Сэтгүүлчийн 3-р курсын оюутан Я.Мөнхтуяагийн ”МУГЖ М.Бадамгаравын 100 жилийн ой”-д зориулсан хөрөг найруулал

2019 оны 09-р сарын 25 өдөр, 04 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Image result for М.Бадамгарав

МУГЖ М.Бадамгаравын 100 жилийн ойд зориулсан хөрөг найруулал

Мөнх хөх тэнгэрээ багнадсан сүрлэг уулсын нэг үүлэн нэвт оройтой одон дунд зулайт Отгонтэнгэр Очирваань хайрханыхаа өвөрт мэндэлсэн тэрээр өдгөө тайз дэлгэцийн урлагийн тэнгэрт зуун зуунаар мөнхрөх од болон гялалзсан МУГЖ Мятавын Бадамгарав  билээ. Түүнийг танихгүй мэдэхгүй хүн тун ч ховор яагаав нөгөө Аман хуур киноны Дарь авгай гэхэд л бүгд мэднэ. Балчир наснаасаа л сумынхаа клубт сайн дурын уран сайханч хийж байсан нь түүний кино урлагт хөл тавих эхлэл нь болсон биз. Үйлсийн сайхан Улаанбаатар хотноо сувилагч болно гэж ирсэн ч  хүсэл мөрөөдлийнхөө дуудлагаар Бөмбөгөр ногоон театрт дагалдан жүжигчнээр орсноор кино урлаг гэх захгүй далайд хөл тавьжээ. Дуу хуурын өлгий Дундговь аймгийн Халхын Дуулалт Жүжгийн  театр 1942 онд Урлагийн хорооны томилолтоор ажиллаж олон сайхан жүжгүүдийг найруулан бүтээж үзэгч олондоо хүргэж удалгүй Монгол улсын төв театрынхаа алтан босгийг алхан оржээ. Энэ л цагаас театр гэх бурхад цугласан өргөөний нэгэн шигтгээ болон гялалзсан билээ.   Завхан гол шигээ ухаалаг зөөлөн харц аядуу зөөлөн хоолойгоороо олон сайхан кино дүрүүдийг бүтээсэн нь хожимоо бидний шимтэн үздэх дуртай кинонууд байдаг.  Сүхбаатар киноны нүүдэлчин айлын охин Долгор гэх эмэгтэйн  дүрд тоглосноор Монголын урлагт дахин давтагдахгүй гайхамшигт дүрүүдээ мөнхлөх зам нь нээгджээ. Үүнээс хойш 30 гаруй уран сайхны киноны гол болон туслах дүрүүдэд тоглосон байдаг. Дурьдвал 1959 онд “Ардын элч” 1961 онд “Улаанбаатарт байгаа миний аавд” 1962 онд “Толбот хивс” 1963 онд Аман хуур 1966 онд “Нөмрөг хадны цуурай” 1968 онд “Өглөө” 1980 онд “Өнөр бүл” зэрэг олон сайхан дүрүүдийн эзэн юм. Бүтээсэн дүр болгон нь бидэнд сэтгэлийн их баяр баясал бэлэглэж, амьдралын их харгуйд хөтөлнө. “Эх бүрдийн домог” МУСК Нарангарвуу дүрд МУГЖ Н.Батцэцэг багшийг өөрөө сонгон тоглуулсан гэдэг. Ямар гярхай ажигч хүн болохыг үүнээс харагдана. Монголын кино урлагийн тогооноос олон олон чадварлаг  шавь төрүүлэн гарсан нь хожимоо багшийнхаа нэр алдарыг өндөрт өргөж явна. А.Очирбат гуай “Авъяас гэдэг төрдөг юм. Хэзээч зааж өгч, авч болдоггүй зүйл бол ганцхан авъяас байдаг” хэмээсэн байдаг. Монгол кино үйлдвэрт жүжигчин найруулагчийн ажлыг дагнан хийж байснаас гадна орчуулгийн 200 гаруй кинонд дуу оруулсан байдаг. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж 1956 онд МУГЖ цол олгожээ. Үзэх тоолонд ухаарал, үнэмшил хайрлаж аугаа авъяасынхаа сүлдэнд бишрүүлсэн Бадамгарав гуайн дүрүүд монголын театр, кино урлагт од мэт гэрэлтсээр байх болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд WWW.KUDS.MN хариуцлага хүлээхгүй болно. WWW.KUDS.MN сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх