэг нь нэр үг, дараа нь тэмдэг нэр, тэгээд үйл үг байдаг юм. Тийн ялгалын хэрэглэгдэх хүрээний хувьд олон тохиолдох нь харъяалахын тийн ялгал, дараа нь нэрлэх ба заахын тийн ялгал ордог. Үйлийн цагийн хувьд үгнүүд нь голдуу одоо цагийн хэлбэрээр тохиолдоно. Судлаач нэгдүгээр төлөөний үгийг (“Би”-г) ихэвчлэн олон тооны хэлбэрээр (“Бид) илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл “би бичсэн”, “би үзсэн”, би нотолсон”, “би дэвшүүлж байна” гэхгүй, харин “бид бичсэн”, “бид үзсэн”, “бид нотолсон”, “бид дэвшүүлж байна” гэх зэргээр санаагаа илэрхийлнэ гэсэн үг юм. Энэ нь уг судалгааны ажлыг зөвхөн ганц судлаачийн хөдөлмөр шингэсэн түүний бүтээл хэмээн авч үзэх бус тэр нь уламжлалт, залгамжит шинжтэй бөгөөд суралцагч болон удирдагч багш үүнчлэн түүнд оролцож тусалсан хүмүүсийн хамтын бүтээл байдаг гэсэн утгыг илэрхийлж буй хэрэг юм. Ийнхүү үзсэнээр судлаачийн хөдөлмөр үгүйсгэгдэхгүй.

Шинжлэх ухааны зохиолын найруулгад хэрэглэгдэх өгүүлбэр зүйн хэв, хэлбэр харьцангуй цөөхөн тохионо. Эзэн биегүй өгүүлбэр нилээд хэрэглэгддэг. Өгүүлбэрийн зэрэгцсэн гишүүд болон оруулсан үг элбэг. Нилээд түгээмэл хэв шинж нь гэвэл хэд хэдэн өгүүлбэрээр нэгэн нэгдмэл санааг илэрхийлэн догол мөр болгон бичдэг явдал юм. Өөрөөр хэлбэл уг догол мөрд ямар нэгэн цогц санаа юмуу дүгнэлт багтаж байна гэсэн үг. Догол мөрийг бүрдүүлж байгаа өгүүлбэрийн бүрэлдэхүүн /тоо/ харилцан адилгүй байдаг. Шинжлэх ухааны зохиолын найруулга нь эзэн биегүй гуравдугаар биеэс хүүрнэсэн байдаг. Энэ нь судлаачийн гол анхаарал тодорхой субьект /эзэн/ дээр биш, мэдээллийн агуулга, учир шалтгааны холбоо, дараалал дээр төвлөрч байдгаас үүдэлтэй юм.

Ишлэл авах тухай.

Судлаач өөрийн гаргасан баримтыг нотлох, санааг тодруулах зорилгоор шүүмжлэлтэйгээр задлан шинжилсэн ямар нэг бүтээлээс үүнчлэн нэр хүндтэй, эргэлзээгүй эх үүсвэрээс ишлэл авдаг. Ишлэл авахад дараах зарчмуудыг баримтлах нь зүйтэй.

1. Хэн нэгний авсан ишлэлээс биш, яг эх бүтээлээс нь ишлэл авах

2. Тухайн ишлэлийг авч болох хэд хэдэн бүтээл байгаа бол хамгийн нэр хүндтэй, баттай гэж үзсэн эх сурвалжаас ишлэл авах

Эдгээр зарчмыг судлаач ягштал баримтлах ёстой юм. Ишлэлээс ишлэл авахыг угтаа бол хориглодог. Ингэхдээ дараах цөөн тохиолдолд зөвшөөрдөг байна. Үүнд;

1. Эх бүтээлийг олох боломжгүй, түүнийг эрж хайх нь хүндрэлтэй

2. Хэвлэгдсэн архивын баримтаас ишлэл авсан

3. Ишлэл нь зохиогчийн ярианы бичлэг мөн бусад хүмүүсийн дурсамж ярианаас тодорхой болсон бол ишлэл авч болдог байна.

Эх зохиолд байгаа үг, утга, ишлэлийн үг, утга хоёр зөрөхгүй байх ёстой. Ишлэлийн үг, өгүүлбэр, санаа, тэмдгийг дураараа өөрчлөх нь зохиогчийн санааг өөрчлөөд зогсохгүй, шинжлэх ухааны судалгаанд ээдрээ төвөгтэй байдлыг бий болгох сөрөг үр дагавартай юм.

Үг, үсгийн өөрчлөлтгүй байх

1. Ишлэлийн үг, үсэг, цэг, тэмдэг эх зохиолд ямар байсан, яг тэр хэвээр нь авна.

2. Зохиол бүтээлээс илт алдаатай хэсгийг ишлэхдээ түүний ард хаалтанд анхаарлын тэмдэг тавих ба алдааг нь тайлбар өгч засаж болно.

Ишлэл дэх тайлбар ба товчлол

1. Эх зохиолын ишлэл авч буй хэсэгт зохиогчийн товчилсон үгнүүдийг тэдгээрийн ард нь дугуй хаалтанд дэлгэрүүлэн бичиж болно.

2. Ишлэл авч буй хэсэгт зохиогчийн илэрхийлсэн утгыг өөрчлөхгүйгээр зарим үг, өгүүлбэрийг орхиж, олон цэгээр тэмдэглэн бичиж болно.

Орхиж байгаа үг, өгүүлбэр нь авах ишлэлийн эхэнд байгаа бол тэнд нь, төгсгөл рүү нь байгаа бол эцэст нь, дунд хэрд нь байгаа бол тэр газар нь тус бүр 3 цэг бичдэг.

Үг, холбоо үг ишлэх. Ишлэлээс бусад үг орхигдсон гэдэг нь ойлгомжтой байгаа үед үлдсэн үг нь утга санаагаа бүрэн илэрхийлж чадаж байгаа нөхцөлд ишилсэн үг, холбоо үгийн өмнө, хойно олон цэг тавихгүйгээр авсан өгүүлбэрээ шууд хашилтанд бичдэг.

Ишлэлийг тодруулах. Судалгааны ажилд оруулсан ишлэлийг бусад бичлэгээс ялгахын тулд хаалт болон хашилтад бичдэг. Ишлэлийн ард тухайн ишлэлийг авсан эх зохиол, зохиогч, хэвлэсэн он, хуудасны дугаар зэрэг мэдээлэл бүхий тайлбарыг хагас дугуй болон налуу хаалтанд бичнэ. Зарим тохиолдолд ишлэлийг хаалтанд бичихгүйгээр тодруулах (Bold; Italic), өөр шрифтээр бичих, үсгийн хэмжээг багасгах зэргээр ялгаж өгдөг. Ишлэлийг дараах нөхцлүүдэд том үсгээр эхлэн бичнэ. Үүнд;

1. Өгүүлбэрийн дунд хоёр тодорхойлох цэг (:)-ийн ард

2. Ишлэлээр өгүүлбэр эхэлж байгаа бол /өмнөх үг нь орхигдсон байсан ч гэсэн том үсгээр эхэлнэ./

3. Өмнөх үг нь орхигдсон ч гэсэн ишлэл оноосон нэрээр эхэлж байвал

Ишлэлийг дараах нөхцлүүдэд жижиг үсгээр эхлэн бичнэ. Үүнд;

1. Өгүүлбэрийн дунд орж, ишилсэн өгүүлбэрийн өмнөх үг нь орхигдсон үед

2. Өмнөх үг нь орхигдоогүй боловч өгүүлбэрийн утгат хэсэг болон тухайн өгүүлбэрийн дунд ба адагт орсон, хоёр тодорхойлох цэгийн ард биш, оноосон нэрээр эхлээгүй нөхцөлд

Ишлэл авахгүйгээр зохиогчийн хэлэх гэсэн санааг өөрийн үгээр илэрхийлж байгаа бол эх сурвалжийг нэрлэх нь зохимжтой. Эрдэмтэн багш Н. Хавх “Буддын шашин, соёлын тайлбар толь”-ныхоо оршлыг бичиж байхдаа энэ аргыг хэрэглэсэн байна. Эрдэмтэн багшийн бичсэн жишээ: “Их эрдэмтэн Эйнштейн бүх шашны дотроос шинжлэх ухааны гэгдэх цорын ганц шашин бол буддизм хэмээсэн нь тэрээр дорно дахины их, бага 10 ухаан, шинжлэх ухааны гүнзгий утга агуулгыг үнэлэн хэлсэн төдийгүй, алдарт “Харьцангуйн онол”-оо нээхдээ ертөнцийн тогтолцооны талаарх буддын гүн ухаан, сургаалын холбогдох санаа баримтлалыг арга зүй болгон авч хэрэглэсэн байж болох талтай, ямарч атугай энэ тухай ярьдаг, бичдэг хүмүүс байдаг юм билээ” хэмээн өөрийн хэлэх гэсэн санаагаа ишлэл авахгүйгээр илэрхийлжээ.

Ишлэл татаж болох бусад эх сурвалжуудад уран зураг, гэрэл зураг агуулсан ном, газар зүйн карт, дижитал хэлбэрт оруулсан бүтээлүүд орно. Ном зүйн жагсаалт байхгүй, үүнчлэн ийм жагсаалт байвч тэдгээрээс ишлэл аваагүй, ишлэл авсан бол түүнийгээ журмын дагуу тэмдэглээгүй байх зэрэг дутагдал байдгийг давтаж болохгүй юм. Ийм ажлыг хамгаалуулах зөвлөл хүлээж авдаггүй болно.

Ишлэлд ном зүйн заалтыг хэрхэн хийх тухай

Олон улсын жишигт ишлэлээс ишлэл авсан тохиолдолд уг номны нэрийг бүтнээр нь бичиж, араас нь залгуулан “ишилснээр” гэх зэргээр уг ишлэл байгаа бүтээлийг нэрээр нь дурдаж болно. Ишлэлийн заалтын 3 янзаар хийдэг.

1. Эх дотор

2. Тухайн хуудасны доод хэсэгт /хөлд/

3. Ном зүйн жагсаалтыг үндэслэж ишлэл тэмдэглэх

Эх дотор ном зүйн заалт хийх. Ишлэл дотор тухайн бүтээлийн болон зохиогчийн нэр гэх мэт мэдээлэл орсон бол уг ишлэлийн ард хагас дугуй хаалтанд хэвлэсэн он, хуудасны дугаар зэргийг бичнэ. Тухайн хуудсанд нэг бүтээлээс ишлэл дахиж авсан бол хаалтанд зөвхөн хуудасны дугаарыг бичнэ. Жишээ; МУБИС-ийн МСС-аас эрхлэн гаргасан Монгол судлалын чуулган хэмээх бүтээлийн YII ботид “Монголчууд зуны эхэн сард могойн хальс гууждаг тул зуны тэргүүн сарыг могой сар гэдэг” (УБ. 2007. Х 132) гэжээ. Энэ сард төрсөн хүн зан ааш нь номхон, шударгуу, ёс журмыг баримталдаг, дуу цөөнтэй, алс холын хүслэнтэй (х 132) гэсэн байна гэх мэт.

Хуудасны доод хэсэгт ишлэлийн заалт хийх. Эхийг унших явцад ишлэл авсан зохиолыг мэдэх шаардлагатай боловч тэр нь эх дотор харагдахгүй, тэнд оруулах боломжгүй /оновчгүй/ байгаа бол ишлэлийн заалтыг тухайн хуудасны доод хөлд оруулна. Жишээ;

Эх сурвалжид дурдахдаа “ … гэгээрэл гэдэг хүмүүний хөгжлийн арга талын “хүмүүн” төвтэй хандлага хэмээн ойлгож болно. Харин боловсрол нь хүмүүний хөгжлийн арга тал “боловсруулж буй бичгийн соёл буюу үнэт зүйл” төвтэй хандлага хэмээн ойлгож болно”1 гэжээ.

1. Жадамбаа. Б., Шүтэн багцрахуйн үзэл ба хүмүүний хөгжил. УБ. 2007. 50 дахь тал

Тухайн бүтээлээс дараагийн ишлэлийг залгуулан авсан бол ном зүйн тодорхойлолтыг дахин бичихгүйгээр хуудасны доод хэсэг дараах байдлаар оруулна. Жишээ нь;

2. Мөн тэнд. 52 дахь тал.

Ишлэл авсан тухай тэмдэглэгээг хуудасны хөлд оруулахдаа Insert зэсийг ашиглана.

Ном зүйн жагсаалтыг үндэслэж ишлэл тэмдэглэх. Ажилд их хэмжээний ишлэл авсан тохиолдолд ишлэл авсан зохиолуудыг ажлын буюу бүлгүүдийн төгсгөлд жагсаан бичээд эхэд орсон ишлэлийн ард дөрвөлжин хаалтан дотор ишлэл авсан зохиолын ном зүйн жагсаалт дахь өмнөх дугаарыг бичиж тэмдэглэнэ. Жишээ нь; Казахын ард түмний аман билигт “эцгийн үг үүрэг, эхийн сүү өглөг” [16] хэмээн өгүүлдэг байна.

Дээрх ишлэлийн ард 16 гэсэн тоо байгаа нь уг ишлэлийг авсан эх бүтээл нь ном зүйн жагсаалтын 16-д бичигдсэн байна гэсэн үг юм. Үүнчлэн ишлэл тухайн бүтээлийн хэд дэх хуудсанд байгааг тэмдэглэе гэвэл [16. х348] гэх зэргээр тэмдэглэдэг. Энэ арга хялбар мэт боловч судалгааны ажлын явц дунд шинэ ном бүтээл нэмж оруулах нөхцөлд уг ном бүтээлийг крилл цагаан толгойн үсгийн дараалалд оруулж ном зүйн жагсаалтад нэмэн бичсэнээр номны жагсаалтын өмнөх дугаарууд өөрчлөгдөж, улмаар эхэд орсон өмнөх зарим тэмдэглэгээнүүдийг бүгдийг нь өөрчлөх шаардлага гардаг сул талтай юм.

Тайлбар зүүлтийн тухай

Ном зохиол, өгүүлэл, нийтлэл, эрдэм шинжилгээний бичиг зэрэгт дараах мэдээллийг агуулсан тайлбар зүүлтийг хийдэг.

1. Ишлэл оруулсан нөхцөлд тухайн ишлэлийг авсан эх зохиол, зохиогч, хэвлэсэн газар, хэвлэсэн он, хуудасны дугаар, гэх мэт мэдээлэл бүхий тайлбар

2. Зарим нэг нутгийн аялгууны үг, хуучирсан болон өвөрмөц үг хэллэг, харь үг, товчилсон нэрийн тайлбар

3. Эхийн /бичвэрийн/ тухайн хэсэгт дурдагдсан зүйлийн тухай өөр хаанаас нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл авч болох тухай заалт

Эдгээрийг харгалзах хуудасны доор болон бүлэг, зүйлийн төгсгөлд, мөн ажлын сүүлийн хуудаснуудад дугаарлан оруулдаг. Ийм төрлийн тайлбарыг зүүлт гэж нэрлэнэ. Тайлбарын тэмдэг нь дараалсан тоо эсвэл таны сонгосон дурын тэмдэгт байж болно. Одыг (*) голдуу цөөн зүүлттэй хөлийн тэмдэглэлд хэрэглэдэг. Харгалзах хуудас бүрийн доор оруулсан дугаарт тайлбарыг хөлийн тэмдэглэл (Footnote), баримтын төгсгөлд оруулсан дугаарт тайлбарыг төгсгөлийн тэмдэглэл (Endnote) гэнэ. Төгсгөлийн тэмдэглэл нь үргэлж дараалсан тоогоор дугаарлах ёстойг анхаарах нь зүйтэй.

Баримтанд тайлбарыг хэрхэн оруулах талаар авч үзье. Тайлбар оруулах газраа курсор байрлуулна. Word-ын Insert / Footnote командыг сонгоно.

ь Footnote – тайлбар тэмдэглэгээ тухайн хуудасны дор гарна.

ь Endnote – тайлбар тэмдэглэгээ баримтын төгсгөлд гарна

ь Audo Number – Автоматаар дугаарлагдана.

ь Custom Mark – Дурын тэмдэгээр тэмдэглэнэ.

Компьютерийн харилцах цонхны Insert бүлгээс Footnote товчлуурыг, Numbering бүлгээс Audo Number товчлуурыг идэвхжүүлээд “Ок” дарна. Энэ үйлдлийн үр дүнд курсор хуудасны доод хэсэгт шууд очно. Энд тайлбар зүүлтээ оруулна.

Тоочилтын тухай

Шинжлэх ухааны эхэд төгссөн болон төгсөөгүй өгүүлбэртэй тоочилт олон тохиолдоно. Тоочилт гэдэг нь дугаар өгч дараалуулж бичсэн үг болон өгүүлбэрүүдийн жагсаалт юм. Төгсөөгүй өгүүлбэртэй тоочилтыг араб тоогоор дугаарлаж, жижиг үсгээр эхлэн бичнэ. Эсвэл жижиг үсгээр эхэлж хагас дугуй хаалт хэрэглэн бичиж болно.

“А” хувилбар; Тоочилт хэд хэдэн үгээс бүрдэх тохиолдолд өгүүлбэрийн үргэлжлэл болон хоорондоо таслалаар тусгаарлагддаг. Жишээ нь;

Экскаватор /ухуур машин/-ын 3 төрөл байна.

1. гинжит,

2. дугуйт,

3. алхагч,

“Б” хувилбар; Тоочилт өгүүлбэрээс бүрдэх нөхцөлд тоочигдож буй хэсгүүдийг шинэ мөрнөөс эхэлж хооронд нь цэгтэй таслалаар зааглана. Жишээ нь;

Боловсролын агуулгыг тодорхойлохдоо дараах зүйлүүдийг харгалзах хэрэгтэй. Үүнд;

1. Хувь хүний болон нийгмийн боловсролын хэрэгцээг үндэс болгох;

2. Хүний төлөвшил, үнэт зүйл, үнэлэмжийн баримжаа бий болгоход чиглүүлэх;

3. Олон хувилбарыг сонгох, тухайлбал, хүнд өөрийн хөтөлбөрөөр сурах боломжийг давхар олгох;

Хэрвээ тоочилтын гишүүд төгссөн өгүүлбэрээс бүрдэж байгаа бол догол мөрнөөс том үсгээр эхлэн бичигдэж хоорондоо цэгээр тусгаарлагдана. Жишээ нь;

Эдүгээ хөдөлгүүрийн дараах төрлүүд байна. Үүнд;

1. Цахилгаан хөдөлгүүр. Энэ нь гагцхүү цахилгааны эх үүсвэрээр ажилладаг байна. Тухайлбал, тролейбусыг нэрлэж болно.

2. Дизель хөдөлгүүр. Дизель түлшээр ажилладаг бүх төрлийн хөдөлгүүр энд хамаарна.

3. Карбюраторт хөдөлгүүр. Энэ төрлийн хөдөлгүүрүүд нь гагцхүү бензинээр ажилладаг. Энэчлэн цааш нь дурдаж болох юм.

Тодотгон туслах материал түүнийг хэлбэржүүлэх нь

Судалгааны ажлын тодотгон туслах материал гэдэгт бүх төрлийн хүснэгт, томъёо, символ ба индекс, зураг, график зэрэг орно.

Хүснэгт. Судалгааны ажилд тоон мэдээлэл их хэмжээгээр байх тохиолдолд хүснэгтийг хэрэглэдэг. Хүснэгтийг аналитик ба аналитик биш гэж ангилна. Аналитик хүснэгт нь тоон үзүүлэлтүүдэд задлал, боловсруулалт хийсний үр дүн байдаг бол аналитик биш хүснэгтээр боловсруулагдаагүй статистик үзүүлэлтүүдийг мэдээлэх, магадлах зориулалтаар тавина. Хүснэгт нь нэр ба дугаар, толгой гарчиг, дэд гарчигууд, мөрийн гарчигууд, мөр болон баганад хамаарах нүднүүдээс бүрдэнэ. Хүснэгтийн гарчиг товч, богино байх нь зохимжтой. Толгой гарчигийг том үсгээр эхлэн бичдэг.

Захирагдах гарчигуудыг хоёр янзаар бичнэ. Үндсэн гарчигтай зөв бичгийн дүрмээр холбоотой бол жижгээр, холбоогүй бол томоор эхэлж бичнэ. “Тайлбар гэсэн нэмэлт багана оруулахаас аль болохоор татгалзах хэрэгтэй. Хүснэгтийг дугаарлахдаа “¹” гэж бичихгүй. Хэрэв ганцхан хүснэгт байгаа бол дугаарлахгүй. Үргэлжлэл хүснэгтийн дээд хэсэгт “Үргэлжлэл хүснэгт 4” гэх зэргээр бичдэг. Ингэхдээ үргэлжлэл хүснэгт дээр гарчиг тавихгүй.

Томъёо, символ ба индекс. Томъёог эхэд MS Equation программ дээр бичиж оруулна. Зай хэмнэх зорилгоор богино, бие даасан утгагүй томъёонуудыг өгүүлбэр дотор нэг мөрөнд бичиж болно. Чухал, давтан дурдагдах томъёонуудыг дугаарлана. Дарааллын дугаарыг араб тоогоор тэмдэглэж, хагас дугуй хаалтанд хийх ба томъёоноос дугаар хүртэл цэг тавихгүйгээр хуудасны баруун захад томъёотой нэг мөрөнд бичнэ. Томъёоны дугаар багтахгүй бол дараагийн мөрөнд томъёоны доор бичнэ. Том биш бүлэг томъёог нэг мөрөнд бичиж нэг дугаараар дугаарлаж болно.

Нэг бүлэг томъёог нэгдсэн нэг хаалтанд хийсэн тохиолдолд томъёоны дугаарыг хаалтны голд бусад томъёоны дугааруудтай багана зэрэгцүүлэн тавьдаг. Бие даасан утгагүй, үндсэн томъёог гаргахад хэрэглэж байгаа томъёонуудыг жижиг үсгээр эсвэл одоор тэмдэглэнэ. Жишээ нь; (а), (б), (*),

Томъёонд ишлэл заалт хийхдээ томъёоны дугаар ямар хэлбэртэй байна, тэр байдлаар нь бичнэ. Жишээ; (5.1) тэгшитгэл, (3.7) томъёоноос харахад гэх мэтээр.

Томъёоны заалт нь өгүүлбэр дотор дөрвөлжин хаалт [ ]-танд бичигдэнэ. Томъёо нь өгүүлбэрийн гишүүний адил үүрэгтэй учраас цэг, таслалыг хэл зүйн дүрмийн дагуу хэрэглэнэ. Үгээр тусгаарлагдаагүй дараалсан томъёонуудыг зааглахдаа таслал (,), цэгтэй таслал (;)-ыг хэрэглэнэ. Таслалыг тухайн томъёоны ард, томъёоны дугаарын өмнө тавина. Парантез доторхи томъёонуудыг зааглах цэг, таслалыг парантез дотор тухайн томъёоны ард нь бичнэ. Матриц гэх мэт нүсэр илэрхийллүүдэд цэг, таслал хэрэглэхгүй.

Символ /тэмдэг/. Математикийн болон физикийн хэмжигдэхүүн, хэмжигдэхүүний нэгж, математик тэмдэгтүүдийг томъёолсон тэмдэглэгээг символ гэнэ. Символд монгол, латин, грек ба готик үсэгнүүд хэрэглэнэ. Янз бүрийн хэмжигдэхүүний символыг давхцуулахгүйн тулд индекс хэрэглэдэг.

Индекс. Үүнд монгол, латин, грек цагаан толгойн үсэгнүүд мөн араб болон рим тоонуудыг хэрэглэнэ. Индексийг символын баруун талын дээд болон доод буланд бичдэг. Гэхдээ баруун дээд буланд байрлах нь ховор. Учир нь энэ буланд “зэрэг”-ийг тэмдэглэдэг.

Экспликац. Энэ бол томъёонд орсон символуудын тайлбар юм. Экспликац нь дараах шаардлагыг хангасан байна.

1. Зөвхөн томъёоны ард байрлах ба таслалаар зааглагдана.

2. Таслалын дараагаар “энд” гэсэн үгээр эхлээд тайлбар хийгдэнэ.

3. Алгебрийн бутархай хэлбэрээр бичигдсэн томъёоны эхлээд хүртвэрт байгаа, дараа нь хувиарт байгаа символыг нь тайлбарлана.

4. Томъёонд байгаа /эсвэл бүлэг томъёонд/ бүх символыг тайлбарлана.

Символын ард зураас тавиад тайлбар өгнө. Тайлбарын ард таслалаар зааглан хэмжигдэхүүний нэгжийг бичнэ. Дараагийн символын тайлбарыг цэгтэй таслал (;)-аар зааглаж бичих ба хамгийн сүүлчийн тайлбарын ард цэг тавина. Жишээ нь;

G=m*g, энд G-хүндийн хүч, H; m- биеийн масс, кг; g- чөлөөт уналтын хурдатгал, м/c2;

Зураг. Ажилд нэг зураг байвал дугаарлахгүй, харин олон зураг байвал дугаарлана. Нэг зургийг давтан тавих нь зохимжгүй. Сэдэвтэй холбоотой зурганд ишлэл хийж дугуй хаалтан дотор (зур. 4), үүнчлэн “… зур. 8-аас харахад”, “зур 9-д байгаагаар …” гэх зэргээр бичнэ. Зураг болгоны доор үндсэн 4 элемент байна.

1. Зураг гэсэн үг. “Зур.”

2. Араб үсгээр тэмдэглэсэн зургийн дугаар

3. Зургийн агуулгыг товч хэлбэрээр өгүүлсэн сэдэвчилсэн нэр

4. Нарийвчилсан тайлбар

Зураг дээр байгаа бүтцийн хэсгүүдийг дугаарлаад дугаарын дагуу тайлбар хийнэ. Жишээ; Зураг 14. Пооршингийн бүтэц

1. Пооршин

2. Хийн бүслүүр

3. Тосны бүслүүр

4. Кольц

5. Түгжээ

6. Шатуун гэх мэт

Судалгааны ажилд дараах үндсэн зурагт материалууд ордог.

1. Техникийн зураг

2. Зураг /Чертеж/

3. Бүдүүвч /схем/

4. Гэрэл зураг

5. Диаграмм

6. График гэх мэт

Зураг /Чертеж/-ийг гол төлөв техникийн судалгааны ажилд хэрэглэдэг. Технийкийн эд ангийн бүтцийг нарийн гаргаж харуулахад тохиромтой юм. Зургийн задалбар дээр эд ангийн нэрийг бичдэггүй. Харин нар зөв дугаарласны дараа уг зургийн доор юмуу эх дотор тайлбар өгнө.

Бүдүүвч зураг /Схем/. Энэ нь ямар нэгэн төхөөрөмж эд зүйл, байгууламжийн бүтэц, үндсэн элементүүдийн байрлал, тэдгээрийн гол холбоог томъёолсон тэмдэглэгээ ашиглан масштаб хэрэглэхгүйгээр харуулсан зураг юм. Цахилгааны холболтууд болон дулааны шугам сүлжээний зурганд өргөн ашигладаг бөгөөд тэдгээр нь стандарт тэмдэглээнүүдтэй юм. Бүх төрлийн схемд үндсэн болон туслах шугам, харагдах болон харагдахгүй хэсгүүдийг харуулсан шугамын өргөн, зураасуудын тэмдэглэгээг нарийн баримтлахыг шаардана. Янз бүрийн нарийн хийцтэй машин, тоног төхөөрөмжийн бүтцийн кинематик бүдүүвчийг аксонометрийн проекцээр харуулна. Зарим төрлийн ажилд янз бүрийн системийн огторгуйн схемийг ердийн тэгш өнцөгтөөр, тэдгээрийн холбоог энгийн шулуунаар дүрсэлсэн байдаг. Ийм бүдүүвч зургийг блоксхем гэнэ.

Гэрэл зураг. Сүүлийн үед ургамал, амьтан, газар орны төрх байдлыг гэрэл зурганд буулгаж эхэд оруулах хандлага нэмэгдсэн. Гэрэл зураг тод томруун байх нь баримтыг илүү сайн болгодог байна. Ийм учраас аль болохоор мэргэжлийн гэрэл зурагчны буулгасан гэрэл зургийг судалгааны ажилд ашиглахыг эрмэлзэх нь зөв юм.

Техникийн зураг. Энэ нь тухайн зүйлийн гол хэсгийг ойлгоход саад болж байгаа тэр зүйлээс нь салгахад хэрэглэгдэнэ. Үүнчлэн техникийн ямар нэгэн механизм түүний эд ангиудыг зүсэлт хийж харуулж болдог давуу талтай. Энэ нь судлаачид танин мэдэх өргөн боломж олгодог юм. Техникийн чиглэлийн их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, жолооны курсуудад техникийн зургийг өргөн ашигладаг.

График. Тоон өгөгдлүүдийг харуулах үүднээс тэдгээрийн боловсруулалтын үр дүнг цэг, шулуун, геометрийн дүрс зэргийг ашиглан дүрслэх үйл явцыг график гэнэ. График нь мэдээлийг илэрхийлэх бусад хэлбэрүүдээс дараах онцлогтой юм. Үүнд;

1. Төрөл бүрийн функционал хамаарлыг нүдэнд ил дүрслэн харуулах боломжтой

2. Өгөгдлийн өөрчлөлтийн төлөв байдлуудыг таамаглах боломж олгодог

3. Зарим тохиолдолд график нь үзүүлэлтүүдийн өөрчлөлтийн алдааг засах боломж олгодог

График нь геометрийн хэлбэрээс гадна дараах туслах элементүүдийг агуулна. Үүнд;

1. Графикийн нэр

2. Томъёолсон тэмдэг ба геометр дүрсийн утгын тайлбар

3. Координатын тэнхлэг, масштаб хуваарь

4. Утгыг нарийвчилж тодруулахаар тавьсан тоон өгөгдлүүд

Графикт координатын босоо ба хэвтээ тэнхлэгийг тод зураасаар дүрсэлдэг. Тэнхлэгүүдийн төгсгөлд хэмжигдэхүүний нэгжийг томъёолсон тэмдгийн хамт тавих ба чиглэл заасан сум хийхгүй. Зарим нөхцөлд хэвтээ босоо тэнхлэгүүдийг масштабт хэмжээсүүдээр хувааж торлосон тэнхлэгийн систем хэрэглэдэг. Координатын тэнхлэгийн хуваарийн тоон утгыг графикийн гадна тавина. Ингэхдээ босоо тэнхлэгийн зүүн талд, хэвтээ тэнхлэгийн доод талд бичдэг. Координатын тэнхлэгийн хуваарьт алгебрийн бутархай хэрэглэхгүй. Графикийн хуваарьт арифметикийн болон логарифм масштабыг өргөн хэрэглэдэг.

Диаграм. Энэ бол хэмжигдэхүүнүүдийн утгыг хооронд нь харьцуулж графикаар харуулах арга юм. Диаграм нь янз бүрийн хэлбэртэй байна. Хамгийн өргөн хэрэглэгддэг нь дугуй /еэвэн хуваах/, туузан ба баганан диаграм юм. Дугуй диаграмыг хэрэглэх нөхцөлд тойргийн талбайн эзлэхүүнийг 100 хувь гэж авна. Туузан диаграм нь үзүүлэлтүүдийн харьцангуй өөрчлөлтийг дараалан байрласан тэгш өнцөгтүүдийн уртаар хэвтээ тэнхлэгийн дагуу харуулна. Харин баганан диаграм нь үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг дараалан байрласан тэгш өнцөгтүүдийн өндрөөр харуулдаг. Диаграм нь өгөгдлүүдийн өөрчлөлтийг олж мэдрэх, түүнээс дүгнэлт хийхэд судлаачид хялбар дөхөм байдлыг бий болгодог.

Гистограм. Босоо болон хэвтээ тэнхлэгтэй харьцангуй байрласан тэгш өнцөгтүүдийн талбайгаар хэмжигдэхүүний утгыг харуулна. Ингэхдээ тэгш өнцөгтүүдийн өргөн өөрчлөгддөггүй. Харин өндөр нь дүрслэн харуулж буй хэмжигдэхүүний өөрчлөлттэй шууд хамааралтай байна. Гистограмыг хэмжигдэхүүний утга шугаман биш, огцом өөрчлөлт бүхий шинж чанар агуулсныг ил тод харуулах зорилгын үүднээс хэрэглэдэг.

Пиктограм. Баганан диаграмын нэг төрөл бөгөөд хэмжигдэхүүний утгыг дүрсийн талбайгаар харуулна. Гол нөлөөлөх хүчин зүйлд анхаарал хандуулах зорилгоор хэрэглэдэг.

Номограм. Тооцоолон бодох үйлдэл хийхгүйгээр тэгшитгэлийн хариуг тодорхой нарийвчлалтайгаар олж болдог.

Ном зүйн жагсаалт хийх тухай

Судалгааны ажлын бүрдэлд зайлшгүй ордог төрлүүдийн нэг нь ном зүйн жагсаалт юм. Ном зүйн жагсаалтын дүгнэлт буюу төгсгөлийн ард хийдэг. Техникийн чиглэлтэй судалгааны ажлын жагсаалтад тухайн судлаачийн шинэ бүтээл, оновчтой саналын гэрчилгээ болон патент бусад материалыг нэгэн адил хавсаргана. Ном зүйн жагсаалтыг судлаачид янз бүрээр нэрлэх нь бий. Ном зүйн жагсааалтыг хийхэд дараах аргуудыг хэрэглэдэг.

1. Зохиогчийн нэрний ба номын нэрийн эхний үсгийн дарааллаар

2. Сэдвийн дарааллаар

3. Бүтээлийн төрлөөр

4. Агуулгын шинж чанараар

5. Эхэд ишлэл авсан дарааллаар

6. Холимог байдлаар

Үсгийн дарааллаар ном зүйн жагсаалт хийхдээ зохиогчийн нэрний ба номын нэрний эхний үсгийн дарааллаар ном зохиолыг бүлэглэн бичнэ. Ингэхдээ эхлээд эх хэл дээрх номнуудыг жагсаадаг. Дараа нь гадаад ном бүтээлүүдийг бичнэ. Жагсаалтын хийхдээ дараах зарчмыг барих нь зүйтэй. Үүнд;

1. Зохиогчдын нэрний эхний үсэг адил бол хоёр дахь үсгийн дарааллаар, энэ нь адил бол гуравдахь үсгийн дарааллаар гэх мэт

2. Нэг зохиолчийн номуудыг дараалуулахдаа номны нэрийн эхний үсгээр

3. Нэр нэгтэй зохиолчдын номуудыг ахмадаас нь залуу руу нь гэх мэт

Жагсаалтыг үйлдэхдээ өмнө нь дугаар тавина.

Сэдвийн дагуу жагсаалт хийх аргыг олон тооны эх сурвалж ашигласан үед хэрэглэнэ. Энэ нөхцөлд бүтээлүүдийг сэдвээр нь бүлэглээд тэдгээрийн нэрний эхний үсгийн дарааллаар жагсаалт үйлдэнэ. Үүнд дараах зарчмын баримтална.

1. Зохиогчийн нэрний болон номын нэрийн эхний үсгийн дарааллаар

2. Агуулгын шинж чанараар

3. Ном зохиолын төрлөөр

Жагсаалтыг үйлдэхдээ өмнө нь дугаар тавина.

Ном зохиолын төрлөөр нь жагсаалт хийх аргыг нэг төрлийн сэдэвтэй зохиолуудыг системчлэхэд хэрэглэдэг. Ингэхдээ доорх байдлаар дараалуулна.

1. Хууль

2. Яам, албан газруудаас гаргасан дүрэм, зааварчлага,

3. Лавлагааны ном бүтээлүүд гэх мэтээр

Цөөн тооны ном зохиол ашигласан үед бүтцийн шинж чанараар нь жагсаалт хийдэг. Тэдгээрийг дараалалд оруулахдаа

1. Ерөнхий ба үндсэн ном зохиолууд

2. Тодорхой сэдэв хамаарах ном зохиолууд гэх мэт

Эхэд ишлэл авсан дарааллаар нь эх сурвалжуудыг дугаарлаад ном зүйн жагсаалт хийх арга бий. Зарим тохиолдолд номын төрөл, үсгийн дарааллаар, агуулгын шинж чанараар нь, эсвэл сэдвээр нь жагсаадаг. Үүнчлэн холимог байдлаар ном зүйн жагсаалтыг хийж болно. Ном бүтээлийн төрлөөр нь жагсаалт үйлдэхдээ доорхи дарааллыг баримталж ирсэн байна[1]. Үүнд;

1. Эх сурвалжуудыг эхэнд нь жагсаана. Үүнд, Монгол улсын Үндсэн хууль болон бусад хуулиуд, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд зэрэг хууль эрхэмжийн баримт бичгүүд, их дээд сургуулиудын болон шинжлэх ухааны байгууллагуудын номын сан дахь судалгааны ажлууд, улсын архивын материалууд, монголын нууц товчоо зэрэг бусад үндсэн эхүүд хамаарна.

2. Судалгааны ном бүтээлүүд. Эрдэмтэд, судлаачдын зохиол бүтээл, хамтын бүтээлүүд орно.

3. Гадаад судалгааны ном бүтээлүүд

4. Сэтгүүлүүд /Зөвхөн эрдэм шинжилгээ, судалгааны сэтгүүлүүдийг оруулна/

5. Интернетийн вейбсайтууд байж болно.

 

1.4. Ангийн болон дипломын ажил хамгаалах

Ангийн ажлыг суралцагч шалгалт эхлэхээс өмнө хамгаалсан байх ёстой. Хамгаалалтын үед суралцагч /оюутан/ ажлынхаа агуулгыг товч илтгэнэ. Дараа нь комиссын гишүүдээс тавьсан асуултанд хариулна. Ангийн ажлыг дүгнэхдээ 2 зүйлд тулгуурладаг. Энэ нь нэгдүгээрт, хамгаалалтын дүн, хоёрдугаарт, хийсэн ажлын чанар юм.

Дипломын ажлын хувьд шаардлага хангасан ажлыг дипломын урьдчилсан болон жинхэнэ хамгаалалтанд оруулдаг. Диплом хамгаалуулах комиссыг сургуулиудад харилцан адилгүй тооны бүрэлдэхүүнтэй байгуулдаг бөгөөд ингэхдээ сондгой тоотой байдаг. Дипломын хамгаалалтанд орох суралцагчдад сургуулийн зүгээс шалгалтын болон сургалтын төлбөрийн тооцоогүй байх зэрэг хэд хэдэн шаардлага тавьдаг. Урьдчилсан хамгаалалтанд орохдоо дипломын ажлыг эцсийн хувилбараар хавтасласан байх шаардлага заавал тавигдахгүй. Учир нь урьдчилсан хамгаалалтын явцад комиссоос уг дипломын ажилд засвар өөрчлөлт хийх чиглэлээр үүрэг, зөвлөгөө өгч болно. Тэрхүү үүрэг, зөвлөгөөнийг хэрэгжүүлэх үүрэг удирдагч багш, суралцагч хоёрт оногддог. Урьдчилсан болон жинхэнэ хамгаалалтын аль алинд нь удирдагч багш нь оюутантайгаа хамт байх нь зохимжтой бөгөөд ийм шаардлага тавигддаг. Жинхэнэ хамгаалалтанд орохын өмнө дипломын ажлыг эцгийн хувиалбараар хэлбэржүүлэн хавтаслаж бэлэн болгосон дипломын ажилдаа дүгнэлт бичүүлэхээр удирдагчдаа өгнө. Удирдагч тухайн ажилд үнэлэлт санал бичихдээ доорх зүйлд анхаарлаа хандуулна. Үүнд;

1. Сэдвийн нэн чухал болохыг тодорхойлно.

2. Тавьсан зорилго, зорилтоо хэрхэн шийдсэн талаар

3. Тухайн суралцагч ажилдаа хэрхэн хандсан тухай

4. Ном зохиол, эх сурвалжтай ажилласан байдал

5. Судалгааны ажлыг бие дааж бичих чадварт хэр суралцсан талаар

6. Ажлыг бичих явцад гарсан гол үр дүн, уг ажлын шинэлэг тал, амьдралын практикт хэрэгжүүлэх боломж

7. Суралцагчийн мэргэжлийн бэлтгэлийн талаар, эдгээр болно.

Удирдагч багш суралцагчийн үнэлгээ, тодорхойлолтыг (удирдагчийн хуудас) урьдчилсан хамгаалалтын өмнө комиссын нарийн бичгийн даргад хүргүүлнэ. Бакалаврын дипломын ажилд шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн шүүмж авсан байх хэрэгтэй. Шүүмжид дараах зүйлсэд анхаарал хандуулж тэмдэглэх ёстой. Үүнд;

1. Сэдвийн чухал болох тухай санаа

2. Дипломын ажил дахь сэдвүүд болон агуулга нь учир шалтгааны холбооны үүднээс зангидагдсан эсэх

3. Эх сурвалжуудад шүүмжлэлтэй хандсан байдал

4. Ажлыг суралцагч бие дааж гүйцэтгэсэн эсэх

5. Уг ажлын онол, практикийн ач холбогдол

6. Ажилд гарсан дутагдлууд

7. Судалгааны /дипломын/ ажлын бүрдүүлэлт

8. Ажилд өгөх үнэлэлт, эдгээр юм

Оюутан хамгаалалтаас өмнө доорх материалуудыг бэлтгэсэн байна. Үүнд;

1. Бэлэн болсон дипломын ажил

2. Удирдагчийн үнэлэлт, санал

3. Шүүмж /шаардлагатай гэвэл/

4. Гарсан үр дүнг нэвтрүүлсэн тухай баримт, лавлагаа

5. Хамгаалалт дээр үзүүлэх материал

6. Судалгааны ажлын явцад нийтлүүлсэн өгүүлэл, товчлол болон судалгааны ажил бичигчээс шинжлэх ухаан, нийгмийн бусад чиглэлд гаргасан амжилтыг тодорхойлсон материалууд зэрэг юм.

Диплом хамгаалагч нь комиссоос тогтоож өгсөн хугацаанд багтааж судалгааны ажлынхаа гол үр дүнг комисст танилцуулна. Энэ хугацаа гол төлөв 5-7 минут байдаг. Танилцуулгад доорхи зүйлүүд орсон байх шаардлагатай. Үүнд;

1. Сэдвийг ямар учраас нэн чухал хэмээн үзсэн тухай

2. Судалгааныхаа судлагдахууны талаар товч өгүүлэх

3. Уг сэдвийн судлагдсан байдал, хүрсэн үр дүн, анхаарах асуудал

4. Судалгааны ажлын онол, арга зүйн үндэслэлүүдийг танилцуулах

5. Судалгааны ажлаар дэвшүүлсэн зорилго, зорилт

6. Судалж байгаа сэдэв /асуудал/-ийн хүрээнд хийсэн сорил, туршилт түүний гол үр дүн, шинэлэг тал

7. Судалгааны ажлаар тавьсан асуудлыг шийдэх талаарх зөвлөмж, санал тэдгээрийг амьдралын практикт нэвтрүүлэх боломж, эдийн засаг, нийгмийн үр ашиг гэх мэт.

Ярьж байгаа зүйлээ нотлоход чиглэсэн график, диаграм, жишиг зураг, бүдүүвч, алгоритм, хүснэгт, фото болон бусад зураг зэрэг шаардагдах зурагт материалуудыг танилцуулах нь хамгаалалтыг итгэл үнэмшилтэй, үнэн бодитой болгох сайн талтай юм.

Хамгаалуулах комиссын нарийн бичгийн дарга удирдагч багшийн тодорхойлолтыг уншиж танилцуулна. Комиссын гишүүд оюутны дипломын ажлаас болон суралцсан мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний хүрээнд асуулт тавьж хариулт авна. Хамгаалалтыг дүгнэхдээ тухайн суралцагчийн илтгэл, асуултанд хариулсан байдал, шүүмж, удирдагч багшийн тодорхойлолт зэргийг үндэслэнэ. Ажлаа амжилттай хамгаалсан суралцагчдын хамгаалалтын дүнг баталсан шийдвэр, төгсөгчдөд тодорхой мэргэжлээр бакалаврын зэрэг бүхий диплом олгох тухай тогтоол гаргана.

Суралцагч хүндэтгэх шалтгаанаар дипломын ажил хамгаалаагүй тохиолдолд сургуулийн захирал, диканы танилцуулснаар комиссын дараагийн хуралдаанд шилжүүлдэг. Шалтгаангүйгээр хамгаалалтанд ирээгүй буюу хамгаалаагүй бол дараа төлбөртэйгээр дахин хамгаалуулах тохиолдол байдаг. Гэхдээ энэ нь тухайн сургуулийн дотоор дүрмээс шалтгаална. Зарим сургуульд диплом хамгаалсан оюутан сонгосон сэдвээсээ хамаарч төгсөлтийн аль нэг шалгалтаас чөлөөлөгддөг. Энэ асуудлыг тухайн сургуулийн дотоод журам, дүрмээс зохицуулна.

1.5. Ялгах тэмдгүүдийн хэрэглэх тухай

 1. Цэг (.)-ийг хэрэглэх нь;

- Хүүрнэсэн болон хүссэн, захирсан өгүүлбэрүүдийн төгсгөлд цэг тавина. Хүний нэр, гарчиг, хаяг, бүлэг, албан байгууллага, газрын нэр, ном зохиолын нэр зэргийг том үсгээр эхлэн бичих боловч цэг тавьдаггүй.

- Үг хураахад цэг хэрэглэнэ. Жишээ; Д. Эрдэнэбат, М. Жамсран гэх мэт

- Тооны тэмдгийн ард цэг тавьж, дэс дугаар гэсэн утгыг илэрхийлнэ. Энэ нөхцөлд ард нь орсон үгийг том үсгээр эхэлж бичдэг.

2. Таслал (,) хэрэглэх нь

- Өгүүлбэр дэх үгнүүдийн утгын ялгааг гаргахад хэрэглэнэ. Жишээ; Тэр хоёр, сонин сэтгүүл уншив. Тэр, хоёр сонин сэтгүүл уншив. Тэр хоёр, сонин, сэтгүүл уншив.

- Өгүүлбэрийн хэд хэдэн зэрэгцсэн гишүүний сүүлчийнхээс бусдын дараа таслал тавина. Жишээ; Монгол улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.

- Хандсан үг, оруулсан үг, аялга үгийг өгүүлбэрийн эхэнд бичвэл төгсгөлд нь, дунд бичвэл хоёр талд нь, төгсгөлд бичвэл өмнө нь таслал тавина. Жишээ; Чиний хэлснээр, уг нь зөв байжээ.

- Нийлмэл өгүүлбэрийн доторхи энгийн өгүүлбэрийг таслалаар зааглана.

3. Цэгтэй таслал (;) хэрэглэх нь;

- Нийлмэл өгүүлбэрийн доторхи энгийн өгүүлбэр, холбоо үг, зэрэгцсэн гишүүн зэргийг утгаар нь төрөлжүүлэн ангилж зааглахад хэрэглэнэ.

- өгүүлбэрийн олон гишүүд нь тоо дугаартай боловч бүтэн агүүлбэр биш байвал эцэст нь цэгтэй таслал тавина. Жишээ; Татвар төлөгчид нь;

1. Аж ахуйн нэгжүүд нь орлогын татвараа дараа улиралын эхний сарын 5-ны дотор төлөх;

2. Татварын тайлангаа дараа улиралын эхний сарын 20-ны дотор гаргаж ирүүлэх;

- Хэлбэрийн хувьд бие даасан өгүүлбэрүүд, утгын хувьд нягт холбоотой байвал хооронд нь цэгтэй таслал тавина. Жишээ нь: тэр хүүхэд бороонд их норжээ; гал түлээсэй; хувцас нь хатахсан.

4. Таслалтай зураас (,-) хэрэглэх нь;

- өгүүлэгдэхүүнийг өгүүлбэрийн дэд гишүүнээс ялгажтаслалтай зураасыг өгүүлэгдэхүүний дараа хэрэглэнэ. Жишээ нь; жүжигчин,-хүүг дуудав.

- өгүүлэгдэхүүнийг зэрэгусэн дэд гишүүнээс ялгаж, таслалтай зураас хэрэглэнэ. Жишээ нь; Нармандах,- Эрдэнэжаргал, Даваа нартай хамт суралцана.

5. Хашилт (“) хэрэглэх нь;

- Аливаа үгийг ерөнхий утгаар биш, онцлон заасан буюу егөөдсөн утгаар хэрэглэвэл хашигтанд хийнэ.

- Ном зохиолоос ишилж авсан үгийг тэмдэглэхэд хэрэглэнэ.

- Шууд хэлсэн хөндлөнгийн үгийг тэмдэглэхэд хэрэглэнэ.

- Ном зохиол, сонин, сэтгүүл, үйлдвэр, албан байгууллагын оноосон нэрийг их төлөв хашилтанд хийдэг.

6. Хаалт ( )-ыг хэрэглэх нь;

- Хоёр дахь шугамын өгүүлэмж буюу өгүүлж буй зүүлттэй шууд холбогдолгүй, нэмэн тайлбарлаж хэлсэн зүйлд хагас дугуй хаалт хийнэ.

- Ишилж авсан зүйлийн дараа хаанаас авсныг тэмдэглэхэд хагас дугуй хаалт хийнэ.

- Тухайн өгүүлсэн зүйлийн талаарх сонсогчийн сэтгэлийн хөдөлгөөн, байдал төлөв; зохиолын баатарын үйл хөдлөл, байр байдлыг тодруулан гаргахад хагас дугуй хаалт хийнэ.

- Гадаад хэлнээс орж ирсэн, нийтэд төдийлөн ойлгомтой бус нэр томъёо, үг хэллэг зэргийг тайлбарлахад хагас дугуй хаалт хийнэ. Жишээ нь; Монголын нийгмийн улс төрийн систем /тогтолцоо/ шинэчлэгдсэн гэх мэт

- Өгүүлбэрийн доторхи нэмэлт оруулга үгэнд дөрвөлжин хаалт хэрэглэнэ.

7. Анхаарлын тэмдэг (!) хэрэглэх нь;

- Сэтгэлийн хөдөлгөөн илэрсэн хандсан үгэнд хэрэглэнэ.

- Сэтгэл ихэд хөдлөн хэлсэн үгийн төгсгөлд хэрэглэнэ.

- Гайхаж бахадсан, шоолж шоглосон, жигтэй хачин байдал зэргийг илтгэхэд хэрэглэх бөгөөд ийм үед анхаарлын тэмдгийг тухайн үг, хэллэг, өгүүлбэр зэргийн дараа хаалтан дотор тавина.

- Анхааруулах санааг улам хүчтэй болгох зорилгоор хос юмуу гурван анхаарлын тэмдэг хэрэглэх нь бий.

8. Асуултын тэмдэг (?) хэрэглэх нь;

- Асуусан утгатай өгүүлбэрийн төгсгөлд хэрэглэнэ.

- Эргэлзсэн, үл итгэсэн болон ойлгомжгүйг илтгэхэд хэрэглэнэ. Энэ санааг хүчтэй болгохын тулд асуултын тэмдгийг хосоор нь хэрэглэх, эсвэл анхаарлын тэмдэгтэй хамт хэрэглэх зэрэг арга бий.

9. Цуваа цэг (…)-ийг хэрэглэх нь

- Өгүүлбэр төгсөөгүй буюу өгүүлбэрийн дунд хэлээгүй орхисон үгийн оронд хэрэглэнэ.

- Өгүүлбэр төгссөн боловч санаагаа бүрэн гаргалгүй орхисныг илтгэхэд хэрэглэнэ.

- Ээрч түгдрэх, мэгдэж сандрах зэрэг сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэхэд хэрэглэнэ.

- Ишилж авсан зүйлийн эхэнд, дунд, адагт орхин хураангуйлсан санааг илтгэхэд хэрэглэнэ.

10. Давхар цэг (:)-ийг хэрэглэх нь;

- Тоочин өгүүлэх зүйлийн өмнө хэрэглэнэ. Жишээ нь: Өвчтөний биеийн байдал: Царай нь цанхийн цайж, ихэд турсан байв.

- Хэн нэгний хэлсэн үг, бодсон бодол, санасан санаа тэргүүтнийг илтгэхэд тэрхүү үгийн өмнө хэрэглэнэ.

11. Зураас (-)-ыг хэрэглэх нь;

- Үгийг үеэр таслан шилжүүлэхэд

- Тооны нэрээр төдөөс төд хүртэл гэж тоо хэмжээ, цаг тоолол, зай хэмжээг илэрхийлэхэд хоёр тооны хооронд зураас тавина.

- Товчилсон үг, тусгай тэмдгээр тэмдэглэсэн үгийн дараа тийн ялгалын нөхцөл орвол уул нөхцлийн өмнө зураас тавина.

- Хэн нэгний яриа, хөндлөнгийн үг зэргийг хашилтгүйгээр тэмдэглэхэд хэрэглэнэ.

- Тэнцүү эрхтэй хоёр гишүүн, хоёр хэллэг зэргийг зааглан тэмдэглэхэд хэрэглэнэ. Жишээ нь; Бидний санаа – Нэгэн зүгт гэх мэт

12. Догол мөрийг хэрэглэх нь;

- Бичиг зохиолд ерөнхий утга санаагаараа хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн өгүүлбэр нийлж нэг хэсэг болох бөгөөд ийм хэсгүүдийг нэг нэгнээс нь ялгахын тулд догол мөрнөөс эхлэн бичдэг. Догол мөр нь хураангуйлан дүгнэсэн утга агуулга бүхий нэг өгүүлбэрээр ч байж болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх